Эрх баригч хүчинтэй хамтарсан нь зөв зүйл биш байсан

Намын хурлаас болж чуулган хуралдахаа болино гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Ингэж хариуцлагагүй хандаж байж тэд өөрчлөлт энэ тэр ярьж болохгүй биз дээ.

Улсын хурлын гишүүн Л.Гүндалайтай ярилцлаа.

Хамтарсан Засгийн газрын асууд­­­лын талаар яриагаа эхэлье. Төр засгийн ажил хэр явж байна?

-Хаа сайгүй хариуцлага байхгүй бол­­лоо. Сөрөг хүчин гэх зүйл байх­­­гүй боллоо. Ажил хийдэг хүн байх­­гүй болов. Төрийг удирдах дээд байгууллага нь ажил хийхгүй бай­­­на. Яам нь ч ажил хийхгүй бай­на. Нийгэм, эдийн засгийн хөг­жил хоцрогдмол байдалд орлоо. Нийг­мийн хөгжлөөс түрүүлэх нь битгий хэл хөл нийлүүлж алхаж чадахгүй нь. Хурд хүч саарч, бүх зүйл ун­таа байдалд орлоо. Бидний нүдэн дээр УИХ ажлаа хийхгүй байна. Иргэ­дийн амьдрал ахуй хүнд байна. Ард түмний ажилгүйдэл, ядуурал хэ­рээс хэтэрсэн. Эрүүл мэндээрээ Монголчууд хохирч дуусаж байна. Гэтэл тухайн асуудлыг нь хэлэлцэж бай­хад хариуцсан сайд нь, дүгнэлт гаргасан байнгын хорооны дарга нь ч хуралдаа суухгүй байна.

-Хамтарсан Засгийн газраас болж хариуцлага алдагдсан гэсэн үг үү. Хариу­цлагагүй байдлын буруутан нь хэн болж таарах вэ?

-МАХН-ын Их хурал пүрэв, баа­­­сан гаригт болохоор болсон. Гэ­тэл УИХ-ын нэгдсэн чуулганы хурал­даан энэ өдрүүдэд хуралддаг. Одоо хуралдахаа больж байна. Намын хурлаас болж чуулган хуралдахаа болино гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Ингэж хариуцлагагүй хандаж байж  тэд өөрчлөлт энэ тэр ярьж болохгүй биз дээ. Хуралдах дуртай юм бол бямба, ням гаригт хуралдана биз. Яагаад Монголын төр засаг ийнхүү ажлаа хийхээ больчихсон байдаг юм бэ. Энэ арай ч хэтэрч байна.

-Ардчилсан нам хамтарсан Зас­гийн газарт байгаа талаар, энэ хамт­ралаас  гарах хэрэгтэй тухай яриа сүүлийн үед хаа саагүй явах бол­лоо?

-Хамтарсан Засгийн газарт байж бай­гаа нь улс орны хөгжилтэй хол­боо­той асуудал. Хамтарсан Засгийн газраас гарах асуудал нь ирэх сон­гуульд оролцохтой холбоотой асуу­дал.  Өөрөөр хэлбэл хамтарсан Зас­гийн газраас гарах асуудал нь намын асуу­дал, хамтарсан Засгийн газарт байх асуудал нь эх орны асуудал юм.

-Анх ер нь Засгийн газарт орох шаардлага байсан уу. Тэр үед гаргасан шийдвэрийг эргэн хара­хад ямар санагдаж байна?

-Олуулаа нийлээд л оръё гээ биз дээ. Албан тушаалын бялуу амсац­гаая гээд л орцгоосон. Одоо яах вэ дээ. Тийм шийдвэрийг нэгэнт гаргаад орчихсон юм чинь одоо гаръя гээд байх нь бүр муухай юм бол­но. Анхнаасаа орохгүй байсан бол бас өөр хэрэг. Ер нь таван хү­ний амь насыг хороон, олон хү­нийг хэлмэгдүүлсэн, сонгуулийг будлиантуулж гарч ирсэн эрх баригч хүчин­тэй нэг хөнжилд орсныг одоо эргээд харахад  зөв зүйл биш бай­сан гэж бодож байна. Ардчилсан нам үндсэн үүрэг хариуцлагаасаа ухар­сан зүйл. Одоо тэр талаар, хариу­цлагийн тухай ярьж хэлж байгаа хүн алга.

-Сөрөг хүчин байхгүй болсон гэлээ. Үнэхээр Парламентын 20-н жилийн ойн хуралдаан дээр ерөн­хий­лөгчийн хэлсэн үг сөрөг хүч­ний орон зай байхгүй болсныг илэр­хийлэх шиг боллоо. Түүний ү­гийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Ерөнхийлөгч маш сайн үг хэл­сэн. Энэ бол Монголын ард түмний дундаас сонгогдсон ерөнхийлөгчийн амнаас гарах ёстой. Нийгэмд дутаг­даж, үгүйлэгдэж буй үгийг хэл­сэн. Энэ шударга бус байдал, хуй­валдаан, харанхуй нийгэмд цочроо өгөх, гэрэл гаргах үгийг хэлсэн. Ерөн­хийлөгчийн үгэнд дургүйцэн, өсөр­хөж буй хүмүүс олигархууд, шу­дар­га бус нөхдүүд байх. Харин ард түмэн, сэхээтнүүд эерэгээр хү­лээн авсан байх.

-Дургүйцэж буй хүмүүсийн дунд танай намынхнаас байх шиг бай­на уу?

-Би хүн болгоныг хэрхэн хүлээн авсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ дүргүйцсэн хүмүүс байсан байх шүү. Хамтарсан Засгийн газрыг ажил хийхгүй байгаа хэмээн шүүм­жилсэн. Сөрөг хүчин байхгүй байна хэмээн шүүмжилсэн нь манай Ард­­чил­сан намыг ч мөн давхар шүүм­жилж байгаа хэрэг.

-Ардчилсан намын удирдлагын явуулж буй бодлогыг шүүмжилж, залуу гишүүдийн гарч ирэх цаг болсон гэж байгаа. Залуучуудын намын бодлогыг авч явах цаг нь болсон уу?

-Би Ардчилсан намын ахмад турш­лагатай гишүүдтэй хамтран ажил­лаж байсан хүн. Халаа байх ёстой гэж үздэг. Ардчилсан намд ард олонд үнэлэгдэн хүндлэгддэг хүмүүс олон бий. Ардчилсан намын оюуны түүчээ болсон Баабар, Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, Цэнддоо, Элбэгдорж  гээд олон хүн бий. Би өө­рийгөө ч үүнд оруулж боддог. Би Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, ард түмэнд үнэлэгдэх зүйл хийж байсан хүн. Цаашид ч хийх болно. Ардчилсан намынхнаас ийм олон үнэ цэнэтэй хүнийг хэлж болно. Тэд одоо ч тэтгэвэрт гарчхаагүй байна.

-Намынхаа даргын үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгөх вэ?

-Ардчилсан намын даргыг бололцооны хэмжээнд ажлаа хийж байна гэж үзэж байна. Мэдээж үйл ажиллагаанд нь дутагдаж буй чанар байгаа. Гэхдээ 100 хувь дутагдалгүй хүн гэж байдаггүй. Хүнийг яаж ч харж болно ш дээ. Аяганы дундуур усыг зарим нь тал нь хоосон байна гэж харж байхад зарим нь тал нь дүүрэн юм гэж хардаг. Би Алтанхуяг даргад олон сайн зан чанар байдгийг мэднэ. Хүмүүсийг эвлэрүүлэх чадвартай, туршлагатай хүн. Хийсэн сайн зүйлээс нь хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялал­тад хүргэсэн.

-Дутагдаж буй чанар байгаа гэлээ. Энэ чанар нь түүнийг сууд­­лаа өгөх үндэслэл болох болом­ж­той юу?

-Би байхгүй гэж бодож байна. Халаа­гаа өгөх хэмжээний тийм том алдаа гаргаагүй байлгүй дээ. Тэгээд ч дахиад хоёр жилийн хугацаа бий. Энэ хугацаанд тодорхой, үр дүнтэй ажлууд зохион байгуулна гэдгийг нь хүлээж байна.

-Ардчилсан нам энэ байд­лаа­раа байсаар 2012 оны сонгуульд оролцвол ялалт байгуулж чадах­гүй хэмээн намын гишүүд нь  хүртэл дүгнэж, байр сууриа илэр­хийлэх болов. Ирэх сонгуульд яла­хын тулд яах ёстой болж байна?

-Албан ёсны судалгааг түших хэрэгтэй л дээ. Монголд гайгүй су­дал­­гаа гаргачихдаг Сант Маралын судал­­гаанаас харахад Ардчилсан намын нэр хүнд сайнгүй л харагдаж бай­сан. Нэр хүнд нь буурсан энэ байд­лыг өөрчлөх шийдвэрийг Үн­дэс­ний Зөвлөлдөх хорооны хурал­­даанаар гаргах хэрэгтэй. Үйл ажил­лагаандаа дүгнэлт хийх цаг болсон.

-Үндэсний Зөвлөлдөх хорооны хуралдаан удахгүй болно. Энэ хурал­даанаас Ардчилсан намын нэр хүндийг өсгөх, асуудлыг шийд­­­вэрлэх боломж бий болох хүлээлт байгаа юу?

-Манай Үндэсний Зөвлөлдөх хороо чинь франц, бүлэглэлүүдийн ху­вааг­­дал юм ш дээ. Тэгэхээр бүлэг­­лэлүүдийн дарга нар нь ямар бодол­той байгааг нь сайн мэдэхгүй байгаа болохоор хэлж чадахгүй нь. Бүлэглэлийн дарга нар нь шийд­вэрээ гаргаад явах байх.

-Хоёр намын хамтраад, таны хэлд­гээр “өвөртөө орж үнсэлцээд” явж байгаа нь гуравдагч хүчинд боломж олгох юм биш үү. Хэрэв хамтрал тодорхой сайн үр дүнд хүрвэл нэгнийхээ дээр гишгээд нэг л дээшээ гарна. Амжилтгүйтвэл хоёу­лангийнх нь нэр хүнд унах байх. Энэ нь аль ч тохиолдолд гурав­­дагч хүчинд ашигтай мэт санаг­дах юм?

-Гурав­дагч хүчин гэж мэдрүүлээд буй зүйл одоо алга байна.

-Иргэний зориг нам, Ногоон намынхан нэгдээд ирэх сонгуульд мэдрүүлэх гээд байгаа юм биш үү?

-Гуравдагч хүчин гарахаар бол үйл ажиллагаагаа идэвхжүүлж аж­лаа сайн хийх хэрэгтэй. Гуравдагч хүч­ний орон зай гээд том орон зай уг нь байгаад байх шиг байгаа юм. Гэвч түүнийг эзэлж чадахгүй бай­на. Эзлэхийн тулд тодорхой үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Гурав­дагч хүчинд боловсон хүчин хэрэгтэй. Мөнгө төгрөгтэй спон­сорууд хэрэгтэй. Гэтэл тэдэнд энэ тал дээр дутагдалтай байна. Мөн хүн хүчний нөөц шаардлагатай. Манай нийгэм чинь одоо Ардчилсан нам, Хувьсгалт нам гээд л хуваагдчихсан байгаа. Гуравдагч хүчин хэмээн их хуралд ганц нэг төлөөлөл гарахаас биш том сонгуульд тэднийг төлөө­лөх хүн цөөхөн байдаг.

Бас л таны үгнээс өлгөх нь. Гу­рав­­дагч хүчний том орон зай бай­г­аа гэлээ. Энэ нь Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ хангалттай бие­лүү­лэхгүй байгааг хэлж байгаа юм биш үү?

Ардчилсан нам Засгийн газарт хамтраад орчихсон учраас сөрөг хүч­ний байр сууринаас хандаж чадах­гүй байна. Ардчилсан нам хам­тар­сан засгийн газарт байсан ч олон зүйл дээр сөрөг хүчний байр суури­наас хандах ёстой.

-Та өөрөө хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан гишүүн. Тухайн үеийн Засгийн газар, одоо­гийн Засгийн газрын хоорондын ял­гаа хэр байна. Мөн сөрөг хүч­ний ялгаа?

-Би хамтарсан Засгийн га­зарт байж байгаад улс төрийн шалт­гаанаар хөөгдөж гарсан ганц л сайд. Монголын түүхэнд анх удаа Ерөнхий сайд нь өөрөө Засгийн газраа огц­руулъя гэсэн. Би хамтарсан засгийн газартаа өөрийнхөө хэлэх үгийг, шүүмжлэлийг байнга л хэлдэг байсан. Айж, аяыг нь даган дуулж яваагүй.

-Ардчилсан нам тодорхой шийд­­вэр гаргахгүй бол байдал хэ­вээр л байх нь дээ?

-Сөрөг хүчинд хийгээд байх зүйл бараг байхгүй байна даа. Хувьсгалт нам л үүрэг хариуцлагаа хүлээж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ард түмний амьдралыг сайжруулахын төлөө ажиллах нь. Бид нар тэднийг буруу зүйл хийвэл шүүмжилж, чиглүүлж, сайн зүйл хийвэл дэмжих ёстой. Засгийн газар нь хувьсгалт намынх байна. Тэд юу оруулж ирнэ. Бид нар нь түүнийг баталж өгөөд явуулах болж байна. Ялсан улс төрийн хүчин хүчин засгийн газраа байгуулж мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажиллана. Өөр зүйл байхгүй.

Ярилцсанд баярлалаа.
Б.ЭНХМАНДАХ


URL: