С.Батболд ба ардын нам

Өнөөдрөөс эхлэн Монголын улс төрд нэн шинэ түүх эхэлнэ. Улс төрийн талбарт 90 орчим жилийн турш “хаанчилж” ирсэн Монгол ардын хувьсгалт нам Монголын ардын нам болно.

Бидний мэддэг байсан МАХН бүрмөсөн үүдээ хааж, оронд нь шинэ зууны Ардын нам мэндлэх болно. Үзэл баримтлалдаа шинэчлэл хийж, нийгмийн баримжаат үндэсний ардчилсан үзэлтэй” гэсэн тайлбарыг зүүн төвийн нам хэмээх тодотголынхоо өмнө хийнэ. Мөн үндэсний ардчилсан үзэл санаа гэгчийг ч оруулна.

Энэ бол Ардын намын шинэ түүх. Бас Ерөнхий сайд С.Батболдын удирдах их улс төрийн эхлэл. Түүний хувьд, улс төрийн талбарт өнгөрүүлсэн 10 жилийнхээ ойн дээр албан ёсоор тамга гардах өдөр нь. Намын даргын албыг С.Баяраас Бага хурлын үеэр залгамжилж авсан бол энэ өдрөөс хойш өөрийн улс төрийг эхлүүлэх эрхийг түүнд XXVI их хурлын 801 гишүүн олгоно. Нэг ёсондоо тэрбээр залгамжлагч бус бие даасан удирдагч болох юм. Удирдагчийн эрх үүргийг түүнд МАХН-ын тэргүүн лидерүүд санал нэгтэйгээр олгоно. Ийн Монгол Улсын Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболдын удирдах улс төрд 1970-аад оныхон эгнээ байраа эзэлж, нийгмийн хөгжлийг 1970-аад оныхон урагшлуулах үүрэг хүлээнэ. Үүнд нь МАХН-ын нөлөө бүхий, дор бүрнээ улс төрийн овог аймаг үүсгэж чадсан Шадар сайд М.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарын эвлэрэл туслах хүчийг өгч буй. Тэдний өөр хоорондын зөрчил, эрх ашгийн талцал энэ удаад МАХН-ын шинэчлэл дээр эвлэж, С.Батболдын төлөө гараа өргөлөө.

Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд цаашид цаг ямагт мөнхийн сөрөг хүчний дүрээр улс төрийн тоглолт хийх замыг сонгох нь ойлгомжтой. Нэг л өдөр МАХН-ын дарга байснаа Ерөнхийлөгч байснаасаа ч илүү өндөрт өргөж, “1997-2005 онуудад МАХН-ын даргаар ажиллаж байсан Намбарын Энхбаяр” гэсэн автортай сонины нийтлэлийг цаашид та бид улам олныг унших нь тодорхой. Түүнчлэн их хурлын өмнө хэвлэлд нийтлүүлсэн “Цаашид би хаана үнэн үг, шударга үйл ажиллагаа байна, тэнд байхыг хичээнэ. Ядарч зүдэрч, шахагдаж хавчигдаж байгаагийнх нь талд, өөрөөр хэлбэл ард түмнийхээ талд байнга орно. Ингэж би ард түмэндээ “өрөө төлнө” гэж төгсгөсөн ил захидлынхаа дагуу ажиллах гэх байх.

Гэхдээ түүний үнэн үг, шударга үйл ажиллагаа нь чухам ямар хэм хэмжүүрт нийцэх вэ гэдэгт асуудал байж болох. Ядаж л “Ард түмнийхээ талд байнга орно” гэсэн түүний энэ амлалт өнгөрсөн хугацаанд “Ард түмнийхээ талд орж байгаагүй гэдгээ өөрөө сайн мэддэг юм байна” гэх дүгнэлтийг ч нийгэмд тарааж буй. Ямартай ч МАХН-ын эхлүүлсэн шинэчлэлд цаашид Н.Энхбаяр, С.Баяр нар бус харин С.Батболд хүлээн зөвшөөрөгдсөн нэгдүгээр хүн болох цаг иржээ.

Лидер хоорондын улс төрийн амьдралд эзэлсэн орон зай нь харилцан адилгүй ч С.Батболд шиг богино хугацаанд ийм бат тулах хүчтэйгээр гарч ирсэн лидер цөөхөн. Бас түүн шиг бизнесийн салбараас улс төрд орсон ч бусдын хүчийг нэг гарт зангидах замаар хүчээ зузаатгасан улс төрийн лидер ховор. С.Баяр, Н.Энхбаяр, М.Энхболд гээд бүгд бусдын түлхэх хүчний эсэргүүцэл дор ажиллаж ирснийг тэдний улс төрийн түүх нотолдог. Тэр бүхний жишээтэй харьцуулахад улстөрч хүний замнал нэгэн хэвийн байдаг тухай хэвшмэл ойлголтыг тэр өнөөдрөөс хална. Энэ нь эргээд Н.Энхбаяраас өөр улс төрийн халалт үүсгэх сөргөөцөлдөгчгүй гэдгийг нь нотолж буй. Н.Энхбаяр л түүн рүү цамнаж буухаас өөр хэн ч түүн рүү дайрч чадахгүй. Учир нь түүний чимээ шуугиан багатай эхлүүлсэн улс төр өнөөдөр аль хэдийнэ эзлэх орон зайгаараа нэлэнхүйдээ Ардын нам болгож чадсан байгаа.

Үүгээрээ тэрбээр МАХН-ын дарга бол хүч гэдгийг нотлохын зэрэгцээ Ерөнхий сайдын албыг ч үргэлжлүүлэн ажиллах нь илэрхий аж. Учир нь МАХН-ын Удирдах зөвлөл эрх баригч намын дарга Ерөнхий сайдын албыг давхар хаших ёстой гэсэн дүрмээ өөрчлөх шаардлагагүй хэмээн үзсэн байгаа. Энэ нь ирэх 2012 оны сонгуульд С.Батболд өөрийн эхлүүлсэн шинэчлэлийн хөтөлбөрөө барьж орж чадна гэдгийг нь баталж өгөв. Нэгэнт түүний өөдөөс түлхэх хүч байхгүй болсон энэ үед өдгөө Монголын улс төрийг зөвхөн С.Батболд удирдаж, Ардчилсан нам түүний хүсэл сонирхлын далбаан дор хамтарсан Засгийн газрын нэг буланд хоргодож үлдэх боломжтой болно.

С.Батболд юу гэж шийднэ, тэр шийдлээр улс төр үргэлжилнэ гэсэн үг. Тэр ч бүү хэл Монголын ирээдүйн 20 жилийн хөгжил ч түүний автороор зурагдана. Учир нь МАХН их хурлаараа Монгол Улсын ирээдүйн 20 жилийн хөгжлийн чиг шугамыг тодорхойлох бөгөөд энэ хугацаанд өнөөдрийн тунхаглах тэр шинэчлэл хүчин төгөлдөр хэрэгжинэ. Иймд С.Батболд зөвхөн одоо цагт ч бус ирээдүйн 20 жилийн хугацаанд улс төрийн шинэчлэл, улс орны шинэчлэлийг эхлүүлсэн удирдагчаар хүлээн зөвшөөрөгдөх боломжтой юм. Мэдээж намын дарга хийгээд Ерөнхий сайдын албаа өгсөн ч тэр. Үүний тайлбар нь С.Батболд шинэ улс төрийг эхлүүлсэнд оршиж буй.

Гадаад хэргийн дэд сайдын цэмбэгэр албанаас улс төрд өөрийн цэгийг хатгасан СБатболдын улс төрийн карьер албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн энэ өдөр МАХН нэрээ сольж, Ардын нам болон үзэл баримтлалдаа шинэчлэл хийх нь ээ. Гол нь түүний шинэчлэл цааснаа буусан тунхаглалаа бодит үр дүнд хүргэж чадах уу гэдэг нь харин маргаашнаас нэхэж эхлэх ёстой хариуцлага дагуулах нь мэдээжийн хэрэг. Наад зах нь Ардын намд урт удаан хугацаанд бугшсан увайгүйтэл устах уу гэх мэтээр асуулт эхлэх биз ээ.

Г.Отгонжаргал


URL: