Ихэнх хүмүүс мөргөл үйлдэх ёсыг төдийлэн сайн мэддэггүй
Монголчууд бид орон хийдэд ном уншуулж, засал хийлгэдэг. Гэхдээ ихэнхи хүмүүс сүм хийд оронд биеэ яаж авч явах болон мөргөл үйлдэх ёсыг төдийлэн мэддэггүй. Тиймээс энэ удаад сүм хийдэд мөргөлөөр очихдоо анхаарах зүйлсийг толилуулъя.
Цаг цагийн хурал мөргөлд ирэх юм уу, өөр бусад хэргээр орон хийд хүрээнд очихдоо хүрээний их ламд заавал мөргөх ёстой. Мөргөхдөө багш, ном, хуврага гурван эрдэнийн нэрийг дурдаж, өөрийнхөө хийсэн гэм нүглийг санаж, үнэн зүрхнээсээ сүсэглэж, таван цогцсыг газарт хүргэж, яаралгүй мөргөх хэрэгтэй. Мөргөлийн олон лам нараас юуны өмнө өөрийнхөө нутгийн ламд анхан мөргөж, адис хүртэх ёстой.
Орон хийдэд мөргөлөөр ирэхдээ өөрийнхөө чадал зэргээр хадаг самбай, мөнгө зоос, зулын тос, хүж, хөвөн, манзын сүү, цай, түлш, модноос эхлээд гар хоосон бишээр ирэх хэрэгтэй.
Мөргөлчин анхан ирээд нутгийн ламдаа мөргөж, тэндээс хийдийн үүдэнд мөргөөд дотогшоо орох хэрэгтэй. Тэндээс мөргөж гараад их, бага сүмүүдээр орж мөргөнө. Ирэх, буцахын цагт дацан хийдээ нар зөв тойрч явах ёстой. Дацанд ирэхдээ аягаа авч, эрихээ бариад, ариун цэвэр хувцасаа өмсөж, маань мэгзэм болон аль мэдэх таринаа уншиж ирэх ёстой.
Ирээд энэ тэр хүмүүстэй хөөрөлдөх, өнгийн юм үзэж харах, лам хуврагыг хүндлэхгүй гэх мэт явдлыг тэвчиж, шар улаан хувцастай хэн ч тааралдсан урдуур нь гарахгүй, нэг хэсэг хүлээгээд сүүлээр нь гар. Тамхи татаж болохгүй. Залуу эхнэрүүд лам нарын дэргэд ойр сууж болохгүй. Лам нарын дэвсгэр, ер нь шар улаан дэвсгэр дээр хар улс сууж болохгүй.
Дацанд ирж лам нартай уулзахдаа анхан өлзийтэй баяртай үг хэлэх, хожим нь ирсэн учраа айлдах нь зохистой.
Та бүгд сүм хийдэд очихдоо дээрхи зүйлсийг анхаарваас таны хийлгэж буй засал номын хүч улам арвидана. Учир нь та сэтгэлээ зөв зүйлд чиглүүлэн биеэ зөв авч явж байгаа гэсэн үг юм.
URL: