Монголд хувьсгал гарах нөхцөл бүрдсэн гэжээ
Арабын улс төрийн хямрал 2500 гаруй км-ийн цаанаас Монгол руу айсуй гэж Голландын “Датш ньюс порт” сайтад өгүүлжээ. Арабын улсууд энэ оны нэгдүгээр сараас хойш хямралтай байна.
Голландын шинжээчид эсэргүүцлийн жагсаалыг гадны бизнесийн бүлэглэл санхүүжүүлж байгаа хэмээн дүгнэжээ. Тухайлбал, Тунист өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг сөрөг хүчнийхэн зохион байгуулсан. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниуд сөрөг хүчнийг санхүүжүүлжээ. Жагсаалд оролцож, өдрийн хөлс авсан 60 мянга гаруй иргэн байсан аж.
Тэд өдрийн 35 ам.доллараар жагсаалд оролцжээ. Харин цус асгаруулсан мөргөлдөөн болоход өдрийн 100 ам.долларын хөлс авч байсан аж. Тунисийн ерөнхийлөгч асан Бен Али өнгөрсөн онд засгийн газраараа Гадаадын компаниудын тухай хуулийг хэлэлцүүлэх гэж байжээ. Уг хуулийн төсөл хэрэгжиж эхэлбэл Тунист үйл ажиллагаа явуулдаг гадны компаниудын тоо эрс цөөрөх байв.
Өөрөөр хэлбэл, Бен Али бизнес дэх төрийн оролцоо, нөлөөг ихэсгэх бодлого баримталж байсан нь гадааддан хөрөнгө оруулагчдад таалагдаагүй гэдэг. Тэрбээр улсаа 14 жил толгойлсон, Тунист өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, шүүх ажиллагаа шударга бус явагдаж байгаа зэрэг нь сөрөг хүчнийг гадаадын компаниудын дэмжлэгтэйгээр жагсахад хүргэсэн.
“Датш ньюс порт” сайтад бичсэнээр Монгол, Казахстан, БНХАУ-ыг хямрал хүлээж байгаа гэнэ. Хятадын хувьд байдал харьцангуй дээр. Тус улсын эдийн засаг өсч, өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байгаа нь иргэдийнх нь ундууцлыг одоохондоо төрүүлэхгүй. Үүний сацуу Хятадад сөрөг нам байхгүй. Гэхдээ ажилгүйдэл, ядуурал өсөх хандлагатай байгаагийн улмаас Арабын улс төрийн хямрал дайрахгүй гэх баталгаагүй аж.
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хямралаас хамгийн их эмээж байгаа. Иймээс ч ирэх онд болох байсан ерөнхийлөгчийн сонгуулийг саяхан зохион байгуулж, улиран ажиллахаар болсон юм. Тус улсад Н.Назарбаев өнө удаан жил ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нь зарим иргэнд таалагддаггүй. Ийм бодолтой иргэдийн тоо өссөөр байвал Казахстанд төрийн эргэлт гарах магадлал өндөр аж.
Харин Монгол Улсад жаахан зүйл хийчихвэл хямралд ойрхон гэнэ. Учир нь манай улсад дэлхийд томоохонд тооцогдох ордууд илэрсэн. Заримыг нь ашиглаж байна. Үүний төлөөх өрсөлдөөн Төрийн ордноос авахуулаад жижигхэн мухлагт хүртэл яригдаж байгаа нь ямар чухал болохыг нь илтгэнэ. Монголд хямрал болохын нэг шалт-гаан бол энэ. Голландын сайтад өгүүлснээр энэ оны хоёр, гуравдугаар сард Монголд ирсэн гадаадын томоохон компаниудын төлөөлөгчид их хэмжээний мөнгө авчирсан аж.
Энэ мөнгө бол дэлхийн уул уурхайн гигант болсон компаниудад “Онцгой үед хэрэглэгдэх мөнгө” хэмээн дансанд нь заавал байрладаг. Онцгой үед хэрэглэх мөнгөөр ямарваа улсын эрх баригчдыг худалдаж авах, зэвсэг нийлүүлэхэд зарцуулдаг байна. Манайд орж ирсэн мөнгө Монголд биш, эрх баригчдын хамаарах гадаадын банкинд байгаа аж. Өөрөөр хэлбэл, надад өгсөн миний чихэр сайн танихгүй нэгэн хүнд бий. Энэ хүн намайг уйлахад аргадах, өөртөө дасгахын тулд энэ чихрийг надад өгөх юм.
Монголд их хэмжээний мөнгө орж ирсэн нь Арабын хямралыг бий болгох гэсэн санаа агуулсан байж болзошгүй. Учир нь хэрүүл тэмцэлтэй байгаа энэ үед сөрөг хүчин юм уу, аливаа хөдөлгөөнийг дэмжихэд хөрөнгө мөнгө зайлшгүй хэрэг болно. Тэгвэл одоо яагаад хувьсгалын давлагаагаа оруулж ирэхгүй байгаа юм бэ гэх асуулт тулгарч байна. Энэ нь Арабын хямралын нүүдэлтэй холбоотой.
Иран, Турк, Узбекистанд хямрал нүүрлэхэд Монголд шууд нөлөөлнө гэж Голландын шинжээч бичжээ. Томас ван Хетренгтон гэх шинжээч “Монгол Улсад сөрөг хүчний үйл ажиллагаа эрчимтэй байдаг. Мөн ядуурал дээд цэгтээ хүрэхэд ойрхон байгаа. Хүнсний бүтээгдэхүүний хямралд дөхсөн. Эдгээр шалтгаанд үндэслэн сөрөг хүчнийг хөрөнгө мөнгөөр дэмжих ажиллагаа аль хэдийн эхэлсэн байх ёстой. Сонгууль хүлээх шаардлагагүй. Засгийн газар ойрын хугацаанд эргэлзээтэй хэд хэдэн томоохон шийдвэр гаргах ёстой” гэжээ.
Тэгэхээр Монголд удахгүй хувьсгал гарах нөхцөл бүрдэх аж. Хэрэв улс төрийн бүлэглэл үүд мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулж, төр эргүүлчихвэл нэг хэсэгтээ байдал сайжрах боловч, үүний сүүдэрт байгалийн баялаг үнэгүй шахуу урсах юм байна. Яг л Ирак шиг. Арабын хувьсгалын шалтгааныг барууны орнууд нефтийн хямралд орохтой холбоотой гэж тодорхойлдог юм билээ.
Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/
URL: