Япон хэлтэй ажил хайгч олон байна

untitled-2-middleГаднын улс оронд мэргэжил эзэмшингээ хэлтэй болж, ажиллах боломжийг монголчууд ихээр хүсдэг байсан үе ард хоцорсон бололтой.

Гадаадад олсон мэдлэгээ улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж ажиллаж амьдрах гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуусын цуглаанд өнгөрсөн амралтын өдөр саатлаа. Японы “License academy” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газраас оюутан залуусыг Японд суралцуулах, япон хэлтэй монгол иргэдийг ажилд зуучлах өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Өдөрлөгт “МАК”, “Шунхлай”, “MCS”, “Suruga Mongol”, “Mitsui Sumitomo”, “Sumitomo corporation”, “Unimedia”, “Dai nippon”, “Sankou seki” зэрэг Япон Монголын хамтарсан болон  Монголын хөрөнгө оруулалттай компаниуд оролцов. Мөн “Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөрийн газрынхан мэдээллээ түгээв.

Японд их дээд сургууль төгссөн болон, ажиллаж байсан иргэд олноороо зорьж ирсэн нь нээгдээд 30 минутын хугацаанд 200 гаруй хүн ажлын байрны анкет бөглөснөөс харж болохоор байв. Гэхдээ энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь залуусыг заавал япон хэлтэй байхыг шаардахгүйгээр сонирхсон мэргэжлээр нь бүртгэж байлаа. Ингээд компаниудын ажлын байрны талаар товч мэдээллийг хүргэе.

Компаниудад менежер, инженер хэрэгтэй

Монголын томоохон группүүдийн нэг “MCS”-ийн ажлын байранд заавал япон хэлтэй бус гадаад хэлний мэдлэгтэй, мэргэжлээрээ ажилласан байсан туршлагатайг онцолж байлаа. Нээлттэй ажлын байранд ихэвчлэн санхүү, бизнес, маркетингийн чиглэлд ажиллагсдыг бүртгэж байна. Түүнчлэн охин компаниудад инженеринг, дэд бүтэц, мэдээлэл харилцаа холбоо, уул уурхай чиглэлээр ажилла х залуусыг урьж байна. Холбогдох мэдээллийг mcs.mn цахим хаягаар авах боломжтойг хүний нөөцийн мэргэжилтэн Т.Энхбаяр хэллээ.

Түүнчлэн “Шунхлай” группийн хувьд ч дээрх шаардлагыг тавьж байв. Тус компанид өдөрлөгийн үеэр биш бусад үед ч анкет бөглөх боломжтой гэнэ. Одоогоор “Апу”, “ Апу трейдинг” , “Грийт импайр”, “С Девелопмент” зэрэг охин компанид экспортын менежер, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, хүний нөөцийн менежер, хуулийн зөвлөх, барилгын менежер, зээлийн эдийн засагч зэрэг 30 гаруй орчим чиглэлийн ажлын байр бэлэн байна. Тус групп ажил горилогч танаас мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан, англи хэлний мэдлэгтэй, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай байхыг шаардана.

Харин “МАК”-ийн хувьд орон нутагт ажиллах боловсон хүчнийг голчилж байна. Геологи хайгуул, уул уурхай, аялал жуулчлал, агаарын тээвэр, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг тус компанид эдүгээ 1500 гаруй боловсон хүчин ажиллаж буйг төлөөллүүд нь хэллээ.

Түүнчлэн 2013-2016 онд хэрэгжих төслүүдэд энэ онд 1166, ирэх онд 728, 2015 онд 286 ажлын байр эзэнтэй болох юм байна. Тиймээс одоогоор үйлдвэрийн механик, цахилгаан, автоматжуулалтын инженерүүд, хими технологич, бутлуур тээрэм , хяналтын өрөөний оператур, тоног төхөөрөмжийн засварчин зэрэг мэргэжлээр залуусыг урьж буй аж. Нийгмийн хангамжийн хувьд Монгол Улсад мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажиллаж буй гэнэ. Нээлттэй ажлын байр зарласан Монгол компаниудын хувьд ийм байна.

Харин Японы хөрөнгө оруулалттай компаниуд зах зээлийн өрсөлдөх чадвартай боловсон хүчинг өөрсдөө бэлтгэж, 30-40 хувийн өндөр цалинг амлаж байна.

Япон компаниуд 30-40 хувийн өндөр цалинг амлав

Өдөрлөгт Япон Монголын хамтарсан компаниуд голдуу  оролцов. Тиймээс япон хэлтэй залуус зорих нь их юм. Байгуулагдаад гурван сар гаруй үйл ажиллагаа явуулж буй “Unimedia” компанийн ажлын байрны мэдээллийг сонирхлоо. Энэ компани мэдээллийн технологийн чиглэлд ажилчид авах сонирхолтой байна.

HTML хөгжүүлэгч , систем инженер, вэб хөгжүүлэгч, смартфоны аппликейшн хөгжүүлэгч мэргэжлээр гурваас дээш жил ажилласан залуусыг бүртгэв. Цалингийн хувьд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас 30-40 хувь өндөр гэв. Олон улсын “Mitsui Sumitomo” банк нийслэлд төлөөлөгчийн газраа нээхээр ийнхүү энэ удаагийн өдөрлөгт оролцож байлаа.

Төлөөлөгчийн газартаа ажилтан авах мэдээллийг хүмүүст өгсөн юм. Банкны хадгаламж, зээлийн үйл ажиллагааны чиглэлээр ажилтан авахдаа Японд суралцаж байсан эсвэл тус улсын хамтарсан компанид ажилласан байсан туршлагатайг асууж байв.

Энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон компаниудын мэдээллийг цахим хуудсаар нь дамжин дэлгэрэнгүй мэдээллийг авч болох ба бусад үед ч нээлттэй ажлын байрууд ажил горилогч таныг хүлээж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих