МАН-ын бүлэг Монголбанкинд шалгалт хийх хүсэлт тавина

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2013.09.23/ ээлжит хуралдаанаараа УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж буй таван хуулийн төслийн талаар байр сууриа тодорхойллоо.
Ингэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл дээр санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгүүд идэвх санаачлагатай ажиллаж, төслүүдийг байнгын хороогоор товлосон хугацаанд хэлэлцвэл ээлжит бус чуулганаар шийдэх боломжтой гэж үзэж байна.
МАН-ын бүлэг энэхүү хоёр хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч илүү боловсронгуй болгох, сайжруулах шаардлага байгааг онцоллоо. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хувьд өрсөлдөх чадвартай байх ёстой. Энэ утгаараа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд татварын орчинг тогтворжуулах агуулга орсныг МАН-ын бүлэг дэмжиж байна.
Нөгөө талаас хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц шинэ бүлэг нэмэх шаардлага байгаа аж. Хөрөнгө оруулалтыг 15 тэрбум төгрөгөөр хязгаарлах нь өрөөсгөл бөгөөд хөрөнгө оруулагчдыг том жижиг гэж ялгах ёсгүйг энэ хуулийн төсөл дээр МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Тлейхан хэллээ.
Мөн нэг хууль дагаж данхайцсан бүтэцтэй байгууллага байгуулдаг явдлыг зогсоох, үүний тулд энэ хуулийн төсөлд тусгасан хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан агентлаг байгуулах шаардлагагүй, одоогийн бүтэцдээ багтааж ажиллуулж болно гэж тэрээр онцоллоо.
Хөрөнгө оруулалтыг цаашид тогтвортой байлгах үүднээс 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 2006 онд батлагдсан Ашигт малтмалтын тухай хуульд тусгасан хөрөнгө оруулалтын хугацаа, хөрөнгийн хэмжээний шалгуурыг хадгалах нь зүйтэй, өмнө нь гарч байсан хуулиудыг дордуулж болохгүй гэж МАН-ын бүлгийн гишүүд үзэж байна.
Үүнээс гадна хөрөнгө оруулалтууд зөвхөн Улаанбаатарт төвлөрөх биш хөдөө орон нутаг, бүс нутаг руу чиглэсэн байвал илүү урамшуулал, хөнгөлөлт эдлэх заалтыг уг хуулийн төсөлд оруулах саналтай байгаагаа МАН-ын бүлгийн гишүүд илэрхийлж байгаа юм.
Харин үлдсэн гурван хууль буюу Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, “Урт нэртэй” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүд, олон нийт нэг ойлголттой болсны дараа намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийднэ гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ.
Ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт батлагдсаны дараа эдгээр хуулийн төслийг хэлэлцвэл бодлогын нэгдмэл чанар хангагдах учиртай аж. Энэхүү гурван хууль байгаль орчинтой холбоотой асуудлыг зохицуулж байгаа.  Тиймээс МАН-ын бүлэг мөнгөнөөс илүү байгаль орчин, амьдрах орчинд ээлтэй байх зарчмыг баримтлахад илүү анхаарах ёстой гэсэн байр суурьтай байна.
 ”Урт нэртэй” хуулийн хувьд нөхцөл байдлыг сайн судалж, лицензийн асуудал яригдаж байгаа газар болгонд хүрч ажиллаж байж тодорхой шийд гаргах хэрэгтэй гэж үзжээ. Эл хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүдээс гадна сонирхогч бүх талын төлөөллийг оролцуулж, асуудлыг олон талаас нь ярилцах шаардлагатайг ч МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд онцоллоо.
      УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар өнгөрөгч баасан гаригт УИХ-ын даргын зөвлөлийн хуралдааны үеэр цаашдаа парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд зарчмын томоохон өөрчлөлт оруулж байгаа хуулиудын төсөл, улс төрийн бодлого, шийдвэрийн баримтын талаар эхлээд зөвшилцөж ойлголцсоны үр дүнд шийдэж байхаар ярилцсан байна.
Аль нэг талын хүчээр оруулж ирсэн хуулийн төсөл УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганы хэлэлцүүлгийн үеэр бүдгэрэх, гол асуудлуудаасаа тойрох маягаар цаг их алдаж байгааг намын бүлгүүдийн дарга нар сануулжээ.
Тиймээс аливаа төсөл яригдах үед бүлгүүд эхлээд ярилцаж болохыг нь дэмжиж, болохгүйг нь орхих зарчмаар цаашид ажиллах байх гэж найдаж буйгаа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд илэрхийллээ. Ялангуяа ээлжит бус чуулганаар батлагдах боломжгүй гурван хуулийн төслийг энэхүү зөвшилцлийн зарчмаар шийднэ гэж харж байгаагаа тэрээр хэлэв.
      УИХ-ын даргын захирамжаар өнгөрөгч дөрөвдүгээр сард байгуулагдсан Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох ажлын хэсгийн дүгнэлтийг маргааш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх ажээ.
Уг ажлын хэсэг өдгөө хүндрэлд ороод буй эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал дүгнэлт гаргасан боловч УИХ өнөөг хүртэл энэхүү дүгнэлтийг хэлэлцээгүй байна. Дээрх ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан сэрэмжлүүлэг, урьдчилсан сануулгууд МАН-ын бүлгээс удаа дараа гаргасан санал дүгнэлттэй олон талаараа давхцаж байгаа юм. Мөн МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Монголбанкинд шалгалт хийх гарцаагүй нөхцөл байдлыг үүссэнийг ч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
МАН-ын бүлгээс төв банкны үйл ажиллагаа, “Чингис” бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зарцуулалтад шалгалт хийх хүсэлтийг хаврын чуулганаас үеэр УИХ-ын даргад тавьсаар ирсэн. Харин энэ удаа МАН-ын бүлэг УИХ дахь намуудын бүлэг, бие даагчдын зөвлөлтэй хамтран дахин санал тавихаар боллоо.

URL:

Сэтгэгдэл бичих