ТУЛАХ ЦЭГ ХААНА БАЙНА… Зөв дэнслэхүй буюу боломжоос амжилт руу
Хийе гэвэл хэлэхээс бүү ай
Улс төрийн намын тулах цэг нь ард түмэн. Ард түмэн намуудыг туг ч бариулж чадна, бас тугал ч хариулуулж чадна. Гэхдээ тугал хариулах нь тийм ч муу ажил биш. Ардын нам ойрд бужигнаантай байна. Үндсэндээ 2000 оны сонгуулиас хойш 12 жил засгийн эрхээс бууж үзээгүй тул хэцүү байгаа ч юмуу.
2000 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ, Засгийн газрын талаар эрдэмтэн судлаачид, улс төрчид өөр өөрийн өнцгөөс янз бүрийн дүгнэлтийг гаргасан байдаг. Гэвч гол хүчин зүйл нь 1996-2000 онд засгийн эрх барьж байсан “Ардчилсан холбоо” эвслийн балгаар ёроолгүй ангалруу чөлөөт уналтын хурдаар унаж байсан нийгэм, эдийн засгийг хазаарлан зогсоох гэсэн иргэдийн сэтгэлийн үзүүрт хуралдсан бухимдлын тэсрэлт байсан юм. Иргэдийн энэ их итгэл найдвар 2004 оны сонгуулиар яагаад хоёр дахин буурав гэсэн асуултыг тухайн үед тайлах гэж оролдсон билүү?
Тухайн үедээ улс орны хэмжээнд хийгдэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлын эхлэлүүд, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд гарч байгаа нааштай хандлагууд, сөхөрсөн /сөнөсөн ч гэж хэлж болохоор/ эдийн засгийг тэнхрүүлэх цогц бодлого авч хэрэгжүүлсэний үр дүнд бий болсон эерэг өөрчлөлтийг авчирч чадсан ч бид нэг л зүйлийг хангаж чадаагүйгээс үүдэн улс төрийн хүчнүүд аль аль нь парламентад олонхи болж чадаагүй. Энэ бол сонгуулийн системийн алдаа гажуудалдаа ч биш, сурталчилгааг сайн муу явуулсандаа ч биш, ердөө л төрийн ажлын ил тод байдал алдагдан засаглал зантгар болж, хийж хэрэгжүүлсэн ажлаа олон түмэнд ил тод сурталчилж чадаагүйгээс үүдэн иргэд сонгогчдын зүгээс МАН /тухайн үеийн МАХН/-д хяналт хэрэгтэй болсоныг сануулсан хэрэг. Энэхүү сануулга нь нөгөө утгаараа ард иргэдийн зүгээс улс төрийн хоёр том хүчнийг хамтраад ажиллаж үзээч гэсэн цөхрөл байсан ч парламентад суудалтай том жижиг намуудын улс төрийн сонирхол, эрх ашгаа хангах гэж мөчөөрхсөөр гурван ч Засгийн газрын нүүр үзэж, дөрвөн жилийг дуусгав.
Нэгэнт улс төрийн намууд өөрсдийн бодлого, хөтөлбөрөө төр засгийн бодлогоор дамжуулан хэрэгжүүлэхийн төлөө өрсөлддөг жам ёсны дагуу УИХ-ын 2008 оны сонгуульд урьд жилүүдээс илүүтэй ач холбогдол өгч оролцсоныг та бид мэднэ. Уул уурхайн томоохон төслүүд байрнаасаа урагшлах болсонтой холбоотойгоор намууд иргэд сонгогчдыг мөнгөөр татах гэсэн аргууд АН-аас эхэлж, МАН-аас давуулан дуугарч, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялах бэлтгэлээ хоёр намын амлалтын нийлбэрийг ядарсан Монголчууддаа өгүүлэхээр итгүүлэн амлаж, нэгэн сонгуулийн хугацаа шувтарсан билээ. Гэхдээ тухайн үеийн 2008 оны сонгуульд МАН хариуцлагатай оролцохын тулд харин ч маш нухацтай хандаж, хоёр жил гаруйн өмнөөс нэр дэвших боломжтой хүмүүс хэн байж болох вэ? гэдэг дээр тандалт судалгааг тодорхой хугацааны давтамжтай явуулан эцэст нь намын нийт гишүүдийн хэлэлцүүлгээр давхар баталгаажуулсаны үндсэн дээр тодруулсан нь сайн хэрэг. Энэ нь хариуцлагатай байж, эрх ашгийн эрэмбийг зөв ухамсарласны гэрч болсон. Гэтэл АН-аас сонгогчдыг тохуурхсан байдлаар мориноос эхлээд заан, сармагчин, туулай, тагтааны нэрээр нэрлэсэн нэр дэвшигчдээ нийтэд танилцуулж байсан нь мартагдаагүй байна.
2008 онд МАН-ын сонгуульд ялалт байгуулсан шалтгаан нь тухайн үеийн намын лидерийн том нөлөө байсан ч нэр дэвшигчдийг туйлын зөв гаргаж ирсэнийг намын судалгааны байгууллагаас хийгдсэн судалгаанууд нотолсон. Сонгуулийн үр дүн гарахад “Прогноз” академийн судалгааны дүн улсын хэмжээнд судалгаа хийдэг 20 гаруй томоохон судалгааны байгууллагуудаас хамгийн өндөр нь буюу 92,6 хувийн магадлалтай гарч байлаа. Архангай аймагт АН-ынхан булхай, луйвар хийгээгүй бол бүр өндөр гарах байсан. Харин ч тооцоолж байснаас нийслэлд нэг суудал дутуу авч байв. 2008.07.01-н гэх үймээн самуун дэгдээж, галдан шатааж, хүний алтан амь эрсдсэн хар өдөр бол үнэндээ сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаал ч биш, сонгогчдын эрхээ хамгаалах гэсэн тэмцэл бүр ч биш, энэ бол ялагдалдаа улайран хорссон, том ашиг сонирхол бүхий нарийн зохион байгуулалттай хийгдсэн гэдэг нь одоо л олон түмэнд тодорхой болж байна. Тухайн үед МАН-ын нэг алдаа бол иргэдийн сэтгэл зүйд зохиомлоор МАН-ыг бүх муу бүхний эх ундрага мэтээр харагдуулах гэсэн тал талын зохион байгуулалттай ажиллагаа явагдаж байхад түүнийг үл тоомсорлон хандсан нь энэ нөхцөл байдлыг дэвэргэх хөрс суурийг бэлдэж өгсөн явдал юм. Одоо ч энэ бүхэн улам эрчээ аван үргэлжилсээр байгаад яагаад анхаарлаа хандуулахгүй байна вэ? Үүнд дүгнэлт хийх нь намын жирийн гишүүдийн үүрэг үү? Намын удирдлагуудын үүрэг үү? гэдгийг бодох ёстой.
Гэтэл дээрх байдал даамжирсаар УИХ, орон нутгийн ИТХ, Монгол улсын Ерөнхийлөгчийн удаа дараагийн сонгуульд ялагдаж, учраа ололгүй бужигнаж сууна. Энэ бүхний учир шалтгаан юу болох талаар дараахи хэдэн дүгнэлтийг хийж болохоор санагдана.
Нийгмийн уур амьсгалыг зөв мэдрэх нь улс төрийн намын эрүүл байгаагийн шинж мөн.
- МАН-ын хамгийн том алдаа бол түргэн хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлт, иргэд сонгогчдын дунд үүссэн хүлээлт /хүнд суртал, хээл хахуулийг арилгах, ахуй амьдралыг дээшлүүлэх, амласан амлалтаа биелүүлэх, намаас өндөр албан тушаалд томилогдоод хэр ажиллаж байгаа… гэх мэт/-ийг огтхон ч хайхраагүй явдал мөн. Энэ талаар намын гишүүдээс эхлээд эгэл жирийн иргэд, эрдэмтэн судлаачдаас авхуулаад эсрэг талд нь сууж байгаа сөрөг хүчнийхэн хүртэл хэлж, чамлахааргүй олон зүйлийг сануулж байв. 2008 оноос хойш 3,6 жилийн хугацаанд сөрөг хүчин болох АН-тай хамтран засгийн эрхийг барилцаж, үлдсэн зургаан сарын хугацаанд дангаараа засаглалыг хэрэгжүүлэн улс орны хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж чадсан нь том ахиц байсан хэрнээ хийж хэрэгжүүлсэн зүйлсийнхээ эзэн /автор/ нь болж чадсангүй. Том дарга нар дээр дооргүй “Ард түмэн”-дээ бүтээн байгуулалтын ажлаа ихэвчлэн сурталчилж, Монгол улс хөгжлийн гараан дээр ирлээ хэмээн “далайцтай” ярьж, хэлж байсан ч энэ нь ахуй амьдрал нь төдийлөн дээшлээгүй байрандаа /ухарсан ч байж болох/ байсаар байгаа эгэл жирийн хар борхон амьдралтай иргэдийн сэтгэлийн утсыг хөндөх чавхдас нь болж чадсангүй.
Хууль, гууль боллоо гэсэн яриа жирийн иргэдийн амьдралд тусч, тэднийг алхам бүрт бухимдуулсан нь эрх баригчдын нэр хүнд унах гол шалтгаан мөн.
- МАН парламентад олонхийг бүрдүүлж байсан хэдий ч гаргаж буй шийдвэрүүд нь өвөрт нь орсон сөрөг хүчний тоглоомын дүрмээр явагдаж, УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хуулийг хамтад нь явуулахаар үндсэн хуулийг зөрчин байж баталсаны дээр санал тоолох автомат машиныг хэрэглэхээр албан ёсоор хуульчлан батлав. Сонгуулийн Ерөнхий Хороо, салбар хороодын бүрэлдэхүүний талаар бүр ярих ч хэрэггүй. Үүний дараа шинээр бүрэлдсэн парламент яаж хүч түрэн хууль баталдагийг хэнэг ч үгүй харуулж, өөрсдийн таалалд нийцүүлэн орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хоёр ч хуулийг гаргаж, үр дүнд нь баясан инээдээ ч барьж чадахгүй сууж байна. Үүнээс хойш сонгуулийн хуулиуд хэдэн ч удаа өөрчлөгдсөн бай санал тоолох “автомат машин” барагтай л бол байраа тавьж өгөхгүй улс төрийн нэг хүчний дуулгавартай, найдвартай зарц нь байх болно. Ийм учраас нэгэнт иргэдийн дунд бий болсон эргэлзээ, шударга бус үйлдлийн гол эзэнг зөв тогтоох үүднээс давхар гараар тоолон баталгаажуулж /нэг хоёр хэсгийн хяналтын тооллого биш шүү/ хуульчлах нь сонгуулийг зөв, шударга явуулах хамгийн оновчтой гарц гэж үзэж байна.
Судалгаа, шинжилгээ бол аливаа асуудлын гарцыг зөв олох, шийдвэрээ оновчтой гаргах арга мөн.
- Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт аюулгүй байдал, гадаад дотоод бодлогыг авч явахын төлөө, төрийн залгамж чанарыг үргэлжлүүлэн хадгалж явахын төлөө улс төрийн сонгуульд өрсөлдөж байгаа гэж нам бүхэн томоор тунхагладаг ч МАН нэр дэвшүүлбэл ялалт авчрах боломжтой хүмүүсээ онож дэвшүүлж чадахгүй хэвээрээ л байна. Яг үнэндээ бол судалгаа шинжилгээнд үндэслэн нэр дэвшүүлэх явдал хэлбэрийн төдий байна гэж хэлж болно. Албан тушаалаа мөнхийн хутаг мэт үзэж, ажил хэргээ амьдралын баталгааг хангагч гэж үздэг цөөн хэдэн хүмүүсийн хөшигний цаадах нууц тохиролцоо, нэр дэвшихийн тулд дарга нарт юугаа ч өгөхөд бэлэн хүмүүсийн найраан дунд нэр дэвшилт явагддаг нь АН төдийгүй МАН-ын архагшсан өвчин болов. 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг хараад намын гишүүн байтугай улс төр сонирхдоггүй жирийн иргэн хүртэл “Ээ бурхан минь энэ чинь одоо юу вэ?” гэмээр цочирдол байсан юм. Энэ нь УИХ гэлтгүй нийслэл, цаашлаад орон нутгийн сонгуульд хүртэл газар авсан үзэгдэл болсон байв. Үнэнийг хэлэхэд судалгаа, дүн шинжилгээг ашиглаж чаддаг, тайлж уншдаг хүн намын удирдлагууд дундаас намын дарга асан С.Баяраас өөр одоогоор харагдахгүй байна. Угтаа судалгааны цаадах тоон утга чанарыг олж харж, цаашдын арга замаа тодорхойлдог, өдөр тутамдаа ашиглаж чаддаг байх шаардлага чухал байна. Түүнээс нэр дэвшүүлэлтийг тохиролцоо хуйвалдааны замаар, эсвэл амьдралаас хөндий нэг дарга нь чи дэвшвэл ялна гэж хэн нэгэнд хэлж, түүнийгээ гүйцэлдүүлэн баталгаажуулж болдоггүйг амьдрал нотлон зөв бурууг шүүн тунгаадаг болжээ.
Намын нэр өөрчилж, уугуул нэрээ сэргээсэн нь зөв боловч тухайн цаг үеэ олсон уу? гэдгийг амьдрал харуулна.
- 2012 оны УИХ, нийслэлийн ИТХ, орон нутгийн хурлын сонгуулиуд бүхэлдээ хувь тэнцүүлсэн пропорцианаль, нэг тойрог олон мандат бүхий мажоритар системийг хамтад нь хэрэглэж, сонгуулийн холимог системээр явагдсан нь онцлог байсан юм. Энэ үед МАХН /одоогийн МАН/ хуучин нэрээ сэргээж, мөн МАХН гэсэн нэрийг алдаснаас үүдэлтэй улс төрийн нөхцөл байдал тэс өөрөөр эргэснийг нарийвчлан тооцоололгүй хэтэрхий тайван, тоомжиргүй байдал ханхлуулсаар сонгуульд туйлын хариуцлагагүй оролцлоо. Хэдийгээр нэрээ өөрчлөх цаг үеийн шаардлага тулгарсан байлаа ч, намын гишүүдийн ихэнх нь дэмжсэн байлаа ч /уугуул нэр сэргээх талаар гишүүдийн гаргасан саналыг одоо болтол олж хараагүй/, эс дэмжсэн байлаа ч нэгэнт нэрээ өөрчилж сэргээсэн бол Монгол Ардын Нам гэдэг нэрийг нийгэмд хоногшуулах тал дээр тун хойрго хандаж, ажиллаагүйгээс гишүүдийн дунд хоосон зай, хоёрдмол байр суурь бий болгосон. Үүнээс болж сонгогчдын дунд ялангуяа намын гишүүдийн дунд будилах, одоогийн МАХН-д орохоос гадна сонгуулийн өмнөхөн Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өрөвдүүлэх тактикийг гаргуун явуулсанаар нийгэмд сэтгэл зүйн том давалгаа бий болж, энэ нь МАН-д хасах оноо, МАХН-д нэмэх оноо авчрав. Харамсалтай нь МАН-ын зүгээс иргэд сонгогчдын дунд үүссэн сөрөг хандлага, сэтгэл зүйг зөөллөх талаар дорвитой ямар ч арга хэмжээг авалгүй таг чиг байсаар сонгуульд яваад орчихсон нь бүх шатны сонгуулийн үр дүнгээр батлагдаж, улсын хэмжээнд МАН-ын саналаас үлэмж хэмжээгээр хуваан дундуур нь АН-аас нэр дэвшигчид гарч ирэх боломжийг бүрдүүлж өглөө.
Сонгуулийн сурталчилгаанд худал амлах, хуурч мэхлэх арга хоцрогдож, бүхнийг мөнгө шийдэх болсон нь туйлын эмгэнэлтэй төдийгүй шударга ёсонд харшлах увайгүй арга мөн.
- Сонгуулийн сурталчилгааны явцад намуудын нэр дэвшигчдийн тухайн газар орон нутагт ажиллаж байгаа байдалд эрс ялгаа үүсчээ. “МАХН-МҮАН” эвслийн хувьд цэвэр өрөвдүүлэх тактикаар сурталчилгаа явагдаж байсан бол АН-ын хувьд холоос засвартай уян хатан, хөрвөж болохоор /довтлох, хамгаалах, бултах/ сурталчилгааны тактиктай, шинэ содон үгийн сонголт /уриа/ бүхий реклам, шторкууд хэвлэл мэдээлэл, Телевизийн нэвтрүүлгүүдээр давамгайлан цацагдаж байв. Энэ нь ч иргэдийг хуурах шинэ арга байж мэднэ. МАН-ын хувьд гаргаж буй сурталчилгааны агуулга, уриа, материал, Телевизийн реклам, шторкууд нь нөгөө л урьдын адил нуршуу, уйтгартай, ойлгомжгүй байх жишээтэй. Үүнээс гадна нэг тойрогт нэр дэвшигчдийн хоорондох үл ойлголцол нь иргэд сонгогчидтой уулзах уулзалт дээр хүртэл илэрч, нэг баг болж нэгдмэл байдлыг хангаж чадаагүй нь илэрхий мэдрэгдэж байв. Дээр нь өрсөлдөгчийн явуулж буй арга тактикыг тэр үедээ огт анхаарч мэдээгүй хэрнээ өвдөг шороодсоны маргаашнаас өөртөө дүгнэлт хийх нь битгий хэл буруугаа бусдаасаа хайдаг явдал байсаар байна. Орон нутгийн сонгуулийн үеэр ч удирдлагуудын хоёр тийшээ харсан байдал, хоорондын толхилцоон, нэр хүндгүй байгаа зэрэг нь сонгуульд оролцоход ч, намын гишүүдэд ч сөргөөр нөлөөлсөнийг хойшдоо анхаарахгүй байж боломгүй. “Ухаантан алдааг өөрөөсөө хайдаг, тэнэг хүн алдааг бусдаас хайдаг” гэсэн ардынхаа мэргэн үгийг сөрсөн хувь хүн байтугай улс төрийн нам ч хол явахгүй нь мэдээж. Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль хэдийгээр хүн хүч, хөрөнгө санхүү, эрх мэдлээр эрс ялгаатай, хүч тэнцвэргүй өрсөлдөөн болсон ч хоёр хүний хавсайдалтыг МАН боломжийн хэмжээгээр сөрж чадсан сайн тал бий. Хэдий тийм ч бид сэтгэлгээний хэв маягаа нэн түрүүнд өөрчилж салхи савир оруулахгүй бол дараа дараагийн сонгуульд хэрхэх нь тайлагдашгүй хэвээр үлдлээ.
Нэгэнт улс төрийн хариуцлагатай сонгуульд оролцож, олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарж байгаа бол ирэх сонгуулиудад нэр дэвших боломжтой хүмүүсээ зөв тодорхойлох, цаашлаад эв нэгдэлийг хангах, өрсөлдөөний зарчмыг шударга болгох тал дээр бодитой ажлуудыг санаачлан хийх шаардлагатай. Энэ тухайд тухайлбал сөрөг хүчин дараагийн ялалтад хүрэхийн тулд хэрхэн ажиллах арга замаа тодорхойлж, юунд анхаарах талаар үргэлжлүүлэн өгүүлэх болно… /Үргэлжлэл бий/
“Тулах цэг” клуб
Г.Наранбаатар
URL: