Х.Уламбаяр: Бидний мэдэхгүй тэр л Алеппо хот
Алеппо муж хот нийслэл Дамаскаас баруун хойд зүгт 131 км оршдог, газар нутгийн хувьд 190 km2, далайн түвшнээс 379 m өргөгдсөн, координатын байршил 36°13′N 37°10′E. Хамгийн багаар бодоход 2,132,100 хүн амтай. Гэвч одоо тэдний ихэнх нь дайны цагийн маш хүнд хэцүү байдалд байгаа болно.
Алеппо бол Сирийн хүн ам хамгийн шигүү суурьшсан хот бөгөөд одоо энэ хотод цагтаа 4.4 сая орчим хүн амьдарч байжээ. Энэ хотын түүх МЭӨ 4300 оноос эхтэй. Алеппо хот анх хеттуүдийн хяналтанд байгаад улмаар Ассир, Грек, Персийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд оржээ.
Хожим нь ромчууд, византуудад эзлэгдэн, сүүлд нь монгол, туркчуудын мэдэлд орж байсан гэнэ. Хөгжлийн хувьд Османы эзэнт гүрний үед Стамбул, Кайрын дараа орох тийм өндөр хөгжилтэй байсан аж. МЭӨ VI зууны үеэс түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн тус муж хот нь Торгоны замын яг дамжлага болж байжээ.
Нэр усны хувьд түрүүн товч дурдсан. Арабчууд Халаб, европчууд Алеппо, харин азиуд Халеб гэж дууддаг гэж. Нутгийн иргэд өөрсдөө Халаб гээд яриад байна. Дээр үед Францууд тэднийг колончилж байхдаа Алеппо гээд “сургачихаж” гэж ойлголоо.
Тэдний яг “сонгодог” цусны араб гэж хэлэхэд хэцүү. Өөрсдөө бол бид хамгийн цэвэр үлдсэн араб гээд байгаан. Миний харж буйгаар тэдний ихэнх нь Монгол хүнтэй их төстэй. Тэр хамар, хацар, шанаа, түүш, уруул бүр уруулын хэлбэр. Арьс нь өөр болохоос монголжуу төрхтэй гэдэг оношийг миний хувьд тавилаа. Гэхдээ энэ талааар “Цасам”-ын Санчир эгч илүү угсаатан зүй талаас нь гоё тайлбарлах байх.
Энэ хэсэг газар Сирийн хамгийн хуурай цөл гэх бүсэд байрладаг. Агаарын хэмийн хувьд маш ойлгомжгүй байдлаар эргэдэг гэсэн. Жишээ энэ 9 сард хамгийн дээд тал нь 41 хэм хүрч халсан бол эрсэгээрээ 7 хэм болтлоо буурсан гэж байна лээ. Харин одоогоор жоохон бороо орсон чийгтэй. Гэхдээ нар мандсан. Нэлээн халах болов уу.
1260 онд Ил хаантын улсын Хүлэгү хаан Багдад, Дамаскийг эвдэн сүйтгэх замдаа өнөөх муу Алеппогоор ороод гарчээ. Бүр тийм домог хүртэл байдаг гэнэ. Өмнө нь сонсож байгаагүй ч нэгэн Алеппо хотын нэгэн хижээл насны өвгөн энэ талаар надад яриад л байсан. Би ойлгосноо бичих гээд үзье.
Чингис хааны ач тэрээр Сирид халдахаасаа өмнө “Баян тансаг Алеппо хотоо бидэнд нээж өг. Хоёр талын хуалдаа хийе. Бид тэгвэл Сири улсыг мөхөөхгүй. Эс тэгвээс газрын хөрснөөс арчина” гэжээ. Гэвч Алеппогийн мунхаг султанатууд түүнийг үл тоомсорлож “Муу золбин гөлөг хаанаас гасална вэ? гэсэн хариу илгээснээр Хүлэгү хотыг ямар ч өршөөлгүй эзлэн авсан гэнэ. Гэхдээ хамгийн гол Хүлэгү хаан Алеппогийн түүхийн чухал газруудыг сүйтгэлгүй үлдээсэн ба үүнд одоо хэр хотынхон “талархаж” явдаг.
Гэхдээ бас үүний дараа 1400-аад Доголон Төмөр хаан Алтан Орд, Ойрхи Дорнод, Моголистан, Энэтхэг, Сибирь Иран, Сири, Кавказын улсуудыг дайлаар мордохдоо хөөрхий Алеппог эрхшээлдээ оруулсан гэх ч мөн л нээх айхтар эвдэлж сүйтгээгүй бололтой. Учир нь Төмөрийн шүтдэг шашинтай Сирийн ард түмэн ойролцоо байсан тул тэгтлээ үзэн яаж, туурь балгас болгохыг завдаагүй болов уу.
За тэгээд үүнээс гадна энэ муж хотынхон Перс, Осман, Франц гээд улс гүрнүүдэд дээрэлхүүлж байсан бололтой. Өөрсдийнх нь түүх сударт бичсэнээр Персүүдтэй нэгийгээ үздэг байсан. Ер нь тэдний атганд ороогүй гэх. Харин Османчуудад үнэхээр хүчрэлгүй ялагдсан. Тэр хооронд өч төчнөөн босдог байсан гэсэн. Тэгвэл Францын хувьд арай өөр. Мандаттайгаа Сирийн сэргээн тохинуулж байсан гэж бичжээ.
1970-аад оны эхээр өнгөөийн Б. Ассадын аав болох Хафез аль-Ассад төрийн эрхийг авсанаар энэ хотын зүгээр нэг түүхийн дурсгалт газар бус Сири төдийгүй Ойрхи Дорнодын эдийн засаг, бизнесийн төв болгохоор зорьжээ. Өмнө нь баахан эртний түүх агуулсан шашин болон урлагийн бүтээл болох байгууламжууд сүндэрлэж байсан бол тэрээр энэ бүхнийг үнэхээр ухаалагаар өөрчилж чаджээ. Өөрөөр хэлбэл Алеппо хот маань орчин цагийн “меторполис” хот болсон төдийгүй Сирийг зүглэх жуулчид энд л ирдэг уламжлал тогтжээ.
Гэвч 2011 оны 3 сард “Арабын хавар “нэртэй Хойд Африк, Ойрхи Дорнодыг орнуудыг эмх замбараагүй, үймээн самуунд дуудсан давалгаа Сири улс ч мөн адил дайрч, бүс нутгийн хамгийн хүчирхэг улсыг ч ихэд доройтуулжээ. Тэрд дундаа энд өгүүлж буй Алеппо хот хамгийн ихээр өртөж, хүн төрлөхтний түүхийн охь дээж болсон барилга байгууламж, түүхийн шаштир, эрдэнэт хүн гээд бүхнээ золиослоод дуусаж байгаа нь энэ. Хэдийгээр ЮНЕСКО болон Сирийн Засгийн газраас уриалж, анхааруулсаар байгаа боловч босогчид нэртэй зэвсэгт этгээдүүд Алеппогийн аль өнгөтэй өөдтэй бүхнийг тонон дээрэмдэж, сүм дуганыг дэлбэлж, түүхийн бичгийг шатааж, хүн зоныг нь амьдаар яргалж байгааг нүдээр харлаа.
Биднийг энд ажиллаж байх үед хамгийн хүндээр тусаж байгаа зүйл хүмүүнлэгийн гамшиг гэдэгтэй шууд санал нийлмээр байна. Сирийн Иргэний дайн гэх балгаар Алеппог үндсэндээ мөхөж буй хот гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Хотын бүхий л дэд бүтэц, барилга байгууламж, зам тээвэр, холбоо харилцаа, үйлдвэр үйлчилгээ, банк санхүү гээд бүх салбар үндсэндээ “нурсан”. Нэгэн үе Алеппо Сирийн хамгийн хөгжилтэй муж төдийгүй хотын усны систем, инженерчлэл Ойрхи Дорноддоо шагшигдаж байсан гэвэл та итгэх үү?
Харин өнөөдөр Алеппо хотод зэвсэгт мөргөлдөөн, элдэв хүчирхийлэл, өлсгөлөн гуйланчлал, ажилгүйдэл ядуурал, халдварт өвчин гээд байж болох бүх зовлон нэрвэсэн бөгөөд хотын иргэдэд амьд үлдэх “найдвар” туйлын бага үлдсэн байх. Тухайлбал тэдэнд уух цэвэр ус, идэх хүнс, унтах асар майхан, хэрэглэх эм тариа төдийгүй эрүүл орчинд бие засчих газар хүртэл байхгүй байгааг харж болно. Биднийг энд хөл тавихаас л өмнө орчин цагийн “Сталинградад тавтай морил” гэж байсан нь санамсаргүй хэрэг биш байжээ. Нуулгүй хэлэхэд үнэхээр “амьдын там” болсон ертөнц яах нь үл мэдэгдэх тэр л эмгэнэлтэй өдөр хоногийг “хүлээж” байна.
Бидний үзсэн зовлон тэдний дэргэд юу ч биш юм байна.
Монголчууд бид энэ бүхнээс “сургамж” авах зүйл олон байна.
Зураглаач А. Билгүү
Сэтгүүлч Х. Уламбаяр
Алеппо хот, Алеппо муж, Сири
URL: