Э.Эрдэнэжамьян: Интерполын журмыг хавсаргасан материал байсангүй
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцэж, хэргийг нотлох баримт дутуу гэсэн шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.
Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт холбоотой гэгдэх Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн захидлыг Интерполд илгээсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн.
Түүнд улсын яллагчийн зүгээс 245.2 буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн зүйл ангиар төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах, мөн 30 гаруй сая төгрөгөөр торгох ял төлөвлөсөн байсан гэнэ.
Шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян доорх хариултыг өгсөн юм.
-Таны хэргийг нэмэлт мөрдөн байцалтад буцаалаа. Үүнтэй холбогдуулан та байр сууриа илэрхийлнэ үү?
-Ерөнхийдөө яллах талаас асуудлыг тавилаа. Харин манай өмгөөлөгч дээрх баримтуудыг дутуу гэж үзсэн. Энд хамгийн гол нь Интерполын дүрэм журмын талаар тусгасан байх хэрэгтэй байсан. Гэтэл хэргийн хавсралтад Интерполын дүрэм журмыг хавсаргасан материал алга. Зүгээр л гэрчээр орж ирсэн хүний яриагаар Интерполын талаар ойлгож авлаа. Тиймээс л илүү тодорхой болгох үүднээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
-Та захидлыг дэд сайдын хувьд бичсэн үү?
-Энд ямар хүний байр сууринаас бичсэн бэ гэдэг нь чухал биш. Би захидал бичихдээ албан тушаалаа нуух шалтгаан байхгүй. Мөн Интерполоос тухайн хүмүүсийг эрэн сурвалжлах шийдвэр гаргахдаа судалгаа, шалгалт явуулах хэрэгтэй байдаг. Ганц миний явуулсан захидалд үндэслээд л шалгалт хийсэн байгаа юм. Ямар нэгэн байдлаар албан тушаалаас шалтгаалсан юм байхгүй.
-Хуулиндаа Интерполоор захидал илгээх эрх нь байдаг юм уу?
-Хэрвээ Монголын Засгийн газрыг төлөөлж бичиж байгаа тохиолдолд Монголын үндэсний Интерполийн товчоо хариуцдаг. Миний хувьд би Э.Эрдэнэжамьян гэдэг хүн байна. МАХН-ын хүн байна гэж л бичсэн. Үүнийг эсрэг талаас нь нам хоорондын асуудал гэж үзээд байгаа. Миний хувьд ганц нам бус өмгөөлөгчид, олон улсын байгууллага зэрэг хэргийг шалгахыг хүсэж байна. Тиймээс хэргийг тодруулаач гэсэн хүсэлттэй захидал илгээсэн.
Т.Болорцэцэг
URL: