Үнэгүй зорчуулах ч яах вэ, өөрсдийн гэсэн автобустай болгоход анхаараач

Парламент дахь эмэгтэй гишүүд нам, улс төр харгалзалгүйгээр нийгмийн амьдралд хэрэгтэй байгаа олон чухал хуулийг батлахаар хамтран ажиллаад багагүй хугацааг үдлээ.

Мэдээж тэдний хамтран ажилласны үр дүн гарсан уу, үр дүнтэй байж чадсан уу гэдэгт уншигч та бүхэн өөр, өөрийн хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч байгаа биз ээ. Тамхины хяналтын тухай хууль, “Олуулаа” хуулийн төсөл боловсруулан өргөн барьсан, Хүүхэд харах үйлчилгээг хуульчлах зэргээр олон үр дүнтэй ажил хийсэн.

Эмэгтэй гишүүдийн төлөөллөөс дараагийн боловсруулж байгаа хуулийн төсөл бол Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ сурагчдыг том оврын автобусаар үнэгүй зорчих талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж, өргөн барихаар болоод байгаа гэнэ. Нийтийн тээврээр зорчиход оюутнууд визагаараа үнэгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэтгэврийн насны хүмүүсийг үнэмлэхээр нь явуулдаг.

22_206Харин ерөнхий боловсролын хүүхдээс 200 төгрөг авдаг. Тиймээс хүүхдүүдийг ялгаварлан үзсэн энэ байдалд З.Баянсэлэнгэ гишүүн цэг тавихаар шийджээ. Тэрбээр, “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Хувь гишүүний зүгээс гурван хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Нэгдүгээрт, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд ямар ч орлогогүй шүү дээ. Гэтэл тэднийг нийтийн тээврээр зорчиход нь мөнгө авч байна.

Гэсэн атлаа оюутнаас виза нэрээр үнэгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэтгэврийн насны буурай нарыг үнэмлэхээр нь үнэгүй зорчуулж байна. Энэ шударга биш шүү дээ. Үүнийг засахын тулд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл өргөн бариад байна” хэмээлээ. Гэр хорооллын гишүүн маань амьдралд арай ойр зүйлийг сэтгэж байгаа нь энэ хэмээн түүнийг дэмжих хүн ч олон байгаа олон хүүхдийг баярлуулж, автобус компаниудыг бухимдуулах хуулийн төсөл нэг талаараа учир дутагдалтай байгаа юм. Ахмад настны хувьд тэд тийм ч их гадуур гараад явдаггүй.

Харин оюутнууд өглөө сургуульдаа очоод, орой харихдаа л хөнгөлөлтийн билетээ ашиглана уу гэхээс амралтын өдрөөр ашиглаад сүйд болсон зүйл алга. Харин сурагчдын хувьд хичээл тарлаа л бол үнэгүй зорчих тээврийн хэрэгслээ ашиглаж ийш тийшээ хэсч тэнээд алга болоод байвал яах вэ, гишүүн ээ.

Эцэг, эхчүүд нь хүүхэддээ ирэх, очих автобусны мөнгийг нь өгөөд явуулдаг. Харин өнөөх том толгойтой нөхдүүд автобус нь үнэгүй болчихоор үнэгүй унаагаар өдөржин хэсч, сэлгүүцээд олдохгүй болчихвол сурагчдыг баярлуулсан буянтан, эцэг эхийнх нь хар муу үгэнд утагдах вий дээ. Охид, хөвгүүдийн хувьд хэсч тэнээд байх нь ялгаатай, цаашлаад өрхийн амьжиргаа тааруухан, холоос сургуульдаа явдаг хүүхдүүдэд хэрэгтэй мэт харагдах ч эцэг эхчүүд бол энэ хуулийг дэмжихгүй байгаа гэсэн.

Харин иймэрхүү учир дутагдалтай хуулийн төсөл боловсруулж суухын оронд сургууль бүрийг өөрсдийн гэсэн сурагчдын автобустай болох асуудлыг хөндөх ёстой гэдгийг З.Баянсэлэнгэ гишүүнд дуулгахыг хүсч байгаа гэнэ лээ.

Энэ асуудлыг олон ч удаа хөндөж байгаа. Өдөр тутмын сонин, сайтын эмэгтэй эрхлэгч нарын үүсгэн байгуулсан “Даймонд пресс” клубын зүгээс сургуулиудыг автобустай болгох талаар санаачилга гаргаж нэг сургуульд автобус бэлэглэж байсан.

Энэ мэт нийгэмд чиглэсэн зөв зүйтэй санаачилгыг төр засгийн хэмжээнд анхаарахад УИХ-ын гишүүний зүгээс дуу хоолойгоо хүргэж, дэмжлэг үзүүлж ажилламаар байна, эмэгтэй гишүүд ээ. Хангалттай хүрэлцэхүйц биш юм аа гэхэд ядахдаа нэгээс хоёр автобустай болж хүүхдүүд өөрийн сургуулийнхаа автобусаар сургуульдаа ирж, очдог болчихвол аштай юу.

Ядахдаа л зам, тээврийн осол буурч, өдөр болгон машинд мөргүүлэх, амь насаа алдах зэргээр автомашины осолд орж байгаа хүүхдүүд эрүүл энх гэртэй харих нөхцөл бүрдэнэ.

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих