“Гадаад өр ойролцоогоор ДНБ-ий 54 хувьтай тэнцлээ”
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн таагүй байдал чухам хэзээнээс эхэлж, юунаас болж ийн муудчихав гэдгийг улстөрчид, эдийн засагчид, нийгмийн бүлэглэлүүд өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлаж буй.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Төлбөрийн тэнцлийн өнөөгийн төлөв хямрал уу, боломж уу” гэх сэдвээр их дээд сургуулийн багш нар, эдийн засагчид өчигдөр хэлэлцүүлэг хийв. Төв банкнаас санаачлан зохион явуулсан уг нээлттэй семинарт МУИС, Санхүү эдийн засгийн дээд сургууль, ХААИС болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны эдийн засагч нар оролцсон юм.
Уг семинарт “Төлбөрийн тэнцлийн эрсдэл” сэдвээр илтгэл тавьсан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, эдийн засагч доктор, профессор Б.Эрдэнэбатаас дараах асуултад хариулт авлаа.
-Монгол Улсын урсгал тэнцэл тогтворгүй болж, алдагдал үүссэн нь чухам юунаас болчи-хов гэдгээр асуултаа эхэлье?
-Урсгал тэнцлийн тогтворгүй байдалд нэлээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Тухайлбал, гадаад, дотоод асуудлууд багтаж байна. Гаднаас хамааралтай буюу Оюутолгой гэх асар том төсөл хэрэгжүүлж эхэллээ. Эл төслийн дагуу техник, тоног төхөөрөмжийг олноор нь оруулж ирж буй. Мөнгөн дүнгийн хувьд ч гэсэн тэр импортын тоног, төхөөрөмж нь асар их ам.доллараар хэмжигдэж байдаг. Гэтэл энэ нь эргээд урсгал тэнцлийн алдагдалд нөлөөлчхөж байгаа юм.
Түүнчлэн манай улс гар дээрээ огтхон ч аваагүй, ирээдүйн төсөөлсөн орлогодоо суурилаад маш их зарлага хийсэн. Өөрөөр хэлбэл, өнөөх хавтгайрсан халамжийг бий болгосон. Тэгэхээр эдгээрийн нөлөөллөөс болж инфляци өсөхөд хүрсэн юм. Ер нь инфляци өсөхөөр мөнгөний бодит ханш нь мөн өснө. Мэдээж хэрэг төгрөгийн ханш ингээд чангарчихаар гаднаас орж ирдэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээс хямдхан болно гэсэн үг. Үнэндээ Монгол Улс инфляцийг барьж чадахгүй байна. Ийм нөлөөллүүд гол шалтгаан болсон.
-Манай улсын төгрөгийн бодит ханш хэдэн оноос эхэлж чангарсан байдаг юм бэ?
-2000 оноос хойш төгрөгийн ханш 50 хувиар чангарсан байдаг. Төгрөг ингэж чангарч байна гэдэг нь импортын барааг тэр хэмжээгээр хөхиүлэн дэмжсэн, бас эдийн засаг тэр хэмжээгээр чадвараа алдсан гэсэн үг юм. Үндсэндээ уул уурхайгаа барьцаалан байж зээлсэн мөнгө нь ханшийн энэ сөрөг үзэгдлээс болоод гадагшаа урсчихаж байна.
-Урсгал данс, тэнцэл гэдгийг тайлбарлахгүй юу?
-Урсгал данс гэдэг нь таны арилжааны банкинд нээлгэсэн данстай адилхан. Энэ дансанд орлого орж бас гарч болно гэсэн үг. Ер нь энгийнээр хэлэхэд Дорж ч юм уу хэн нэгэн сард 500 мянган төгрөгийг данс руугаа хийлээ гэж бодъё. Гэтэл 550 мянган төгрөгийн зарлага хийгээд байвал ямар ч орлогогүйгээс алдагдал үүсч, хомсдолд орно биз дээ. Яг үүнтэй адил Монгол Улсын зарлага нь хэтэрчихсэн, хасах тоо руугаа орчихсон юм. Мэдээж ийм алдагдалтай болчихсон учраас цоорхойг нь санхүү болон хөрөнгийн данснаас мөнгө авч нөхдөг.
Санхүү болон хөрөнгийн дансанд гаднаас авч байгаа зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалтын мөнгө төвлөрнө. Тэгэхээр урсгал тэнцэл, хөрөнгийн тэнцэл хоёрыг нэгтгээд төлбөрийн тэнцэл гэдэг. Гэвч одоо гадаадын хөрөнгө оруулалт 47 хувиар буурчихсан болохоор урсгал тэнцлийг нөхөх мөнгөгүй суучихаж байгаа юм. Нэгэнт ийм төрлийн орлогогүй болчихсон улс ямар арга хэрэглэх вэ гэхээр гаднаас зээл авч таарна.
Уг нь манай улс санхүү, хөрөнгийн зах зээлээс мөнгө зээлэх зориулалттай зах зээлтэй орон. Гэтэл энэ зах зээлийн хүү нь аль хэдийнэ хаагдчихсан. Өнөөх “Чингис бонд”, Хөгжлийн банкны бонд болон бусад зээлээр бага хүүтэй авах зээл нь ховордоно. Хэрэв энэ зах зээлээс дахин мөнгө авлаа гэхэд ашиг багатай, өндөр хүүтэй зээл бидэнд оногдоно. Тэгвэл өөр ямар зам байх вэ гэхээр бусад санхүүгийн чадвартай тусгаар улсаас зээл хүсэх юм.
-Ер нь урсгал тэнцлийн алдагдал яг хэдэн оноос эхэлсэн байдаг вэ?
-Миний илтгэлд он дарааллаар алдагдлыг нь харуулсан байгаа. Урсгал тэнцэл бүр 1991 оноос алдагдалтай байсаар ирсэн. Гэхдээ тэр үед манай оронд импортын бараа бага орж ирдэг, хүмүүс тансаг хэрэглээг төдийлөн их шүтдэггүй байсан болохоороо ч тэр үү төлбөрийн тэнцлийн алдагдал харьцангуй бага байсан цаг. Уул уурхайн ордуудын үйл ажиллагаа эрчимтэй эхэлснээс хойш улс төрийн намууд уралдаж бэлэн мөнгө амласан. Намууд сонгогчдод “Та нар бол хорвоогийн хамгийн баян хүмүүс болчихлоо. Манай нам тийм зүйл үнэгүй өгнө, төдий хэмжээний тэтгэмж олгоно” гэдгээр уралдсан хэрэг.
Эдийн засгийн хэллэгээр бол хямралын ёроол руугаа уралдсан юм. Ингэснээр иргэдийн сэтгэлгээнд бэлэн мөнгөтэй болно, тийм зарлага хийнэ гэх хүлээлт бий болж эхэлсэн. Энэ нь эргээд иргэдийг бэлэнчлэх буюу “Зүгээр сууж байгаад улсаасаа мөнгө авах юм чинь ажил хийж яадаг юм бэ” гэх бодолд автуулсан. Цаашлаад улс орон мөнгөтэй болчихоор “Би хөрөнгө хурааж, боловсролтой болж яах юм бэ” гэх амарчилгааг бий болгож, хувийн хэрэглээг өдөөчихлөө.
-Мөн манай улсын гадаад өр хэр байна вэ. Энэ жил хэрэгжиж эхэлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа төсөв хэрхэн захирагдаж байгаа вэ?
-Бид тэр хуулиа баримтлахаас өөр аргагүй. Хэрэв дагаж мөрдөхгүй юм бол хойч үедээ юу ч үлдээж чадахгүй. Тус хуульд ДНБ-ий 40 хувиас гадаад өрний хэмжээ давахгүй гэсэн тусгай шаардлага бий. Гэвч өнөөдрийн байдлаар ойролцоогоор өр 54 орчим хувьтай байгаа.
-Төлбөрийн тэнцлийн алдагдал удаан үргэлжилбэл эдийн засагт чухам яаж нөлөөлөх юм бэ гэдгийг тодруулмаар байна?
-Өр хэтэрхий их болоод ирэх юм бол улсын зээл төлөх чадвар нь муудна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид, зээлдэгчид санаа зовох, итгэл алдрах байдал үүсч, өрийн хямрал бий болох аюултай. Нэг жишээ хэлэхэд 1998 онд ОХУ, 2002 онд Аргентин улс өрийн хямралд орсон. Саяхан Грек ийм байдалд орлоо. Тэгэхээр үүнээс болж манай улсын төгрөгийн ханш навс унана гэсэн үг. Нөгөөтэйгүүр аливаа өрний цаана тодорхой уул уурхайн орд ч юм уу ямар нэг зүйлээ барьцаанд тавьсан байдаг. Тэрнийг нь аваад явна гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа, танд ажлын амжилт хүсье.
Л.Баатархүү
URL: