Дахиад ялагдвал Харумафүжид зодог тайлуулах шахалт үзүүлнэ
Мэргэжлийн сумогийн Аки башёгийн эхний дөрвөн өдрийн дараагаар ёкозүна Хакухо, озэки Котоошюү нар таван даваатайгаар тэргүүлж явна. Харин ёкозүна Харумафүжи энэ дөрвөн өдрийн барилдаанд хоёр ч удаа уначихаад байна.
Нагоя башёгийн дараахь Ёкозүнаг сонгох хорооны хурлаар Харумафүжиг Аки башёд гурав болон түүнээс дээш удаа ялагдвал зодог тайлуулах талаар эхний шахалтыг үзүүлнэ гэдгийг сануулсан. Гэтэл Д.Бямбадорж одоогоор хоёр уначихаад байна.
Хэдийгээр өмнө дахиад 10 даваа бий ч гэсэн энгийн маэгашира цолтой бөхчүүдэд ялагдаж, кинбоши алдсныхаа төлөө Сумогийн холбооноос сануулга хүртэх магадлал их болчихоод байна. Зөвхөн сануулга хүртээд ч зогсохгүй шууд зодог тайлахыг түүнээс шаардаж, шахаж эхлэх цаг тулж ирэх юм.
Харумафүжи Аки башёд эхлээд Шохозанд түлхэгдэн дэвжээнээс гарсан бол өчигдөр Аоиямаг түлхэж гаргахаар дайраад дэвжээний захад тэнцвэр алдан түлхүүлчихсэн. Аоияма 192 кг жинтэй үлэмж биетэй бөх. Тэрбээр Харумафүжиг ялчихаад нулимс унаган баярлаж үзэгдсэн.
Харумафүжи Д.Бямбадоржийн хувьд 2013 оны нэгдүгээр сарын башёд нэг ч уналгүй түрүүлсэн ч түүнээс хойшхи гурван башёд 9-6, 11-4, 10-5 гэсэн амжилт үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, 45 барилдаанд 15 удаа унасан нь ёкозүна цолтны хувьд тун чамлалттай үзүүлэлт болчихоод байгаа юм.
Ёзозүна цолтныг нэг башёд дор хаяж 12 ялалт байгуулах ёстой гэж үздэг. Гэтэл Харумафүжи тэрхүү шаардлагад хүрэхгүй байгаа нь илт байгаа. Гэмтэл бэртэл түүний амжилтад нөлөөлж буй ч Сумогийн холбооны хувьд үргэлж үүнийг нь харж үзсээр байхгүй биз.
Тиймээс ч энэ сарын башёд 3-аас дээш унахгүй байхыг сануулсан. Харумафүжи энэ башёд дахиад нэг юмуу хоёр ялагдвал гарцаагүй зодог тайлуулах шахалтад өртөх болно.
Р.Гэгээ
Эх сурвалж: “new.mn“
URL: