Цаст уулсын цоохор хаан

Цаст уулсын цоохор хаан

Дэлхийд хамгийн өндөрт амьдардаг араатан бол ирвэс. Иймээс ч түүнийг цаст уулсын хаан гэдэг. Уул, хадтай газар түүнтэй эн тэнцүү өрсөлдөх биологийн дайсан нэг ч үгүй. 30 гаруй жил ирвэсийг дагнан судалсаар ирсэн Г.Амарсанаа энэ содон амьтны тухай ийн ярьж байна.

-Хаа байсан сая гаруй жилийн тэртээ, хүн үүсэхээс хавьгүй эрт энэ сайхан амьтан хорвоо дэлхийн уул хадаар ан хийгээд амьдарч байсан нь нотлогдсон. Үнэхээр сонирхолтой араатан. Чоно сүргээрээ амьдардаг бол, ирвэс бүлээрээ амьдардаг. Ирвэсний биеийн уртын гуравны хоёр нь сүүл. Ийм урт сүүлтэй махчин амьтан хорвоо дээр өөр үгүй.

Урт сүүл нь үсрэхэд биеийг нь залах үүрэгтэйгээс гадна унтахад нь дулаан хөнжил болж өгдөг юм. Чонын хоншоор хар байдаг даа. Тэгвэл ирвэснийх ягаан өнгөтэй. Сарьсан хоншоороо дулаахан сүүлэндээ наагаад унтахад ирвэс ямар ч хүйтнээс ажирдаггүй.

Урт сүүлнийхээ шидээр 14 метр хол үсэрч чаддаг. Ийм уртад харайдаг амьтан өөр байхгүй дээ. Ингэж хол үсрэхэд нь бага талбайд лав тулгуур авахад ердөө дөрвөн хумстай нарийхан хойд хөл нь гойд зохицсон. Харин урд сарвуу нь лагс, тавын таван хумстай байдаг.

Хумс нь бас их сонин. Ховилтой гэж байгаа. Тэр ховилд идээ бээр үүсгэдэг бактери агуулагддаг тул аргаль ч юм уу ямар нэг амьтныг нэг л самардсан бол гүйцээ. Биед нь хор гүйж, эсэргүүцэх чадваргүй болчихдог.

Ирвэсний хэл ч бас содон бүтэцтэй. Чоно барьсан ангаа хурц шүдээрээ юу ч үгүй тасдчин иддэг бол ирвэс хэлээрээ долоогоод л байдаг. Энэ нь бас учиртай. Салат хийхэд лууван гээд хүнсний ногоог жижиглэдэг үрэгч байдаг даа. Тэгвэл ирвэсний хэл тэр чигтээ үрэгч л гэсэн үг. Хэл нь хурц гурвалжин үзүүртэй, дотроо хөндий савнуудтай хэдэн зуун иртэй байдаг.

Иймээс ч манай уулархаг нутгийн ард иргэд ирвэсийг таван амтай, нэг мунатай гэдэг. Муна гэж өнөөх лут урт сүүлийг нь хэлж байгаа хэрэг. Ирвэсний сүүл түүний чухал зэвсгийн нэг яах аргагүй мөн. Сүүлээрээ нэг хүчтэй шарвахад хүн ер нь үхнэ шүү.

Хачирхалтай нь ирвэс мий овгийн “хамаатан” араатнуудынхаа адил архирч чаддаггүй. Түүний хоолойд архиралтыг үүсгэдэг морфологийн чухал эрхтэн байддаггүйгээс тэр.

Өндөр уул, хад асганд өвсөн тэжээлтэй хамгийн том амьтан юу билээ. Мэдээж аргаль. Ирвэсний гол ан, үндсэн тэжээл бол аргаль. Гэхдээ арга ядсан үедээ тарвага, зурам агнахаас сийхгүй.

Ирвэс ихэвчлэн нар мандах юм уу, жаргах үеэр анд гардаг. Ан хийхдээ ирвэс нуугдан далдлалт хийхдээ гаргуун. Аргалийг 20-30 метр зайд дөхөж ирэнгүүт нуувчнаасаа гэнэт цойлон гарч ирээд зургаа, долоон метр хол харайн түвэггүй гүйцэж очоод самардан унагаадаг юм. Тэгээд хүзүүг нь мушгина, эсвэл хоолойноос нь хазан боодог.

Аргаль хад, асгаар цойлон чононоос төвөггүй зугтаж чаддаг тул энэ амьтны цорын ганц “санитар эмч” бол ирвэс юм. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, чухам ирвэс л өвчинд идэгдсэн, цус ойртсон, сул дорой аргалийн устгалыг гүйцэтгэдэг.

Ирвэс маш хүчтэй. Хар загалт тэхийг туулайн бүжин юм шиг л хээвнэг эгц ханан хадаар чирээд гардаг. Гэтэл тэр чинь 50-60 кг жинтэй амьтан шүү дээ. Ер нь ирвэс өөрөөс хэд дахин том амьтныг ч барих чадалтай. Балбад хоёр ирвэс баавгай барьсан тохиолдол гарсан нь үүний нотолгоо.

Чоно жил бүр, харин ирвэс хоёр жилд нэг удаа л төллөдөг. Гэхдээ төл нь үхчихвэл тэр жилдээ дахин ороо ордог онцлогтой. Төллөлтийн давтамж хол байдаг нь мэдээж шалтгаантай л даа. Цас мөс, хад асга дунд хүйтэн цаг агаарын нөхцөлд зулзагаа сургахад урт хугацаа шаардагддаг байна. Хэрэв чоно жил тойроод л бие гүйцдэг бол ирвэс гурван жил болж байж сая нэг насанд хүрдэг гэх үү дээ.

Эм ирвэс 60 хоног хээлтэж хавар 2-12 зулзага гаргадаг. Манайд ирвэс нэг төллөхдөө үсрээд л гурван зулзага гаргах болж. Хоол, тэжээл хомсдсоны шинж л дээ энэ бол. Дээр би ирвэс бүлээрээ амьдардаг гэсэн. Ирвэсний нэг бүлд 5-6 бие гүйцсэн ирвэс байдаг. Гурваас дөрвөн эр, хоёр эм.

Ирвэсний зулзаганууд хад хясаанаас ялгагдахааргүй шигүү хар хөх цоохор толботой төрдөг. Бөхчүүдийн бие задардаг шиг ирвэсний бие гүйцэхэд толбонуудын хоорондын зай холдон арьсных нь үндсэн шар өнгө тодорч эхэлдэг. Тэгэхээр ирвэсний насыг өнгөөр нь тогтоож болдог юм.

Хүнээр бол эм ирвэс гурван нөхөртэй байдаг. Хээлтэй үедээ бүлийнхээ аль ч эр ирвэсийн барьсан анг очоод идчихдэг. Харин эр ирвэсүүд нэг нэгэндээ өөрийн ангаасаа хуваалцана гэж байхгүй.

Ирвэс өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэрээ өвөрмөцөөр тэмдэглэдэг. Энэ амьтан хойд хоёр хөлөөрөө газар ухан бумбан овоо босгоод дээр нь шүүрлээ цацдаг. Шүүрэл нь үнэртэй ус шиг л хэд хоногийн дараа үнэр нь арилдаг. Шүүрэл цацсан газар өөр ирвэс ан хийж зүрхэлдэггүй.

1987 онд ШУА-ийн манай лабораторид цахилгаан микроскоп ирсэн юм. Түүгээр би шүүрлийг судлан ирвэсний шулуун гэдэсний төгсгөлд нь шүүрэл ялгаруулдаг өвөрмөц хос булчирхай байдаг гэсэн дүгнэлтэд хүрээд эрдэм шинжилгээний өгүүллэг бичин хэвлүүлж билээ. Хожим миний тэр нээлт олон улсад ч батлагдсан юм.

Бумбаагийн байршлаар ирвэсний тоо толгойг тогтоох нь хамгийн хялбар байдаг нь ч нотлогдсон доо. Одоо манай оронд Говийн Алтай, Монгол Алтайн нутгаар, 10 аймагт тархсан. Монгол Улс нийтдээ мянга орчим ирвэстэй. Энэ бол бага тоо биш. Дэлхийд өдгөө Төв Ази, Дундад Азийн 12 оронд 3500-7500 ирвэс бий гэсэн бүдүүн тоймын тоо л байдаг юм.

Сүүлийн үед ирвэс мал барих тохиолдол цөөнгүй гарах болжээ. Монголд зэрлэг амьтдын тоо урьд өмнө үзэгдээгүйгээр цөөрсөнтэй холбоотой л доо. Энэ асуудлыг  салбарын яам нь судлан ажиллаж байгаа. Удахгүй малчдад ч, ирвэсний тоо толгойд ч эерэг нөлөөлөх шийдвэр гарах биз ээ.

Өөрийг нь хүн харж байгааг мэдэхээрээ ирвэс их инээдтэй. Биеэ цэх болгоод хүнийг үл тоомсорлож буй дүр эсгээд нэг их пээдгэр алхалдаг юм. Газар нутгийнхаа эзэн гэдгээ тэгж харуулж байгаа хэрэг. Тэгээд өөрт нь харагдахгүй болчихоор гялс бултдаг гэж байгаа. Ер нь аливаа амьтанд сэтгэхүй л байдаггүй болохоос яг л хүн шиг ухаантай юм шүү дээ. Өөрийг нь хүн харж байгааг мэдэхээрээ ирвэс их инээдтэй. Биеэ цэх болгоод хүнийг үл тоомсорлож буй дүр эсгээд нэг их пээдгэр алхалдаг юм. Газар нутгийнхаа эзэн гэдгээ тэгж харуулж байгаа хэрэг. Тэгээд өөрт нь харагдахгүй болчихоор гялс бултдаг гэж байгаа. Ер нь аливаа амьтанд сэтгэхүй л байдаггүй болохоос яг л хүн шиг ухаантай юм шүү дээ.

Б.Барс /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих