Ухаарал төрүүлсэн төсөөлөл

Ухаарал төрүүлсэн төсөөлөл

-Шинжээч бичиж байна-  

Дэлхийн эдийн засгийн чуулган (ДЭЗЧ) өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатарт болов. Монголын ирээдүйн тухай стратегийн ярилцлагыг өрнүүлсэн тус чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Дэлхийн эдийн засгийн чуулганы тэргүүн К.Шваб нар нээж үг хэлэв.

Олон орны бизнесийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, Монголын төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн нэртэй төлөөлөл оролцсон энэ ярилцлагыг Монгол Улс ашигт малтмалаа олборлож, борлуулахад амарханаас төвөгтэй байх, мөн эдийн засгаа төрөлжүүлж чадах, эс чадах гэсэн үндсэн хоёр тэнхлэгийн огтлолцолтой хавтгайн өнөөгийн байршлаас 2040 онд хүрч болох гурван өөр дөрвөлжинд очсон төсөөллүүдийг дараалан хэлэлцлээ.

Өнөөгийн байдлаар буюу ашигт малтмалаа борлуулахад харьцангуй амархан ч эдийн засгаа төрөлжүүлж амжаагүй байгаа I байршлаас борлуулахад амархан, эдийн засгаа төрөлжүүлж чадсан II байршилд очих хамгийн өөдрөг төсөөллийг шинжээч Б.Лакшми дүгнэн, цэгнэж хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. III буюу эдийн засгаа төрөлжүүлсэн ч уул уурхайн баялгаа борлуулахад хэцүү дундаж төсөөллийг Баабар, харин аль, аль нь тааруухан байх төсөөллийг миний бие дүгнэн, тайлбарлаж хэлэлцүүлгийг явуулсан юм.

Хамгийн тааруухан төсөөлөл хамгийн их санаа зовоож, хамгийн олон суурь асуулт тавьсныг уншигч та бүхэнтэйгээ хуваалцах нь зүйтэй гэж бодсон юм. Тэгээд ч энэ чуулганы нээлт, хаалтаас бусад үйл ажиллагаа хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болдог юм байна.

Хэрэв…

Хорин долоон жилийн дараа манай улс нүүрс, зэсээ борлуулахад ихээхэн бэрхшээл гарч, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж чадааг үй хэвээрээ байна гэж үзвэл юу болох вэ?

Тийм байдалд хүрнэ гэдэг нь геополитикийн сөргөлдөөний улмаас бүс нутгийн эдийн засгийн өсөлт болон ашигт малтмалын хэрэгцээ суларч, ашигт малтмалыг стратеги, улс төрийн хэрэгсэл болгож ашигладаг болж болох юм. Бусад орнуудын уул уурхайн хөрөнгө оруулалтын өрсөлдөөн шир үүсч, Монголын ашигт малтмал гологдон үлдэж болох талтай. Энэ тохиолдолд худалдан авагчид ашигт малтмалыг түүхийгээр нь авч өөрсдийн боловсруулах үйлдвэртээ нийлүүлэх бодлого барьснаар Монгол шиг ашигт малтмалын эдийн засагтай орны эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, нэмүү үнэ цэнэ бий болгох мөрөөдөл талаар болох магадлалтай.

Хэрэв тэгвэл Монголын зээл авах, гадаадаас хөрөнгө босгох өртөг улам өсөж, улмаар эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн болон мэргэжлийн боловсон хүчний нөөцийг татахад бэрхшээл гарах юм.

Төсөөллүүд заавал тийм болохыг урьдчилан харсан хэрэг биш боловч ирээдүйгээ олон хувилбараар төсөөлөх нь урган гарч болох бэрхшээл, боломжуудыг нарийн тооцож, эдийн засгийн тогтвортой хөгжлийн чанартай бодлого боловсруулахад чухал үүрэгтэй.

Тэгвэл …

Миний хариуцсан төсөөллийг Монголд олон жил амьдарсан гадаадын бизнес эрхлэгч байж болох хувилбар гэж шууд хэлэв. Тэрбээр Монголд Далай лам айлчлахыг эсэргүүцэн урд хөрш маань хилээ “техникийн шалтгаанаар” гурав хоног хааж ачаа, зорчигч тээврийн урсгалыг ноцтой гацааж байсныг, мөн хойд хөрш сав л хийвэл экспортын татвараа нэмж түлш шатахууны бүрэн хамааралтай шүү гэдгийг байнга сануулж ирсэн нь тэгж төсөөлөхөд өөрийн эрхгүй хүргэж буйг тайлбарлав.

Энэхүү төсөөлөл жишээ нь Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барихдаа үйлдвэр тус бүрийн бүтээгдэхүүнийг хэн худалдан авах баталгааг гаргуулахыг хичээх, болж өгвөл худалдан авагчдаар өөрсдөөр нь хөрөнгө оруулуулах, гарсан бүтээгдэхүүний тодорхой хэсгийг зах зээлийн үнээр худалдан авах замаар оруулсан хөрөнгөө нөхөж авахаар гэрээ байгуулах шаардлагатайг сануулж байна.

Төр засаг том том зээл гадаадаас авч, аль нэг үйлдвэр барихад зарцуулаад, тэр их өрийг нь хүүгийн хамт төсөл ашигтай, ашиггүй байхаас үл хамааран татвар төлөгчдийн мөнгөөр төлөх буюу ард түмэн хариуцаад үлдэх ёсгүйг сануулсан энэ төсөөлөл монголчуудыг зарим зорилтоо эргэн харахыг анхааруулж байна.

Хэрэв манай бүх экспорт ганц зах зээл болох Хятад улсаас бүрэн хамаарч, энэ улс худалдан авалтаа дуртай цагтаа зогсоогоод байвал яах вэ? Монголчууд бид яагаад том том зээл аван өрөнд унаж, дэд бүтэц байгуулсан хэрнээ бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй, баахан хөрөнгөө түгжих ёстой билээ? Өрийн дарамт, дуусгаагүй олон төслийн давхар чөдөрт баригдсан “Нигерийн гацаанд” орохгүйн тулд нэгд, үйлдвэржилтийн бүх төслийг хувийн салбараар хийлгэх, төр зөвхөн байгаль орчин, хүний аюулгүй байдлын стандарт тогтоож мөрдүүлэх, хоёрт болж өгвөл Хятад улсын компаниудын хөрөнгөөр бүгдийг нь хийлгэж, оруулсан хөрөнгөө гаргасан бүтээгдэхүүнийхээ хагасаар нөхөж авах гэрээ байгуулбал ямар бол?

Тавантолгойн цахилгаан станц, авто болон төмөр замыг Хятадын хөрөнгөөр бариулж, мөн бүтээгдэхүүнээсээ төлдөг болгохоос энэ ажлыг эхлүүлэх нь эрсдэл багатай бөгөөд Засгийн газрын өрийн дарамт ч нэмэгдэхгүй шүү дээ.

Ер нь…

Ийм тааруухан төсөөлөл та биднийг уул уурхайгаас гадна юугаараа олон улсын хөдөлмөрийн хуваарилалтад байр сууриа олж авахын төлөө ухаан бодлоо уралдуулах ёстойг сануулж байна.

Дэлхийн хоёр том гүрний төмөр замын царигийн 85 мм-ийн зөрөөг арилгасан, ачааг маш хурдан сэлгэн шилжүүлж чаддаг үйлчилгээтэй боомтуудыг нутгийн гүнд барьж болох юм. Өөр өөрийн царигаар орж ирээд Монголын нутагт уулздаг энэ замаар Оросын нүүрс болон бусад байгалийн баялгийг Хятадад, яваандаа Энэтхэгт хурдан, хямдхан хүргэх боломж гарна. Энэ үйлчилгээг хийж чадвал Ази Европын худалдааны эргэлт ч хурдасч, зардал нь хямдрах юм.

Хойд туйл дээгүүр Зүүн өмнөд Азийн ачааг Америкт хүргэх богинохон, хямдхан агаарын зам манай дээгүүр өнгөрдөг учир агаарын ачаа тээврийн зангилаа боомт бас байгуулж болно.

Хятад, Оросын иргэдийн Америк, Европын орнуудад очиж авдаг эрүүл мэнд, дээд боловсролын үйлчилгээг чаддаг хүмүүстэй нь Монголд авчраад байгуулчихаж яагаад болохгүй гэж. Энэ бүхнийг дагаад олон улсын банк санхүүгийн үйлчилгээ ороод ирнэ гэх мэт.

Заавал байгалийн баялгаа ухаад байлгүйгээр өөр юу хийж болохыг бид бодох шаардлагатай байна. Төсөөллүүд монголчууд хөгжлийн стратегийн бодлогоо оновчтой тогтоох, алс ирээдүйн хараагаа томъёолоход тус нэмэр болох бөгөөд эцсийн хэлэлцүүлгийг ирэх оны эхээр Швейцарийн Давост болдог Дэлхийн эдийн засгийн чуулган дээр зохиох ажээ. Тэр хүртэл Монгол Улс гадаадын хөрөнгийг эргүүлэн татах чиглэлээр бодитой, тодорхой ажлууд хийж амжина гэдэгт найдаж байна.

http://jargaldefacto.com/


URL:

Сэтгэгдэл бичих