25 тэрбумын цаана ямар нууц байгаа юм бэ

“Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдөр нэг ч төгрөгийн орлогогүй гэхэд болно. Үйл ажиллагаа нь цэгцрээгүй. Эхлүүлэх гэсээр байтал бараг жилийн нүүр үзэж буй. Тавантолгойн ордод эзэмшиж буй лицензээ дун­дуур нь хоёр хувааж, ба­руун, зүүн цанх хэмээн нэрийдсэн. Зүүн цанхад нь оператор компанийн үүрэг гүйцэтгэх ёстой хөрөнгө оруулагчийг өнгөрсөн гурав­дугаар сард эцэслэн сонгох ёстой байсан. Гэтэл амжаагүй. Баруун цанхад хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийж, олборлож, борлуулах гэхэд асар өндөр үүрэг гүйцэтгэх ёстой стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт ч тэр адилхан. Сонголт хийхэд цаг хугацаа хэрэгтэй байгаа тухай тайлбар хөврөөстэй.

Тэгсэн атлаа дэлхийн хө­рөнгийн бирж дээр IPO хий­­хэд туслах банкийг бол сонгочихсон. Ууурхай дээ­рээ бүтээн байгуулалт гэж өрнүүлсэн зүйл байхгүй, хэнтэй хамтарч ашиглахаа ч шийдээгүй байж IPO хийх зарыг дэлхий дахинд тарааж, ирэх оны нэгдүгээр сар гэхэд олон улсын хөрөнгийн биржийг “эзэгнэнхэн төрөх”-өө гайхуулаад байгаа. Үүнийг нь дотоодын хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд “Нэг шанага нүүрс олборлоогүй компанийн хувьцааг дэлхийн хөрөнгийн бирж дээр гаргах нь өөрсдийнхөө баялгийг хэтэрхий хямд үнээр сул борлуулж байна гэсэн үг” хэмээн дүгнэж буй. Гадны мэргэжилтнүүд ч тэр адилхан. Ингэж дотооддоо хувьцааны тухай гайхамшигтай сай­хан мэ­дээгээр ард ол­ныг халууруулсан эрх мэ­дэлт­нүүдийн “Таван­толгой”-н хувь­цааны үр шимээр ихэс дээ­дэс мэт амьдрах төсөөлөлд умбаж буй олон нийтийн сэтгэлийг шархлуулж мэдэх нэгэн таагүй мэдээ гарч ирэв.

Тэр нь өнөөдөр авч, орой нь архины мөнгө, махны мөнгө, талхны төлбөр хийж буй “Хүний хөгжлийн сан”-гийн бүрдүүлэлт юм.

Засгийн газраас “Эрдэнэс МГЛ” ХК-ийн удирдлагад “Хү­ний хөгж­лийн сан”-д 338,9 тэр­бум төгрөг төвлөрүүлэх үүрэг өгсөн. Гэхдээ үүрэг өгсөн шигээ хөрөнгө оруулагчийг сон­гох сонгон шал­гаруулалтыг хурд­луу­лах сонирхол хараахан байхгүй байгаа. Уг нь стратегийн хөрөнгө оруу­лагчийг сонгочихсон бол “Эрдэнэс МГЛ” ХК 338,9 тэрбум битгий хэл 0.5-2 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр авах ёстой. Үүнийг нь УИХ-аас хуульчилсан. Яг л Оюутолгойн Хөрөнгө оруу­лалтын гэрээг баталсныхаа төлөөсөнд хөрөнгө оруулагч талаас 250 сая ам.доллар авсантайгаа адилхан зарчмаар урьдчилгаа төлбөр салгана гэсэн үг. Үүнийг нь баруун Цанхын стратегийн хөрөнгө оруулагчийн төлөө өрсөлдөж буй өрсөлдөгч консерциумууд хүлээн зөвшөөрч буй бололтой. Нэрээ татаагүйгээс нь бодоход шүү дээ.

Гэтэл ажил зөвхөн цааснаа буусан төлөвлөгөө, ирээдүйн гоё зорилтоор хязгаарлагдаж буй энэ үед “Эрдэнэс МГЛ” хаанаас ч юм 25 тэрбум төгрөгийн зээл авчихаж. Үүнийг нь Сангийн сайд С.Баярцогт чуулганы танхимд “Зээл авсан” гэх богинохон тайлбараар хайцаалсан. “Эрдэнэс МГЛ” ком­панийн гүйцэтгэх захирал Б.Энэ­бишийн хувьд “С.Баярцогт сайд тайлбарласан. Өөр тайлбар байхгүй” гэдэг өгүүлбэрээр  бас л хаацайлж байна. Нэг ёсны хаанаас, хэнээс 25 тэрбум төгрөг авснаа нууцлах нь холбогдох албан тушаалтнуудын дор бүрнээ хүлээсэн онцгой нэгэн үүрэг бололтой.

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар гэхэд “Би энэ талаар олон юм яримааргүй байна. Зээл авсан. Юу ч барьцаалаагүй. Хаанаас авсныг нь хэлэхгүй. Бид Төсвийн тухай хуулийн дагуу л төсөв бүрдүүлэх үүргээ биелүүлсэн” гэсэн.

Өнөөдөр энэ мөнгийг иргэдэд өгсөн байж болно. Ардын нам болон Ардчилсан намын УИХ-ын 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийсэн байж болно. Гагцхүү энд нууцлах зүйл нь юу байгаа юм бэ. Яагаад, ямар гэм байгаа учраас нууцлаад байна вэ. Засгийн газар үүрэг өгсөн болохоор уу, хоёр намын эрх ашгийн төлөө 25 тэрбум төгрөг зээлсэн болохоор уу. Энэ зэргийн асуултыг эрх баригчид хийгээд эрх мэдэлтнүүдэд тавих эрх бидэнд байгаа гэж итгэе. Эс бөгөөс улстөрчдийн амлалтын төлөө жирийн иргэд өөрсдийн нуруун дээрээ 25 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн ачааг үүрээд алхавал утгагүй болно шүү дээ.

Тэд магадгүй “Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчаар энэ мөнгийг төлүүлчихнэ” гэж тооцоолсон байж болох. Гэтэл тэр нь ирээдүйн орлогоосоо төлөх бага хүүтэй зээл болж хувирна. Яг л Оюутолгойгоос авсан урьдчилгаа төлбөртэй адилхан гэсэн үг. Ийм байхад бүхэл бүтэн 25 тэрбум төгрөгийг ямар барьцаатай, хаанаас авснаа нууцлана гэдэг бол ил тод ажиллах зарчимтай Засгийн газрын хувьд гэм гэсэн үг. Гэмийг нь асууж, зэм хүртээх эрх ард олонд байгаа гэсэн үг.

Зүгээр л “Дарга шийдсэн бол зөв л байгаа” гэсэн хууль өнөөгийн ардчилсан Монгол Улсад үйлчлэх ёстой гэсэн дэг журам бидний дунд байхгүй. Иймд Төрийн өмчийн хороо хийгээд “Эрдэнэс МГЛ”-ийн удирдлагаас энэ талаараа нээлттэй мэдээлэл өгөхийг хүсье. Тэдний “Хулгай хийчихсэн юмаа” гэх тоглоомтой хариулт энд бүр ч хэрэггүй гэдгийг сануулмаар байна. Учир нь, арилжааны банкуудаас тодорхой нөхцөлтэйгээр зээлсэн гэх дам сураг тарж эхэлсэн байна билээ. Тэр бүхнийг дэлгэж хүчирдэггүй юм гэхэд “Та нарын 21 мянган төгрөгийн ард тийм хэмжээний хариуцлага, дарамт, өр нуугдаж байгаа шүү” гээд хэлчихвэл “Амьдралаа 21 мянган төгрөг дээр тогтдог” гэдэгт итгэчихсэн олон хүний хувьд гараа сунгаж, мөнгө нэхэхээ болих ч юм билээ. Энэ тохиолдолд та нар ч бидэнд өртэй гэж зовохгүй, бид ч авлагатай гэж айлгахгүй болно шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих