Ургац хураалт хоёр хоногоор саатлаа

c585c20421bbe356originalСүүлийн өдрүүдэд цочир хүйтэрч, зарим аймагт цас орсон нь ургац хураалтад хэрхэн нөлөөлснийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлого хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.

-Тариалангийн бүс нутгуудад цаг агаар хэр байна. Ойрын өдрүүдэд орсон хур, цас ургацад хэр нөлөөлж байна вэ?

-Тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар бороо, уулаараа бага зэргийн цас орсон. Төв аймгийн Цээл, Жаргалант, Борнуур, Сэлэнгэ аймгийн Орхон туул, Хушаат, Сайхан сумын нутгаар 15 см хүртэл цасан бүрхүүл тогтсон мэдээтэй байна. Энэ бүс нутагт нийтдээ 35 мянган га талбай хамрагддаг. Орон нутгаас авсан мэдээллээр тариалангийн талбайд тогтсон цас хайлсан.

Маргаашнаас ургац хураалт эхлэх боломжтой. Булган аймгийн тариалангийн гол бүс нутаг болох Хутаг-Өндөр,Тэшиг суманд уулаараа бага зэргийн цас орсон, тариалангийн талбайд үндсэндээ цас ороогүй. Өнөөдрөөс хураалтын ажил хэвийн эхэлнэ.

-Цаг агаараас шалтгаалж ургац хураалт хэдэн өдрөөр зогсоод байна?

-Тариалангийн бүс нутгаар орсон бороо, цасны улмаас хураалтын ажил 1-2 хоногоор саатаж байгаа. Цасанд дарагдсан, хураах боломжгүй болсон талбай байхгүй. Хүчтэй салхитай байсан Сэлэнгийн Орхонтуул, Сайхан Төв аймгийн Цээл, Жаргалант, Баянцогт орчимд тариа бага зэрэг налсан байна. Гэхдээ хураахад хүндрэл учруулах хэмжээнд хүрээгүй.

-Тариаланчдад ямар зөвлөмж өгч байгаа вэ?
-Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр өнөө шөнөдөө тариалангийн бүс нутгаар хасах 5-10 хэм, энэ сарын 28-29 орчимд хур тунадас орох урьдчилсан төлөвтэй байгаа тул төмс, хүнсний ногоог хайрагдахаас хамгаалах, ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг орон нутагт зөвлөмж хүргүүлсэн.

-Ургац хураалт хэдэн хувьтай байна вэ?

-Өнгөрсөн баасан гаригийн байдлаар 44.468 га талбайг ангилан хадаж, 35.740 га-гаас 51.290 тонн үр тариа, 6.886 га-гаас 98.024 тонн төмс, 4.050 га-гаас 49.783 тонн хүнсний ногоо, 4.033 га-гаас 13.087 тонн тэжээлийн ургамал, 3.578 га-гаас 3.736 тонн тосны ургамлыг хурааж авсан. Үр тарианы хураалт 12.3, төмснийх 45.6, хүнсний ногооны хураалт 53.1 хувьтай байна.

-Ургац хураалтын ажилд хүн хүч хэр хангалттай байна?
- 850 гаруй цэргийн албан хаагч, 340 оюутан гэрээгээр ажиллаж байна.

Э.Өнөр /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих