Цалин, тэтгэвэр нэмэхийг өнөөдөр шийднэ гэв

Б.ЭНХЗАЯА

Өнгөрсөн долоо хоногоос чихэнд чимэгтэй үйл явдал өрнөсөн нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх явдал байлаа. Энэ үйлдлээ баталж, тус холбооноос өнгөрсөн долоо хоногт тайван жагсаал зохион байгуулав. Тайван жагсаал зөвхөн нийслэлд ч биш Орхон, Дархан-Уул, Ховд зэрэг аймагт болсон юм.  Орон даяар нэг долоо хоногийн хугацаанд хүчээ авч олон мянган хүнийг хамарч чадсан энэ явдал өнгөрсөн баасан гаригт Ялалтын талбайд цугласан хүмүүсээс тод харагдана. Тэнд авто зам, барилга, боловсрол, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, төмөр зам, хот тохижилт, эрүүл мэнд, эрчим хүч, геологи, уул уурхай зэрэг бүх салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл цугларчээ. Тэд “Үнийн хөөрөгдөлтийг зогсоо”, “Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулъя”, “Шахалт дарамтгүй сайхан амьдралын төлөө”, “Ахмад уурхайчдын тэтгэврийг нэмэгдүүлж өг, “Эмнэлгийн ажилчдын цалинг олон улсын төвшинд хүргэ” хэмээн уриа лоозон барьж, сэтгэгдлээ илэрхийлж байлаа.  Тухайлбал, геологи уул уурхайн салбар тэр дундаа уурхайчдын нийгмийн хангамж туйлын хангалтгүй, энэ салбарын “хаягдал” болсныг үйлдвэрчний эвлэлийн тэргүүн нь бухимдаж байна. Өмнөх үед уурхайчидгүйгээр салбарын ажил урагшилдаггүй, тэдний толгойн дээр бүх ачааг үүрүүлж, хариуцлагыг ч нэхдэг байж. Түүнээс гадна ажил мэргэжлийн хүнд орчинд байснаас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их байсныг ч хэлж байна. Тиймээс уурхайчдын тэтгэвэр, тэтгэмжид онцгой анхаарахыг салбарын яаманд уламжлав. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хувьд ч энэ асуудал байсаар байгааг гишүүд хэлж байна. Хүний хамгийн үнэт баялаг эрүүл мэндийг сахин хамгаалагчдын цалин, хангамж муу байгааг онцоллоо.

Энэ өдрийн тайван жагсаалын зорилго нь ард иргэд орлогоо нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэл нэг чигт байгааг төрийн эрх мэдэлтэй хүмүүст илэрхийлж буй үйлдэл хэмээн МҮЭХ-ы ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцолж байлаа. Тэрээр “Энэ удаагийн тайван жагсаалын зорилго нь манай гишүүдийн асуудал биш, Монголын  2.8 сая иргэний асуудал. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа 1.2 сая иргэний асуудал юм” гэлээ. Тус холбооноос цалин, тэтгэврийн хэмжээг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгааг энэ үеэр хэллээ. Ийм хэмжээгээр нэмсэн тохиолдолд одоогийн  хүндрэлээс гарах боломжтой гэж үзэж байна. УИХ, Засгийн газарт хүргэсэн шаардлага, мэдэгдлийн талаар өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсныг УИХ-ын дарга З.Энхболд мэдэгджээ.  Ямартаа ч Засгийн газрын төвшинд асуудлыг ярилцахаар болсон нь нэг шийдэлд хүрэх нь гарцаагүй.


URL:

Сэтгэгдэл бичих