УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан нь үнэн гэнэ

​УИХ-ын гишүүн Н.Номтой­баяр бааранд танхайрч, бусдад хутга тулгаж, биед нь гэмтэл учруулсан хэрэг гарлаа.

Энэ сарын 25-ны шөнийн 00:00 цагийн үед 990784… дугаарын утаснаас Сүх­баатар дүүргийн Цагдаа­гийн хэлтэст “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр миний хэв­лийд хутгаар хатгаж, тан­хайраад байна” хэмээн Б.Баттулга гэж нэрээ хэлсэн хүн дуудлага өгсөн бай­на.

Дуудлагын дагуу цагдаагийнхан Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Засгийн газрын 11-11 төвийн хойно байрлах “Le Triskell” нэртэй франц хоолны ресторанд очсон байна. Хэргийн талаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн рапор­тонд бичүүлээгүй тул үүнээс өөр мэдээллийг цаг­даа­гийнхан өгсөнгүй.

Хэргийг тус дүүргийн Цагдаа­гийн хэлтсийн мөрдөн байцаагч н.Мандах шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Харин цагдаад дуудлага өгсөн гэх дээрх утас руу залгахад “Би тийм дуудлага өгөөгүй. Гэртээ байсан” хэмээн утсаа таслав. Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогч Б-ийн гарыг зүссэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181,3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэлээ. Тодруулбал, гудамж талбай, олон нийтийн газар танхайрсан гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Хүн рүү хутга барьж дайраагүй гэсэн тайлбарыг өгч байна. Тэрбээр өчигдөр хэд хэдэн сайтад “Би хүн рүү хутга барьж дайраагүй. Харин н.Нямдорж гэдэг залуу хутга барьж дайрсан. “Центрпоинт”-ын хэргээр хоригдож байгаад гарсан хүн гэсэн. “Шинэ дэлхий” телевизийн захирал найз маань дундуур орж салгасан. Дараа нь тэд баарнаас гарсан. Тухайн үед манай найзыг н.Нямдорж хоёр ч удаа дэлссэн гэнэ билээ. Цагдаагийн байгууллагаас дуудсан юм алга. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэл­тэст юу болж байгааг мэдэх юм алга” гэсэн тайлбар өгөв. Харин өөр нэгэн сэтгүүлчид “Өчиг­дөр        /уржигдар/ шөнийн 23:00 цагийн үед Төрийн ордны хойно байрлах нэгэн ресторанд “Шинэ дэлхий” телевизийн захиралтай ажил хэр­гийн уулзалт хийгээд сууж байхад н.Нямдорж гэдэг залуу орж ирсэн. Ингээд “Шинэ дэлхий” телевизийн захирал залууг үг хэлээр өдөж, улмаар зодох гэж дайрахад нь би өмөөрсөн. Гэтэл тэр хүн над руу хутга барьж дайрсан” гэсэн байна.

УИХ-ын гишүүн, төрийн түшээ, тэгээд бас эр хүн гэхэд Н.Номтойбаяр н.Нямдорж гэх залууг өмнө нь Өмнөд Солонгост хүн хутгалчихаад наашаа зугтааж ирсэн” гэхчилэн олон нийтэд дэлгэж хуншгүй загнав. Тэрбээр “Би тэр хүнийг сайн мэдэх ч үгүй, таних ч үгүй. Ямартай ч эрүүгийн ертөнцөд нэлээд зард гарсан “Монлоо” хочит Нямдорж гэдэг хүн байсныг мэдэж авсан. Хэвлэлийнхэн сайн мэднэ дээ. “Центрпоинт”-ын хэрэг гэх дуулиант хэргийн үед энэ хүн бусдыг хутгалсан гэдэг шүү дээ. Зарим хүнээс сонсоход “Монлоо” хочит Нямдоржийг Өм­нөд Солонгост байхдаа Пан Азийн аварга боксчин Д.Лхагвааг хутга­лаад наашаа зугтааж ирсэн гэх юм билээ” хэмээн ховлолоо.  Харин энэ талаар өөрөөс нь тодруулахаар залгавал “News.mn” дээр бичсэн худлаа шүү. Тэр Нямдорж гэдэг чинь энд тэнд залилан хийсэн нөхөр байдаг юм. Тэр л манай найзыг зодчихоод зугтаасан байна лээ” гэв. Ийм гурван янзын тайлбарыг тэрбээр өгч байна. Аль нь үнэн, аль нь худлыг хууль, цагдаагийнхан тогтоох биз.

Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоных нь дараа­хан түүний бие хамгаалагчаар ажиллаж байсан н.Батзориг гэгч залуу “МАК” компани 600 сая төгрөгийн авлига өгсөн, хүн зодож танхайрсан гэхчлэн зураг үзүүлэн ярьсан бичлэгээ интернэтээр цацаж байсан билээ. Түүнчлэн дархан цаазат газарт хууль бусаар баавгай агнасан, “МАК” компани нь татварын олон тэрбум төгрөгийн өртэй гэхчилэн хэвлэлүүдээр мэдээлж байсан. Өөр­тэй нь холбоотой янз бүрийн мэдээллүүдэд тухай бүрт нь няцаалт өгдөг эрхэм гишүүн Н.Номтойбаяр “Миний талаар, надтай холбоотой хэргийг үнэн зөвөөр нь эрэн сур­валжилж гаргаж ирсэн сэтгүүлч, ард иргэдэд 100 сая төгрөг өгөхөө албан ёсоор зарлаж байна” хэмээн мэдэгдсэн удаатай.

 

Б.Оюунгэрэл

Эх сурвалж: ipost.mn


URL:

Сэтгэгдэл бичих