Монгол Улс ОУ-ын атомын агентлагт элссэний 40 жилийн ой тохиож байна
Монгол Улс Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-т гишүүн орноор элсч орсны 40 жилийн ой энэ сард тохиож байна. Улмаар ОУАЭА-ийн урилгаар манай улсаас Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй албаны хүмүүс 09-р сарын 15-20-ны хооронд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод болсон ОУАЭА-ын 57-р Ерөнхий бага хуралд оролцоод ирлээ.
Цөмийн энерги, цөмийн технологийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглах зорилгын дор нэгдэх зорилготой тус чуулганаар Захирлуудын Зөвлөлийн гишүүн орнуудыг сонгох, Агентлагийн 2014 оны төсвийн төсөл, Цөмийн ба цацрагийн аюулгүй байдлыг бэхжүүлэх тухай, Цөмийн терроризмын эсрэг авах арга хэмжээний тухай, Ойрхи Дорнодод Олон улсын атомын энергийн агентлагийн баталгаа хэрэглэх тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэв.
Манай Улсын хувьд 40 жилийн хугацаанд шинжлэх ухааны оргил Цөмийн технологид суурилсан техник, технологийг эх орондоо амжилттай нутагшуулах, нийгэм эдийн засгийн үр нөлөөтэй ажилласныг нь ОУ-ын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Ю.Амано өндөрөөр үнэллээ. Мөн ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр манай улсын нийгэм, эдийн засгийн холбогдох салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн биелэлт 2013 оны 09 сарын байдлаар 92 хувьтай байгааг тус агентлагийн Техникийн хамтын ажиллагааны газраас сайшаасан байна.
Цаашид цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, нөхөн сэргээлтийн хяналтын дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар санал солилцлоо.
Зургийн тайлбар:
- Цөмийн шинжлэх ухаан, технологийн салбарт боловсрол, сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
Бүгд найрамдах Франц улсын атомын энергийн болон сэргээгдэх эрчим хүчний комиссариат Бернард Бигот
- Зургийн тайлбар: Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, ОУАЭА-ийн Ерөнхий захирал Ю.Аманогийн хамт
URL: