Иргэд хуулиа мэдэхгүйгээс тэтгэмжээ бүрэн авч чаддаггүй
Иргэн, ажил олгогч хоёрын хооронд нийгмийн даатгалтай холбоотой асуудал маргаан байнга гардаг.
Иргэд зарим тохиолдолд нийгмийн даатгал болоод хөдөлмөрийн хуулийн талаархи тодорхой мэдлэггүйгээс болж тэтгэмж авч чадахгүйд хүрч, хохирдог байна. Дээрээс нь аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн ажилтнууд алдаа гаргасан тохиолдолд дахиад л иргэд хохирдог талаар өчигдөр болсон Нийгмийн даатгалын сургалтын үеэр хэлж байлаа.
Тиймээс иргэд хөдөлмөрийн хуулиа уншиж, энэ талын мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байгааг Нийгмийн даатгалын газрынхан онцлов. Монгол Улсын иргэн тэтгэврийн, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал гэсэн таван даатгалд хамрагддаг.
Тэтгэврийн даатгал нь дотроо хоёр ангилалтай. Өндөр насны тэтгэвэр авахын тулд 20 жил ажилласан байх ёстой гэсэн хуулийн заалт байдаг. Өндөр насны тэтгэврийг дундаж цалингийн 45 хувиар тооцно. Хэрэв тухайн иргэн 20 жилээс илүү ажилласан тохиолдолд жил тутамд 1.5 хувиар нэмэгдүүлэн тооцдог аж.
Тухайлбал, даатгуулагч Дорж нийгмийн даатгалыг 30 жил төлсөн бөгөөд дундаж цалингийн хэмжээ нь нэг сая төгрөг гэж бодъё. Тэгвэл нэг сая төгрөгийн 45 хувь нь 450 мянган төгрөг болох бөгөөд 30 жил нийгмийн даатгал төлсөн гэхээр илүү ажилласан 10 жилийг 1.5 хувиар нэмэгдүүлэн тооцвол 15 хувь болно. Тэгэхээр нэг сая төгрөгийн 15 хувь нь 150 мянган төгрөг болж, үндсэн тэтгэврийн хэмжээ болох 450 мянган төгрөг дээр энэхүү илүү ажилласан жилийн 150 мянган төгрөгийг нэмбэл 600 мянган төгрөгийн тэтгэвэр авах эрхтэй болж байгаа юм. Харин 20 хүрэхгүй жил ажилласан нэг сая төгрөгийн цалинтай даатгуулагч 330 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгох юм байна.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бичиг баримтаа бүрдүүлж өгсөн өдрөөс эхлэн тооцож тэтгэврийг нь олгодог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөрийн чадвараа алдсанаас 14 хоногийн дотор бичиг баримтаа бүрдүүлж өгөх бөгөөд энэ үеэс тооцогдох болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжийг нийгмийн даатгалаа 20-оос доошгүй жил, эсвэл тахир дутуу болохын өмнөх таван жилийн гурван жилд нь тасралтгүй төлсөн байх шаардлагатай аж. Харин тэжээгчээ алдсан бол нас барснаас хойш 14 хоногийн дотор бичиг баримтаа бүрдүүлж өгөх хэрэгтэйгээс гадна мөн л нийгмийн даатгалаа 20-оос доошгүй жил, тахир дутуу болохын өмнөх таван жилийн гуравт нь тасралтгүй төлсөн бол тэтгэмж авах эрхтэй болдог байна.
Тэтгэвэр тогтоолгоход нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, цэргийн алба хаасан хугацааг цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа, цэргийн батлах, тэтгэвэр тогтоолгох талаар өргөдөл бичиж, хорооны тодорхойлолт авсан байх ёстойгоос гадна таван жилийн цалингийн тодорхойлолт, хоёр хувь цээж зураг, цахим үнэмлэхний хуулбар, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бол хүүхдийн гэрчилгээний хуулбар, даатгуулагчийн хөдөлмөрийн дэвтэр, бусад бичиг баримтад төрсөн он, сар, өдөр зөрж байгаа эсэхийг шалган бичиг баримтаа бүрдүүлэх аж.
Ажилгүйдлийн даатгалыг хоёр жил төлсөн бол тэтгэмж авах боломжтой
Тухайн иргэн ажил хийж байх үедээ хоёроос доошгүй жилийн хугацаанд, ялангуяа сүүлийн есөн сар тасралтгүй ажилгүйдлийн даатгал төлсөн бол тэтгэмж авах эрхтэй болох юм. Мөн ажлаас халагдсанаас 14 хоногийн дотор оршин суух газрынхаа хөдөлмөр халамж үйлчилгээний албанд бүртгүүлснээр ажилгүйдлийн тэтгэмж авах боломжтой болох аж. Гэхдээ тухайн иргэн ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа ноцтой зөрчсөн тохиолдолд ажлын 76 өдөрт ногдох тэтгэмжээс ажлын 36 өдрийг хасч олгодог байна. Гэтэл манай иргэд бас л энэ талаархи мэдлэггүйгээсээ болж, ажлаас халагдсан тухайгаа мэдээлдэггүй, ажилгүйдлийн тэтгэмж ч авахгүй байх тохиолдол их бий.
Ер нь л иргэд нийгмийн даатгалын талаархи мэдлэггүйгээсээ болж, хүртэх ёстой боломжийг ашиглаж чаддаггүй гэж хэлж болно. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно.
Мөн гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно” гэж заасан байдаг. Гэтэл зарим байгууллага хүүхдийг нь хоёр нас хүртэл шимтгэлийг нь төлөөд үлдсэн нэг жилд төлөхгүй хохироох асуудал их гардаг аж. Үүнээс гадна тэтгэврээ тогтоолгосон даатгуулагч 12 сар даатгалаа төлсөн бол сард авах тэтгэвэр дээрээ нэмэлт хийлгэх эрхтэй байдаг. Гэтэл тухайн байгууллагын нягтлан бодогчид тэтгэврийн насны хүмүүсээ нарийн тогтоогоогүйгээс нэмэлт тэтгэвэр авах даатгуулагч хохирдог байна.
Энэ мэтчилэн иргэд мэдээлэлгүйгээс болж хохирох явдал гарсаар байгааг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого бүрдүүлэлт шимтгэлийн албаны дарга Ч.Эрдэнэчимэг онцолж байлаа.
Б.Золзаяа
URL: