Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Меламинтай сүү

50936240d40f6303bigАрай л сүртэй том гарчиг өгчихөв үү дээ, энд ямар ч меламин байхгүй л дээ. Гэхдээ л…
Тав дугаар ангиа төгссөн зун буюу аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан долдугаар оны зун би гээч хүнд пионерийн зусланд амрах агуа их хувь тавилан тохиолдвоо. За юун ч сүртэй золиг вэ, агуа их хувь тавилан байхдаа ч яах вэ дээ гэж эрхэм уншигч авхай нар бодож магадгүй л дээ. Тэгвэл үгүй шүү, өнөө цагтай адилхан хэн дуртай аавын хүүхэд хэдэн зоосоо төлөөд л дуртай зусландаа очоод тарвалздагтай огт адилгүй цаг үе байсан юм.
Сэлбэ, Сөгнөгөр гээд олон улсын пионерийн лагерийн путёвка (Зусланд амрах эрхийн бичиг) бол сурлага, спорт, урлагаар урдаа барьдаг цөөн хэдэн лидр сурагчид л олдох, Дугана хад, Хандгайт гээд дотоодын пионерийн лагерьт ч тэдний дараа орох арай гайгүй сайн сурагч багачуулд л тийм хувь заяа тохионо уу гэхээс мань мэтийн сурлагаар шалихгүй, сахилга батаар базаахгүй нөхдүүдэд бол сургуулийн маань “Хөдөлмөр зуслан”-д амрах эрх олдоно гэдэг чинь ёстой л агуа их хувь заяа байлгүй яах вэ. Тэр үед Баянголд нүсэр том олон улсын пионерийн лагерь баригдаж байгаа ирэх жилээс ашиглалтанд орно, сурлага хөдөлмөр, соёл урлаг, биеийн тамираар тэргүүлсэн тэргүүний пионер сурагчдыг амраах болно гээд багш нар маань биднийг биеэ дайчлахыг шаарддаг байсан үе л дээ.
За ингээд ямартай ч хүсэн хүлээсэн өдөр ирж манай ангийн гавлууд байхгүй хир тааруухан сурлагатай хорь гаран хүүхэд, зэрэгцээ ангийн мөн л базаахгүй нөхдүүд нийлсэн дөч гаран үе тэнгийн охид, хөвгүүд гэрээсээ өөр, өөрийн хөнжил пүүгээгээ аваад хоёр ЗИЛ-130 машинд ачигдан Сэлбийн ам өгссөөр Гүнтээр даван Ар гүнт хэмээх газар охидын хоёр, хөвгүүдийн хоёр, багш нарын нэг нийт таван гэр, гал тогооны нэг майхан гэсэн “Хөдөлмөр зуслан”-д бууваа. Ирсэн өдрөө ч яах вэ, хүүхдүүд амарч өнж, маргаашнаас хүн бүр өөр, өөрийн саах хоёр, хоёр үнээгээ хүлээж авна шүү гэснээр ганц өдөр шавайгаа ханатал бужигналдаж аваад, маргааш өглөө нь шугам жагсаал хийсний дараа хүн бүрт хоёр, хоёр үнээ хүлээлгэн өглөө. За ингээд огт хийж үзээгүй үнээ саах ажилтай, саальчин гээч хүн болов оо. Нэг гэм нь хүн бүр тодорхой нормтой, хувингийн дундуураас арай доохнуур хадаасаар зурж өгсөн тэмдэгтэй, түүнд нь хүргэж сааж байж сая норм биелэх учиртай. Харамсалтай нь би өөрөө чадахгүй байсан уу, аль эсвэл надад таарсан хоёр мялзан нь тийм сааль муутай байсан уу, яаж ч матийж, мэрийгээд хоёр өдөр нормондоо хүргэсэнгүй. Бусад хүүхдүүд ихэнх нь ямартай ч нормоо саачихаад байгаа нь цаанаа л нэг шар хөдөлмөөр. Гурав дахь өдрийнхөө өглөөний саалинд гарч байтал сааж байсан үнээ маань саррхийтэл савируулан сарихаар нь хүний нүд хариулан хувингаа тосч орхилоо. Ингээд дээрээс нь хоёр үнээгээ саагаад анх удаагаа нормондоо хүргэж, тэр ч бү хэл нормоо давуулсан ч аль хэдийнээ хэн нэг нь хараад амжуулаад алтан хошуу өргөчихсөнийх баригдаж балрах нь тэр ээ.
Ингээд тушаал бууж байгаа ч юм уу, ахиж байгаа ч юм уу бүү мэд туслах тогоочоор томилогдов оо. Мэдээж охидуудын хэн нэгэн л алтан хошуу өргөсөн байж таараа гэж бодохоос ямар нэгэн аргаар хариугаа авмаар санагдаад элдвийг бодож байтал манай ангийн Тосон туулга (Зайлуул, бие их султай, өтгөн нь байнга хатаж байдаг хүү байсансан, түүний хоч нэр л дээ) энд байгаа шүү дээ гэсэн бодол харван орж ирэхэд эргэлзэж тээнэгзсэн ч үгүй, нөхрийн пүүгээний хавиар хайсаар санасанаа олж аван хоол хийх ажилдаа шамдан орлоо. Уг нь ч төмс арилгаж, хөшиглөх залхуутай ажил яаж хийнэ дээ гээд хүрч ядаж байсан хүн чинь ёстой л ажлыг гялалзуулж орхилоо. Тогооч авгайтай ярисаар та нэг тогоотой хоолыг нь хий, би нөгөөг нь таныг дуурайж хийе гэж гуйвал:
-Ажил хийж суръя гэсэн сайн хүү байна, тэгээ тэг гэлээ. Тогоондоо наран цэцгийн тос хийн, сонгино сармис болон махаа хийн хуурахад нь би нүдийг нь хариулж байгаад тосон туулга хийн мах ногоогоо хуураад шөлийг нь хийсэн хойноо бодвол ямар нэгэн туулга л байх ёстой хоёр боодол эм хийж орхисоноор охидын хоол бэлэн болох нь тэр ээ.
Ингээд үдийн хоолны дараа хоолноос гарангуутаа Тосон туулгыг дуудан дөрвөн шон босгон тааран шуудайгаар халхалсан хоёр жорлонг нь хоёулаа эзлэн хүлээж суутал төд удалгүй хэд, хэдэн охид сандран гүйж ирэн байж ядан хавчигнан эргэлдэхэд хоёулаа үхтэлээ шоолж, инээдээ барьж ядан байтал эхнээсээ тэртээх ой руу, зарим нь доошоо жалга бараадахаар гүйж одоход араас нь нэмэгдэж ирсээр л байлаа. Уйлах хүүхдийн хошного урд өдөр нь умалзанаа гэж Тосон туулга бид хоёр тэсэхээ байн, дороо дэвхчин хавчигнан байж ядах охидыг ёстой л үхтэлээ шоолон, шавайгаа ханатал инээлдэж авсан ч харамсалтай нь тэр шөнөдөө хөөрхий муу Тосон туулга маань давхар хэлмэгдэн, надтай хамт сүүний тэргээр хотруу буцаж билээ. Ингэж би амьралдаа анх удаа пионерийн хөдөлмөр зусланд амарч үзсэн ч дөрөв хонолгүй хөөгдөн буцсан хүүхэд багын минь хөгжилтэй түүх энэ бөлгөө.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2009-03-24 


URL:

Сэтгэгдэл бичих