Асад: Химийн зэвсгийг устгахын тулд Сирид жилийн хугацаа хэрэгтэй

Асад: Химийн зэвсгийг устгахын тулд Сирид жилийн хугацаа хэрэгтэй

Сири улсын ерөнхийлөгч Башар Асад Америкийн “Fox News” сувагт өгсөн ярилцлагандаа улс орондоо байгаа химийн зэвсгийг устгах ёстой гэж мэдэгдлээ.

Гэвч үүний тулд эрх баригчдад жилийн хугацаа хэрэгтэй гэдгийг анхааруулсан юм. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 21-нд химийн зэвсгээр Дамаск руу халдсан хэрэгт засгийн газрын цэргүүд ямар ч хамаагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн билээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд ОХУ болон АНУ хоёрын хооронд Сирийг химийн зэвсэггүй болгох хэлэлцээнд хүрсэн. Гэвч барууны орныхон уг төлөвлөгөө биелэлээ олохгүй бол НҮБ албан ёсоор Сири рүү дайралт хийж болохоор баталгаажуулах ёстой гэж үзэж байгаа. Харин ОХУ эсрэг байр суурьтай байгаа юм.

“Хугацаа хэрэгтэй”

Химийн зэвсгийг устгах тухай яриандаа “энэ бол техникийн хувьд их хүнд ажил” гэж онцоллоо.

“Устгал хийхийн тулд их хэмжээний мөнгө шаардагдана. Зарим  судлаачдын тооцоолсноор хэдэн тэрбум хэрэгтэй. “Шуурхай” гэдэг үгээр тэд юу хэлэх гээд байгааг мэргэжилтнүүдээс асуух шаардлагатай. Үүний тулд тодорхой цагийн хуваарь байгаа. Түүнчлэн жил юм уу түүнээс дээш хугацаа шаардагдаж мэднэ” гэж ярилцлагандаа хэлсэн юм.

Ийнхүү ерөнхийлөгч Асадын ярилцлага, Оросын гадаад хэргийн яамны орлогч дарга Сергей Рябковыг Асад химийн зэвсэг устгах асуудалд нэлээн нухацтай хандаж байгаа гэж мэдээлсний дараа цацагдсан билээ.

Эсрэг хүчнийхэн химийн зэвсэг хэрэглэснийг тодорхойлох бичиг баримтыг Сирийн засгийн газрын зүгээс ОХУ-д шилжүүлэн өгсөн гэж Сергей Рябков мөн мэдээллээ.

Тэгэхээр Асадын засгийн газрыг химийн зэвсэг хэрэглэсэн буруутан гэж үзэж байсан АНУ-ын мэдээлэлтэй зөрчилдөж байгаа нь лавтай.

Дамаскад болсон хэргийн талаар НҮБ нэг талыг бариад байна гэж Оросын дипломатууд ундууцаж байгаа. Гэвч НҮБ-д ийм төрлийн мэдээллийг эрс эсэргүүцэж байна.

НҮБ-аас авсан тоо баримтаас үзэхэд 2011 оны хавраас эхэлсэн Сирийн дайны улмаас 100 мянга гаруй хүн амиа алдсан. Сая сая иргэд эх орноосоо дүрвэсэн бол эх орондоо үлдсэн иргэд өлсөж үхэхийн даваан дээр байгаа ажээ.

Х.Көгершин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих