Ё.Ганбат төв бассейны захирлаар ажиллаж байхдаа өдөрт 1-2 сая төгрөг хувьдаа завшиж байжээ
Улсын хэмжээнд жижиг, том гээд 20 гаруй бассейн байдаг. Гэхдээ эдгээрээс олон улсын стандартад нийцсэн бассейн нэг ч байхгүй.
Арай ойртож очих нь Улаанбаатар хот дахь Төв бассейн аж. Тус бассейны урт нь 25 метр, зургаан зам, үсрэлтийн гурван тавцантай гэсэн. Ёстой л хэдэн мянган жилийн нас элээсэн барилга гэхээр харагдана лээ. 27 жил болсон барилга болохоор арга ч үгүй биз дээ.
Энэ хугацаанд тус төв нэлээн олон даргын нүүр үзсэн байдаг. Тэдгээр дарга нар ажлаа хэрхэн хийж байсан нь барилгын өнөөгийн нөхцөл байдлаас илхэн харагдана. Дээврийн хэсгээсээ дусаал дусч, зэвэнд идэгдэж, чийг хөгцний үнэр нэвт шингэсэн байдалтай үйл ажиллагаа явуулж байна. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар хийж байгаагүй аж.
Өнгөрсөн 2012 он хүртэл зургаан жилийн хугацаанд төв бассейны захирлаар Ё.Ганбат ажиллаж байжээ. Тэрээр захирлаар ажиллаж байх хугацаандаа төв бассейны үйл ажиллагааг сайжруулах биш харин ч улам дордуулжээ.
Тухайлбал, өнгөрсөн 2011 онд гэхэд 34 сая төгрөгийн алдагдалд орсон бол 2012 онд нь 81.9 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Нэг үгээр хэлбэл орсон ашиг орлогыг буруу замаар буюу өөртөө ашигласнаас болж ийн алдагдалд оржээ. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаараар Ё.Ганбат төв бассейны захирлаар ажиллаж байхдаа өдөрт нэгээс хоёр сая төгрөгийг хувьдаа завшиж байсан.
Мөн өөрсдийнхөө хүрээний хүмүүсийг ажилд авч, мэргэжлийнхээ дагуу ажиллаж байсан багш нарыг ажлаас халсан гэдэг. Мөн “Төв бассейны үйл ажиллагаа удахгүй хаагдах гэж байгаа учраас та нар өөрсдөө сайн дураараа ажлаас гарах өргөдлөө өгч, гэнэт халагдсаныхаа гурван сарын цалинг ав’’ гэж ажилчдадаа хэлж байжээ.
Мөн Ё.Ганбатаас урьд ажиллаж байсан захирал Ш.Дөрвөлжин гэхэд л хорооллын эцэст дөрвөн давхар дэлгүүрийг төв бассейны орлогоос барьж авсан байна. Мөн тус бассейн арван жил няраваар ажиллаж байсан Н.Чулуун нь Баянхошуунд хувьдаа гурван хаус барьсан байдаг. Энэ мэтээр төрийн өмчийн компанийн удирдлагууд орсон ашиг орлогыг хувьдаа завшдаг нь хэрээс хэтрээд байна.
Г.Арслан: Намайг шалгаж байхаар улсын өмч хөрөнгөөс идэж, уусан хүмүүсийг шалгах хэрэгтэй шүү дээ
Усан спорт сургалтын төвийн захирал Г.Арслантай уулзаж тус төвийн өнөөгийн байдлын талаар
ярилцлаа.
-Төв бассейн өнгөрсөн хоёр жилд нэлээд их алдагдалтай ажилласан. Одоо ашиг орлого нь ямар байна вэ?
-Би өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд энэ ажилд томилогдсон. Ажлаа аваад11 сар болж байна. Энэ хугацаанд 100 сая төгрөгийн ашигтай ажиллуулж байгаа. Нэг үгээр хэлбэл орлого нь 66 дахин өссөн. Өмнө нь Ё.Ганбатыг дарга байхад 1.5 сая төгрөгийн ашигтай л ажилласан байсан шүү дээ. Алдагдалтай ажиллаж байгаагийн гол шалтгаан бол захирлаар ажиллаж байсан хүмүүс ашиг орлогыг өөрсдөө идэж байгаатай холбоотой.
-Энд хүн хичээллэх орчин нөхцөл бүрдсэн гэхэд хэцүү харагдаж байна?
-Усны чанар болоод багшийн заах арга зүйн тал дээр хангалттай сайн байгаа. Урьд нь ажиллаж байсан дарга нар мэргэжлийн сайн багш нарыг халсан байсныг буцааж авсан. Мэдээж хамгийн эмзэглэж байгаа зүйл бол барилгын асуудал. 1986 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж байсан. Тэгэхэд би тамирчдыг төлөөлөөд энэ усанд хамгийн анх сэлж байсан.
Түүнээс хойш 27 жил өнгөрсөн байна. Гэвч нэг ч удаа их засварт ороогүй. Жил бүр чанар муутайхан засвар хийдэг. Та нар харсан байх багш нарын өрөө коридор нь мөөгөнцөртөж таазнаас ус дусалдаг. Мөн агааржуулалт болон монтаж нь ил задгай байна. Иймээс их засварт оруулах шаардлага байна.
-Их засварыг хийх шаардлага байна гэлээ. Хэзээ хийх вэ?
-Ирэх онд багтааж хийх шаардлагатай байна. Одоогоор хэзээ хийх нь тодорхойгүй байгаа.
-Их засварт нийт хичнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?
-Бидний тооцоолсноор гурваас зургаан тэрбум орчим төгрөг хэрэгтэй.
-Энэ жил засвар хийсэн үү?
-Урсгал засварт 146 сая төгрөг төлөвлөсөн ч одоогоор нэгч мөнгө өгөөгүй байна. Өөрсдийнхөө цэвэр орлогоор ажилчдын цалин, гэрэл цахилгаан, усныхаа төлбөрийг төлдөг юм.
-Одоогоор хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-50 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш ажилчдын цалин 2.6 хувиар нэмэгдсэн. Мөн улсад төлөх татвар ч гэсэн 2.6 хувиар өгсөн байгаа.
-Өмнөх дарга нарын үед урсгал засвар байнга хийдэг байсан гэх юм билээ. Гэтэл яагаад ийм байдалд хүрчихсэн юм бол?
-Хийнэ гэж мөнгө санхүү шийдүүлж авч байсан гэсэн. Гэхдээ миний өмнөх дарга өдөрт нэгээс хоёр сая төгрөг “иддэг” байсан учраас ийм байдалд хүрсэн. Энэ төрийн өмчийн компанийн мөнгийг идсэн хүмүүсийг шалгахгүй байж, ажил хийж байгаа хүнийг шалгаад байх юм. Намайг энэ ажил авснаас хойш зургаан удаа шалгасан.
-Хаанаас шалгаад байгаа вэ?
-Бүх газраас шалгаж байна. Үнэндээ ажил хийлгэхгүй байна. Ямар ч шалгалт ирээд намайг унагаж чадахгүй. Намайг шалгаж байхаар улсын өмч хөрөнгөөс идэж, уусан хүмүүсийг шалгах хэрэгтэй шүү дээ.
-Төв бассейны төлбөр хэд вэ?
-Ерөнхийдөө 90-120 мянган төгрөгийн хооронд байдаг. Улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон тамирчдыг дэмжиж үнэ төлбөргүй үйлчилдэг.
Н.Алтанцэцэг /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: