Палау улстай дипломат харилцаа тогтоосон тухай санамж бичигт гарын үсэг зурав
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Л.Болд 9 дүгээр сарын 25-ны өдөр Нидерландын Засгийн газар зохион байгуулсан “Маргааныг энхийн замаар шийдвэрлэх нь“ сэдэвт Сайд нарын арга хэмжээнд Олон улсын Шүүхийн дарга, Олон улсын Байнгын Арбитрын Шүүхийн дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Эрх зүйн асуудал эрхэлсэн орлогч, Нидерландын Гадаад хэргийн сайд нарын хамт оролцов.
Тэрбээр Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы даргын санаачилсан Мянганы хөгжлийн зорилтуудыг эрчимжүүлэх асуудлаарх өндөр түвшний тусгай арга хэмжээнд болон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн 10 дугаар хуралдаанд мөн оролцож Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер, Исланд улсын Гадаад хэргийн сайд нартай уулзлаа.
Сайд Л.Болд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниертай түүний энэ оны 5 дугаар сард Монголд хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар, ялангуяа цагдаагийн байгууллагын шинэчлэл, терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тухай ярилцсан байна.
Монгол Улс 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Палау улстай албан ёсны дипломат харилцаа тогтоосон тухай санамж бичигт сайд Л.Болд Палау улсын Ерөнхийлөгч Т. Ременгесаутай гарын үсэг зурав.
Сайд Л.Болд мөн өдөр НҮБ-ын төв байранд Исландын Гадаад хэргийн сайд Гуннар Браги Свейссонтой уулзаж, 2014 онд хийхээр төлөвлөж буй улс төрийн зөвлөлдөх уулзалт хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэл, арга замыг тодорхойлоход ач холбогдолтой бөгөөд төлөөлөгчдөө харилцан айлчлуулж, мэдээлэл солилцож байх нь хоёр талын хамтын ажиллагааны салбар чиглэлүүдийг тодорхойлоход тус дөхөм үзүүлнэ.
Ццөлжилттэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд монгол мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, туршлага солилцох, усны нөөцийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв.
Сайд нар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний болон Далайн эрх зүйн комисс, Хүний эрхийн зөвлөлийн сонгуулийн асуудлаар санал солилцсон байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
URL: