Нүүрснээс бензин гаргах төслийн ажил эхэлсэнд Германы тал баяртай байна
Х.Баттулга сайд ХБНГУ-ын парламентын гишүүн Михайл Глосыг хүлээн авч уулзаж, хоёр улсын үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаа. Уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Тийдэман, III Нарийн бичгийн дарга Михайл Россбах нар мөн оролцсон юм.
Монгол Улсад тав дахь удаагаа айлчилж байгаа ноён Глос 1976 оноос хойш Парламентын гишүүнээр ажилласан, 2005-2009 онд Холбооны Эдийн засаг, технологийн сайдаар ажиллаж байсан ажээ.
Уулзалтын эхэнд Х.Баттулга сайд шинэчлэлийн Засгийн газраас улс орны эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгон төрөлжүүлэн хөгжүүлэх, ялангуяа байгалийн баялаг, түүхий эдээ өртөг нэмэгдүүлэн боловсруулах томоохон зорилтыг дэвшүүлсэнтэй холбогдуулан анх удаа аж үйлдвэрийн яамыг байгуулаад байгааг онцлон дурдав. Мөн Герман улсын технологийг үйлдвэрлэлийн салбарт авч хэрэгжүүлэхдээ Монгол Улс таатай байдгийг хэллээ.
Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн Монголын хэсгийг Х.Баттулга сайд ахалдаг бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа томоохон төслийн нэг болох нүүрснээс шингэн түлш гаргаж авах төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар өөрийн зүгээс шаардагдах алхамуудаа төлөвлөсөн хугацаандаа хэрэгжүүлж өнгөрсөн 07 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрснээс бензин гаргах төслийг дэмжин төсөл хэрэгжүүлэх багийг тус яаман дээр байгуулан ажиллаж байгаа талаар танилцууллаа. Мөн хөдөө аж ахуйн болоод хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр тус улсаас туршлага судлах хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
ХБНГУ-ын парламентын гишүүн Михайл Глос хоёр улсын үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжиж байгаад талархаад Монгол Улсын эдийн засаг цаашид зөвхөн ашигт малтмалын нөөцөд биш үйлдвэрлэлд түшиглээсэй гэж хүсч байгаагаа дурдав. Мөн нүүрснээс шингэн түлш гаргах төслийн ажил албан ёсоор эхэлсэнд талархаж, тус улсын технологийг авч хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн цаашид мэргэжилтэй боловсон хүчин сургахад хоёр улс хамтран ажиллах, үйлдвэрлэлийн олон салбарт шинэ технологи нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтой талаар ярив.
URL: