Х.Тэмүүжин: МИАТ-ийн талаарх Ц.Оюунгэрэл сайдын байр суурийг уншаад гайхсан

e791b2319bcbfce8bigУИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Ярилцах танхим” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулахаар ярьж байна вэ?
-Хуульд өөрчлөлт орж байгаа нь шилжилтийн үеийн зохицуулалтууд хийгдэж байна гэсэн үг. Гэнэтийн өөрчлөлтүүдээс болоод татвар төлөгчид хохирч болохгүй.  Тухайлбал, уул уурхайн компаниудад нөхөн төлбөр төлөх гэж татвар төлөгчид мөнгө өгөөгүй шүү дээ. Эмнэлэг, сургууль барихын тулд бид татвараа төлж байгаа. Гэтэл уул уурхайн компаниудын явж байсан бизнесийг нь төр зогсоогоод түүнийхээ төлөө улс өөрөө мөнгө өгөхөөр хохирч байна.

Уул уурхайн компаниуд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаад бизнес хийгээд явж байтал гэнэт хууль өөрчлөгдөөд хориглочихоор тэр хүн буцаагаад оруулсан мөнгөө авахыг хүснэ шүү дээ. Тэр хөрөнгийг хэн гаргах юм бэ гээд маш олон асуудал хөндөгддөг. Иргэдэд эргээд үйлчилгээ үзүүлэх ёстой татварын мөнгө маань уул уурхайн компаниудад очдог байж болохгүй юм. Тиймээс бид энэ дээр бодох ёстой.

Монгол Улсын эдийн засаг гацчихлаа. Энэ бүхэнтэй холбоотойгоор өөрчлөх зүйлүүд орж байна. Энэ хууль нэг талаасаа байгаль орчинд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Хуулийг хэрэгжүүлэхдээ гол мөрөн, байгаль орчинд ирээдүйд сөргөөр нөлөөлөхгүй байх, эрсдэл учруулахгүй гэдэг шаардлага тавих нь зүйн хэрэг.

-Энэ хуульд өөрчлөлт орохоор хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор Төрийн ордны тусгай  хамгаалалтын бүсэд иргэний хөдөлгөөнийхөн буутай орж, хүйтэн зэвсэг хэрэглэсэн хэрэг гарлаа. Энэ хэрэг олныг цочирдуулахад хүргэсэн. Тэдэнд ямар хариуцлага тооцох ёстой байдаг бэ?
-Террорист үйл ажиллагаа, олон улсын терроризмоос гадна орон нутгийн терроризм гэдэг ойлголт байдаг. Үзэл байдлын зөрүүтэй байдлаа ардчиллын замаар олонх цөөнхөөрөө шийдвэрлэх болохоос биш зэвсэг болон хүч хэрэглэх замаар шийдэхгүй. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн ардчилсан системээс гадуурх үйл ажиллагаа болоод явчихаж байгаа юм. Тийм учраас иймэрхүү үйл ажиллагаа гэмт хэрэгт тооцогддог. “Зандалчлах” гээд зүйл ангитай. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө зөв бурууг маргаж мэтгэж, эсвэл сонгох ардчилсан арга замаар шийдвэрлэх бүх арга хэлбэрүүд байхад өөрийнхөөрөө буу бариад хүний амь насанд халдах аюултай зүйл хийж болохгүй.

-Байгаль орчноо хамгаалах гэсэн үзэл нь зөв байсан ч, эсэргүүцлээ илэрхийлэх арга нь буруу байв уу?
-Ардчилсан улсад олон ургальч үзэл байх учраас Засгийн газраас явуулж буй бодлого бүх хүнд таалагдана гэж байхгүй шүү дээ. Хуульд өөрчлөлт хэрэгтэй юу, ямар хугацаанд хэрэгжих ёстой вэ гээд хүн бүр өөр өөрийнхөөрөө харна. Тийм учраас үнэхээр ялгаатай байр сууриуд байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй зүйл байгаа байх. Түүнийг үгүйсгэж болохгүй. Хүн болгонд л хувийн үзэл бодол байх ёстой. Хамгийн гол нь үзэл бодлоо тайван жагсаал цуглаан, эсвэл олон нийтийн хэлэлцүүлэг хийх, сонгуулийн арга замаар шийдэж болно. Бусдад эрүүл мэнд, амь нас болон бусад арга замаар хохирол учруулдаггүй байдлаар шийддэг болох ёстой.

-Саяхан Хуульчдын холбоо шинээр байгуулагдлаа. Энэ холбоо байгуулагдсанаараа хуулийнхан шинэ зохион байгуулалтад орж ажиллахаар болж байх шиг байна?
-Хоёр жилийн өмнө холбогдох хууль батлагдсанаар “Хуульчдын холбоо” байгуулагдах ажил эхэлсэн. Ажил нь одоо хэрэгжиж байна. Ерөнхийлөгчөөс барьсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Энэ хуулийн гол таван концепци байгаа. Нэгдүгээрт мэргэжлийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх явдал. Олон нийт хуульчдыг өөрсдөө шударга бус байна гэж байнга шүүмжилж байгаа. Авлига албан тушаал, сонирхлын зөрчил гэх мэт асуудалд холбогдоод байна. Нийгмийн шударга ёсны асуудлыг шийдэж байх ёстой мэргэжилтнүүд нь өөрсдөө хууль зөрчөөд байхаар нийгэмд хэн шударга ёс тогтоох юм бэ гэдэг байдлаар олон нийт шүүмжилж харж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд хуульчдын хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг энэ хуулиар шийдэж байна. Хуульчдыг лицензтэй болгож байгаа юм. Лиценз гэдэг нь дан ганц “Та мэргэжлийн үйл ажиллагаа явуулж болно” гэсэн  зөвшөөрөл биш. Энэ бол хариуцлагын тогтолцоо. Та ийм алдаа гаргавал лицензийг чинь хураана, лицензээ хураалгавал насан туршдаа хуульчаар дахиж ажиллах боломжгүй болно гэсэн ойлголт юм.

Дэлхийн ардчилал хөгжсөн, хууль дээдлэх зарчим бэхжсэн орнуудад лиценз гэдэг зүйлээр хариуцлагатай болгодог мэргэжлүүд байдаг. Тиймээс лиценз олгох тогтолцоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бий болж байгаа юм. Хуучин лиценз гэж байгаагүй. Гэрчилгээ гэж байсан. Тэр нь өнөөдрийнх шиг хариуцлагын тухай асуудлыг хянаагүй. Энэ зөвшөөрлийг Хуульзүйн яам өгдөг байсан бол одоо Хуульчдын холбооноос өгнө. Анх удаа хуулиар төрийн тодорхой чиг үүргийг иргэний нийгэм, тэр дундаа мэргэжлийн холбоо руу шилжүүлж өгч байгаа юм. Хуульчдын холбоо байгуулагдаж байгаа нь төрөөс эрх мэдлээ шилжүүлж авах гэж байгаа анхны мэргэжлийн холбоо юм. Төр энэ эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ авлига аваад байна, шударга биш байна гэж байгаа бол энэ эрхийг шилжүүлж авч байгаа мэргэжлийн холбоо илүү хариуцлагатай, шударга, ашиг сонирхлоос ангид байх ёстой. Тэр мэргэжлийн холбоо ямар байх вэ гэдэг дээр хуульчдын их хурал хуралдаж, холбооны дүрмээ баталж зохицуулалтуудаа хийж байна. Мэргэжлийн хариуцлагын дүрэм нь лиценз олгогдож, ёс зүйн ямар алдаа гарсан тохиолдолд лицензээ хураалгах вэ гэдэг хяналтыг зохицуулах дүрэм юм.

-Хуульчдын холбоо хуульчийн мэргэжил эзэмшихээс эхлээд бүх асуудалд нь анхаарал хандуулна гэж ойлгогдож байгаа. Хуулийн мэргэжилтэн бэлтгэхэд эхнээсээ зохицуулалттай болох юм байна?
-Хуульч бэлтгэхэд зохицуулалттай болж байна. Асуудлыг шийдэх гарц бий болж байна гэж харах ёстой. Өмнө нь их дээд сургуулиудыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас магадлан итгэмжилдэг байснаас мэргэжлийн холбоодод тийм эрх байгаагүй. Үнэндээ хуулийн сургуулиуд гээд харахад хуульч бэлтгэж байгаа юм уу, үгүй юм уу гэдэг  нь мэдэгддэггүй. Номын санд нь мэргэжлийн ном хүрэлцээтэй байна уу гээд эргэлзмээр зүйл их бий. Түүнээс болоод хуульч нар нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллаж чадахгүй байна. Тэгэхээр боловсрол олгож буй тогтолцоог зөвхөн Боловсролын яам харах биш мэргэжлийн өнцгөөс харах ёстой юм байна. Жишээ нь, эрүүл мэндийн сургуулийг Боловсролын яам магадлан итгэмжилж чадахгүй шүү дээ. Түүнийг Эмч нарын холбоо оролцож байж энэ сургууль эмч бэлтгэж чадаж байна уу гэдгийг нь хэлнэ. Тэгэхээр үүнтэй адил хуульчийн холбоо бол хуулийн сургуулиудыг магадлан итгэмжилнэ. Энэ сургууль үнэхээр хууль бэлтгэдэг боловсролын байгууллага мөн үү гэдгийг тодорхойлно. Тэгэхгүй бол хуулийн сургууль гэдэг нэрийн дор мөнгө олох зорилготой эх захгүй олон сургууль нээгдээд оюутныг хүртэл хохироож байна. Сургууль нь хуулийн мэргэжлээ өндөр төвшинд эзэмшүүлж чадахгүй мөртлөө хуулийн сургууль нэрийн дор хэдэн хүн баяжаад сууж болохгүй. Төгсөөд гарсан мэргэжилтэн нь хүний амь нас, хувь заяатай холбоотой асуудлыг шийддэг. Тийм учраас мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцоо өөрөө өндөр төвшинд байх ёстой. Бэлтгэж байгаа мэргэжилтэн нь нийгмийн шаардлага хангадаг байх нь чухал. Тийм учраас хуулийн сургуулиудыг магадлан итгэмжлэх тогтолцоо бүрдэж байна гэсэн үг юм.

-Хуулийн мэргэжлээр сурах оюутны тоог тогтоох асуудалд Хуульчдын холбоо анхаарах уу?
-Тоо нь цөөрнө. Гэхдээ хэчнээн оюутан хуулийн мэргэжлээр элсүүлнэ гэсэн асуудлыг хариуцахгүй. БШУЯ мэдэх ёстой. Харин суралцагчдад олгож буй сургалтын чанар ямар байна гэдэгт анхаарна.

-Хууль, шүүхийн байгууллага авлига, албан тушаалтнуудын хэрэгтэй тэмцэх ажил идэвхтэй явагдаж байна гэж харагдаж байна. Гэхдээ хуулийн байгууллага МАН-ын гишүүдийг л шалгаад байгаа юм шиг. АН өөрсдийнхөө хүмүүсийг шалгахгүй байна гэдэг шүүмжлэл эртнээс бий болсон. Та энэ шүүмжлэлд ямар хариу өгөх вэ?
-Та нар тэгж харахыг хүсч байж магадгүй. Авлигын хэрэг бол албан тушаал дагаж гардаг болохоос биш нам дагаж гардаг зүйл биш. Тэгэхээр ямар хүмүүс албан тушаал дээр байсан бэ гэдгээс үүдэж авлигын хэрэг бий болдог. Өнгөрсөн жилүүдэд албан тушаал дээр ямар хүмүүс байсан юм. Магадлалын онолоор хар л даа.

-АН-ынхан ч өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаалд байсан шүү дээ?
-Би өөрөө цөөнхийн бүлэгт байхдаа Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах хуулийг санаачлан батлуулж байсан. Хууль нь байсаар байгаад, факт байгаа бол аль нам байсан ч гаргаад өгөөч дээ. Хуулийн байгууллага шалгаад явна. Түүнээс Х.Тэмүүжин Хуульзүйн сайд учраас тэр хүнийг шалга гэж үүрэг өгдөг хүн биш. Шалгагдаж байгаа хэрэгт хэн нэгэн нөлөөлөх гэж байгаа бол түүнээс хамгаалдаг үүрэгтэй. Хуулийн байгууллага ажлаа хийхэд улс төрийн хамгаалалтыг нь тавьж байх ёстой. Үнэхээр аль нам байх нь хамаагүй, авлига авсан байвал ухаад гаргах хэрэгтэй. МАН-ын хүмүүсийг шалгаж байна гэж шүүмжилж байна. Тухайлбал “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн захирал А.Шоовдор чинь Ардчилсан намын хүн гээ биз дээ. Нам ямар хамаа байна. Үнэхээр албан тушаалаа ашиглаад төрийн өмчийг хулгайлаад хувьдаа завшсан бол хуулийн байгууллага шалгаад явдгаараа явна. Тэгэхээр авлигатай тэмцэх ажил эхлэлийн шатанд явж байгаа юм. Томоохон хэргүүдийг дөнгөж л барьж эхэлж байна. Би нэг юмыг гайхаад байна. Заримдаа нам биш төрийн албан хаагч хэрэгт холбогдоход энэ танай нам гэдэг. Бид төрийн албан хаагчийг намгүй болгоод хэдэн жил болсон билээ. Тэгэхээр энэ хандлагыг өөрчлөх ёстой. Улстөрчид биш төрийн албан хаагч хэрэгт татагдаж байхад манай намын хүмүүс гээд байна гэдэг чинь хууль зөрчөөд намын албан тушаалтан төрийн ажил хийгээд байсан гэсэн үг шүү дээ. Тийм учраас сөрөг намын хүмүүсийг шалгаад байна гэж хэлж болохгүй л дээ. Үнэхээр тэгж харж байгаа бол сөрөг хүчин сайн ажиллах хэрэгтэй. Сонирхлын зөрчил, авлигын хуулиудыг хэрэгжүүлэх, албан тушаалтнуудын асуудлыг тавьж хариуцлага тооцуулж байх ёстой. Нөгөө талаас сөрөг хүчин гэхээсээ илүүтэй парламентын хяналт тавих нэг том үүрэг юм.

-Гадаадын банкинд оффшор бүсэд нууц дансанд мөнгө байршуулсан хэргээр УИХ-ын гишүүн С.Баярцогтыг дэд даргын албан тушаалаас нь огцруулсан. Энэ хангалттай шийтгэл мөн үү. Эрүүгийн хэрэгт татах ёстой байсан юм биш үү. Та ямар бодолтой явдаг бэ?
-Сантай холбоотой мөнгөнийх нь эх үүсвэрээс л шалтгаална шүү дээ. Түүнийг нь тогтоогоод шалгаад явах ёстой л доо. Түүнээс биш дансаа мэдүүлээгүйтэй холбоотой зөрчлүүд олон байгаа. Тэгээд хариуцлага тооцуулаад сануулаад явсан хүн бий.

-Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нууц дансаа тусгаагүй нь эрүүгийн гэмт хэрэг биш үү?
-Биш. Авлигын эсрэг хуульд бол сануулна, цалингийн хувиар торгоно, албан тушаалаас нь бууруулна, хална гэсэн ийм дөрвөн хариуцлага тооцох арга байгаа. Тэр хариуцлагын хүрээнд арга хэмжээ авна. Дансанд байгаа мөнгө нь өөрөө хууль ёсны мөнгө үү, үгүй юу гэдэг нь дараагийн шалгах асуудал байх. Жишээ нь өмнөх парламентын үед хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эд хөрөнгө, орон сууцаа бичээгүй олон албан тушаалтан гарч ирж байсан. УИХ дээр өмнө нь сонсгол хийхэд харж байсан байх. Тэр хүмүүсийг бүгд цээжээрээ хамгаалаад гарсан шүү дээ. УИХ дээр дуудаж ирээд “Энэ хүмүүст арга хэмжээ ав” гэхэд хамгаалаад л зүгээр өнгөрсөн. Энэ жил намрын чуулганаар хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой сонсгол хийх байх. Тэр сонсголоор ямар хүмүүс хөрөнгө орлогоо яаж мэдүүлэв, ямар алдаа дутагдал гарав гэдгийг ярина. Хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг авснаар авлигын асуудлыг хянах “тороо” тавьж чадаж байна уу гээд олон асуудлыг хэлэлцэх байх.

-МИАТ-ийн хуучин захирлууд “Дайны эрсдлийн сан”-гаас их хэмжээний мөнгө завшсан хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдээд байна. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл энэ хэрэгт шүүгдэгчдийг хуулийн байгууллага хэлмэгдүүллээ гэсэн утгатай мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийсэн. Ц.Оюунгэрэл сайд ямар учраас ийм мэдэгдэл хийх болов гэдэг анхаарал татаж байна. Засгийн газрын гишүүн тань авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг хамгаалсан ийм мэдэгдэл хийсэнд ямар байр суурьтай байна бэ?
-Би уншаад гайхсан. “Улсын их хурлын гишүүний хувьд, манай тойрогт амьдардаг хүнийхээ асуудалд анхаарал хандуулж байна” гэсэн байна билээ. Тодорхой гэмт хэргийг шүүхээс шийдвэрлэж байгаа асуудалд УИХ-ын гишүүн оролцох бүрэн эрх байхгүй. Тэгээд надад тийм нэг болгоомжлол төрсөн. Мөнгөтэй хүнд хаанаас бол хаанаас ч өмгөөлөгч олддог гэдэг нэг үг байдаг юм. Засгийн газрын гишүүн хүн хүртэл мөнгөтэй хүнийг өмгөөлөөд дуугараад байгаа юм биш биз гэсэн болгоомж-лол төрсөн.

-Ё.Отгонбаяр гишүүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа юу?
-Шалгаж байгаа.

-Өөрөө бол “Намайг хуулийн байгууллага дуудаагүй. Шалгаагүй” гээд байгаа шүү дээ?
-Тэр хүн юу гэж тайлбарлах нь тухайн хүний асуудал шүү дээ. Хуулийн байгууллага хийх ажлаа хийж байгаа.

-Ё.Отгонбаяр гишүүнийг яг ямар хэргээр эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа юм бол?
-Энэ талаар хэвлэлээр их ярьсан шүү дээ. Энхтайваны гүүрэн дээр хэсэг нөхөд бизнес эрхэлдэг нэг хүнийг барьж авсан, машиныг нь барьцаалсан гээд. Тэр нь юунаас болсон гэхээр авлига нэхсэнтэй холбоотой. Авлига хэн нэхсэн гэхээр тендертэй холбоотой. Авлига нэхсэн эрх мэдэлтэн нь хэн бэ гэхээр хуучин яамны сайд байсан хүн гээд асуудал яригдаж байгаа. Энэ хэргийг шалгах явцад эхнэр нь 28 данстай нь тогтоогдсон. Дансуудад нь төгрөг болон гадаад валют байсан тухай нотлогдсон.

-ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан М.Ганхүүгийн гэр бүлийн хүн таныг заналхийлсэн захидал бичсэн. Үүнтэй холбоотойгоор хуулийн байгууллага энэ асуудлыг шалгасан. Яаж шийдэгдсэн бэ?
-Надаас уучлалт гуйсан. Би ч хуулийн байгууллагад “Гомдолгүй” гэдгээ хэлээд тэр хэрэг хэрэгсэхгүй болсон. “Өвчин зовлонтой байсан. Тиймээс хоёр ч удаа захиа бичсэн. Үүндээ уучлалт хүсч байна. Миний буруу байсан” гээд уучлал хүссэн байсан.

Т.Амартүвшин


URL:

Сэтгэгдэл бичих