Төрийн ордонд буутай нэвтрэхийг завдсан “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн Засгийн газарт “…Эгэл олноо эс асрах ахул Эзэн ноёдыг тэнгэр гэсгээнэ” гэсэн шаардлага хүргүүлжээ

Өчигдөр Монгол улсын түүхэнд анх удаа иргэд Төрийн ордон руу зэвсэгтэй орохыг завдсан хэрэг гарав.
Урт нэртэй  хууль буюу гол,ой модны эх газарт алт олборлохыг хориглосон хуулийг өөрчлөх  төслийг эсэргүүцсэн “Гал Үндэстэн” хөдөлгөөнийхөн  нэг удаа буун дуу гаргав. Тэд  УИХ болон Ерөнхий сайд дараах шаардлагыг тавьж, хувийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт хаяглажээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АЛТАНХУЯГ ТАНАА

Монгол Улсын Ерөнхий сайд таны энэ өдрийн амгаланг айлтгая.

Засгийн Газрын 2012-2016 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг/цаашид хууль гэх/ бүхэлд нь хэрэгжүүлэх” заалтыг сануулж БОНХЯ-ны сайд С.Оюунд хүргүүлсэн 2013.05.13-ны өдөр хуулийг хэрэгжүүлэх “Засгийн газрын тогтоол”ын төслийг нэг цагийн дотор батлах, Хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 30 минутын дотор татаж авахыг тулган шаардаж байна.

Чингис хааны зарлигаас

Мандах буурах жам ёсон мөнх тэнгэрийн соёрхол буй за
Хөх Монгол мохош үгүйг мөнх тэнгэр таалах буй за
Хөх Монголын эгэл олон хөрстөд заяасан нутаг уснаа
Харь боол, зарц барлагаас дор халаглан зүдэрч амь зуух ахул
Улс Монголоо мөхөөвөөс уулын чинээ алтаар яах…
Ураг элгэнээ хөнөөвөл утсан чинээ амиар яах…
Хамгийг хамтатгасан хэрэг юун
Харийг номхотгох зол юун
Эгэл олноо эс асрах ахул
Эзэн ноёдыг тэнгэр гэсгээмүй” гэжээ.

Өчигдөр орой ЦЕГ-ын дэд дарга хурандаа Ж.Ганбаатар, НХЖХГ-ын дарга, хурандаа М.Энхтогтох, НЦГ-ын дарга, хурандаа Д.Батжаргал нар уг асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэд “Төрийн ордны арын цэцэрлэгт Зэвсэгт хүчин, армид хэрэглэдэг гар бөмбөг болон галт зэвсэг агсаж явсан хүмүүсийг саатуулан өдгөө ТЕГ-т шалгаж байгаа. Түүний дараа “Централ товер”, БОНХЯ-ны орчмоос тэсрэх бөмбөг олдоогүй. Харин Уул уурхайн яамны дэргэдээс гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгийг хайж, аюулгүй болгох ажлыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхантай хамтран хийлээ. БОНХЯ-ны орчмоос тэсрэх бөмбөг олдоогүй. Харин Уул уурхайн яамны орчмоос тэсрэх бөмбөг байж болзошгүй зүйлийг илрүүлэн аюулгүй болгосон. “Централ товер” болон УУЯ-ны орчмоос олдсон эдгээр бодисыг устгаж эзэн холбогдогчийг тогтоохоор ТЕГ, ЭЦГ, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч шалгаж эхэлсэн. Тиймээс иргэдийг амгалан тайван байж болно гэдгийг хэлье.

Харин албан байгууллагуудын удирдлага, харуул хамгаалалт, сонор сэрэмжээ чангатгаж ажиллахыг сануулъя” хэмээв.

Э.Мягмардорж


URL:

Сэтгэгдэл бичих