Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргана

Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргана

МАН-ын бүлгийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлын талаар болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцжээ.

МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, “Энэ удаагийн ээлжит бус чуулганаар эдийн засгийн хямрал, төсвийн орлого тасарч байгаа, валютын ханшийг хэрхэн тогтворжуулах асуудлыг хэлэлцэх байх гэж бодсон ч зөвхөн ашигт малтмалын хуулийг хэлэлцэх гэж байна. УИХ-ын даргын ээлжит бус чуулганы нээлт дээр хэлсэн үгнээс харвал Ардын намыг засаг барьж байх үед баталсан хуулиудаас болж эдийн засгийн орчин муудсан гэж ойлгогдохоор байна. Гэтэл тэдгээр хуулиудыг баталж байхад АН ч гэсэн оролцож байсан. Өнөөдрийн эдийн засгийн хямралд МАНыг буруутгах шаардлагагүй. Гэхдээ бид Засгийн газрын оруулж ирж хэлэлцүүлэх гэж байгаа нэр бүхий хуулийн төслүүд болон чуулганаар хэлэлцэх асуудлуудыг огт эсэргүүцэж байгаа юм биш” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Долларын ханш 1700 төгрөг хүртэл хүргэлээ. Одоо эдийн засгийн алдаатай бодлогуудаа засахгүй бол болохгүй гэдгийг МАН өнгөрсөн тавдугаар сард хэлж байсан. Валютын ханш гэдэг бол алдаатай бодлогоос үүдэлтэй. Эдийн засагт оруулж байгаа мөнгөний хэмжээ ДНБ-ний хэмжээтэй тодорхой хэмжээгээр уялддаг. Гэтэл нийлүүлсэн мөнгө байх ёстой хэмжээнээсээ давсан учраас ам.долларын ханшийг чангаруулахад нөлөөлсөн” гэсэн юм.

Тиймээс МАН-ын зүгээс эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдэгдэл гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих