Нийгмийн гэсэн нэрнүүдийг хүмүүнлэг болгож шинэчлэх
Боловсролд хувьсгалт өөрчлөлт хэрэгтэй
Нийгмийн гэсэн нэрнүүдийг хүмүүнлэг болгож шинэчлэх МУИС-ийн нийгмийн гэсэн нэрнүүд болон сургуулиудийг “хүмүүнлэгийн” болгож шинэчлэж чадвал эндээс л боловсролын 2-р хувьсгал эхэлнэ. Хүмүүнлэгийн салбарыг философи, социологи, психологи болон соёл гэх мэт ангилан хүмүүнлэгийн мэргэжлүүд гэж тодорхойлох.
Философи бол бодож сурах ба ухагдахуунуудыг зөв хэрэглэж сурах гэдгээр заагдах. Социологи бол нийгэмд хэрхэн хатмран эв найрамдалтай амьдрах болон саад болж буй зан заншилууд судалдаг судалгааны салбар гэж тайлбарлах…
Психологи сэтгэлийг тайлбарлаж сэтгэж сурах чадвар гэж ойлгуулах. Соёл гэсэн салбарт урлаг, шашин, хэл, уран зохиол гэх мэт бүхий л соёлын ойлголтуудыг нэгтгэх. Үүн дээр нэмж хуулийн болон улстөрийн ангиудыг бас л хүмүүнлэг нэрийн дор ойлгох. Гэр бүлийн хүмүүжил, гудамжны хүмүүсийн төрх, үзэж буй видео филмүүд болон уншсан номууд тухайн хүний ухааныг бүрдүүлэх гол нөлөөнүүд.
Хүн ухаанаа хөгжүүлж асууж шалгааж засаж залруулах чухал болохоос шууд л хүлээн авч үнэмшээд л ганцхан л үнэмшсэнээр явах биш харин түүнийгээ шинэ зүйлээр үргэлж шинэчлэх хэрэгтэй. Үүний тулд шинийг сонирхож сониуч байх хэрэгтэй. Өөр орчинд амьдарч үзэх, өөр мэргэжил сурах, гадуур явж шал өөр төрлийн хүмүүстэй танилцах, өөрөөсөө залуу эсвэл хөгшин настай хүмүүстэй амьдрал ярьж хамгийн энгийн хүний амьдралаар амьдарч хүн ёсны хорвоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй.
Боловсролтой хүн маш их ном уншина. Гэхдээ зүгээр унших биш өөрийгөө тэр хэмжээгээрээ өөрчилж чаддаг байх чухал. Боловсролгүй багш нар, боловсролгүй эрдэмтэд олон бий гэдгийг мартаж болохгүй. Докторын цолтой эсвэл профессор цолтой гэчихээд боловсролгүй хүн захаасаа авахуулаад тааралдана. Үүнийг л санаж явах аминд хэрэгтэй.
Монголын их дээд сургуулийг шууд боловсрол олгоно гэвэл үүн шиг худлаа зүйл үгүй. 4 жил сургуулийн байранд эргэлдээд ямар ч боловсрол аваагүй хүн олон. Тэр ч бүү хэл мэргэжил ч сураагүй дипломтой хүн олон. Энэ бол Монголын эмгэнэл.
Мэдлэг авсан хүн шууд л сайн хүн гэсэн ойлголт биш яагаад гэвэл зарим хүн мэдлэгтэй ч гэсэн муу зүйл хийдэг. Зарим хүн эрдэмтэн гэсэн мөртлөө жинхэнэ эрдэмгүй зүйл хийдэг. Ийм хүмүүс яг л хоосон цээжлэсний гай. Мэдлэгийг үзүүлэн болгож мэдлэгээ өөртөө шингээж өөрийн болгож чадаагүй хүмүүс бусдад гэм хийнэ.
Тиймээс боловсрол бол яг л тэр боловсролтой шигээ ажиллаж амьдарч бусдад нөлөөлж бусдыг зоригжуулж өөрийн боловсролоо бусдад халдааж чадахад туслана. Урлаг мэдэхгүй мөртлөө гавьяатууд олон болжээ. Мэдлэггүй мөртлөө ардын жүжигчингүүд, гавьяат зүтгэлтэнгүүд олширчээ. Хаа л бол цолтой, медалтай, одонтой хүмүүс алхана. Энэ бол Монголын төөрөгдөл.
Ардчилал тэгээд социализмаас ямар ч ялгаагүй юу. Боловсролтой хүн бусад хүнтэй олон янзаар олон хэлбэрээр харьцаж чадах баялаг мэдлэгтэй тул хэзээ ч хэнийг ч уйдааж орчин тойрноо нэг хэвийн нэгэн өнгийн байлгахгүй. Боловсролгүй хүнтэй хамт байх уйтгартай, нэгэн төрлийн болон нэгэн хэвийн амьдрал үргэлжилнэ. Тиймээс хүн бүр бусдын төлөө, хойч үеийнхээ төлөө боловсролтой болох хэрэгтэй.
Түүнээс биш урьд өмнө сайхан байсан, Чингисийн үед төртэй засагтай байсан, их засаг гэж хуультай байсан, урлагтай байсан эсвэл эрдэмтэн мэргэдтэй байсан гэж үнэмшихэд хэцүү хоосон түүх ярьж үлгэр домог мэт зүйлс бусдад тарааж орчин тойрноо хордуулж болохгүй.
Дэлхийн мэдлэгээс суралцаж Зигмунд Фройдын номыг уншиж сэтгэлийн тухай бусадтай ярилцах хэрэгтэй. Чарлес Дарвиний ном уншиж хүн хэрхэн сармагчинтай нэг гарал үүсэлтэй тухай ярилцаж амьдралаа олон өнгийн болгож олон аялгуугаар нийгмээ чимэх хэрэгтэй. Толстойн номыг уншвал хүн үхэхээсээ өмнө ямар их зүйлийг хийх ёстой вэ гэдгийг ойлгоно.
Монгол хүн хуучин үлгэр домгуудаасаа салж баттай мэдлэг, ул суурьтай боловсролтой танилцах цаг иржээ. Нэг их зүйл хийж бүтээгээгүй хүнийг эрдэмтэн мэргэд гэж хоосон шүтэн бишрэх биш тэднийг зүгээр л дотроо хүндэтгэж явах цаг болжээ. Мэргэжил гэдэг заавал нэг цаанаа ашигтай хэрэгтэй тул сурдаг. Бараг л ээж аав сур гэсэн тул сурч байнаа гэсэн ашиг болон шахалт дарамттай хамаатай.
Харин боловсрол эхлээд заавал ашиг харахгүй. Хүн хэнээр ч заалгахгүй бас хэнээс ч хамааралгүй өөрийн ухаанаа хөгжүүлж өөрийн гэсэн бат боловсролтой болох боломжтой. Боловсролыг ашигтай гэж сурвал тэр бүтэхгүй. Харин сонирхож сониучлаж л боловсролтой болох боломжтой. Боловсролтой хүн мэдээж олон чадвартай болно бас боловсролоо цааш ашиглах боломжтой. Монгол орон хаа ч байхгүй боловсролын доктор гэсэн цолтой болжээ. Түүний цаана бас хаа ч үгүй шинжлэх ухааны доктор цолтой болжээ.
Хэн ийм хачин цолнуудыг шинээр зохионо вэ? Энэ бол Монголын ичгүүр.
Боловсрол гэдэг үнэлэх боломжгүй үнэт зүйл. Боловсролтой хүн жаргалтай. Яагаад гэвэл ертөнцийг, хорвоог, амьдралыг шал өөр нүдээр харж чадах чадвартай. Уран зургийг өөрөөр харна, хөгжимийг өөрөөр сонсож эхлэнэ бас номыг өөрөөр уншиж эхлэнэ.
Ингэж мэдрэмж хөгжинө бас сэтгэл бэхжинэ. Ном уншдаг хүн оюуны хүчийг мэдрэнэ, зураг ойлгоод ирэхээр түүний гэрэлтэж буйг анзаарна, хөгжимөнд уяраад эхлэхээр түүний аясыг аялна. Үүнийг бид соёл гэж зүй ёсоор нэрлэх ёстой. Соёлтой хүний тухай ярина гэвэл боловсролтой хүний тухай ярина гэсэн үг.
Соён Гэгээрлийн ЦАГТӨР сэтгүүл
URL: