Нийтийн тээврийн үзлэг өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, таксийн тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийг хийхээр болсон байна.
Энэ талаар Техникийн үзлэгийн төвийн менежер Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Зорчигч тээврийн техникийн хяналтын үзлэг болох гэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Жилд хоёр удаа болдог зорчигч тээврийн үзлэг оношилгоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа нийт автобус, микро, таксины бүрэн бүтэн байдлыг шалгадаг. Энэ жилийн хоёр дахь удаагийн үзлэг оношилгоо маргаашнаас /өнөөдөр/ ирэх сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн оношилгоонд эхний ээлжинд Нийслэлийн тээврийн газрын бүртгэлийн санд бүртгэлтэй 2500 гаруй тээврийн хэрэгслийг оруулах төлөвлөгөөтэй байгаа.
Тодруулбал, үндсэн чиглэлд үйлчилдэг 1075 ширхэг том оврын автобус, туслах чиглэлд үйлчилдэг бага, дунд оврын 899 автобус, 16 аж ахуйн нэгжийн 711 такси эхний ээлжинд үзлэг оношилгоонд орно.
-Энэ үзлэгээр тээврийн хэрэгслүүдийг хэрхэн шалгадаг юм бэ?
-Нийтийн тээвэрт үйлчилдэг тээврийн хэрэгслүүдийг шалгахдаа гадна талын хаягжилт буюу чиглэл, буудал зарлагчаар тоноглосон эсэх, тэнхлэг, гэрэлтүүлэх хэрэгсэл, хорт утаа хаяж байгаа байдал зэрэг техникийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл нь эргономикийн стандартын шаардлага болох суудлын бүрээс, бариул, цэвэрлэгээ зэрэг бүх зүйлийг шалгах болно.
Ер нь тун удахгүй өвөл болох гэж байгаа учир цонх нь цантаад зорчигчид буудал өнгөрч буух тохиолдол их гардаг. Тиймээс буудал зарлагч нь зорчигчдод маш их хэрэгтэй зүйлийн нэг юм. Хэрэв зорчигчид анзаарсан бол “Цахилгаан тээвэр” компанийн дувобуснууд бүгд буудал зарлагчаар тоноглогдсон байгаа.
-Тээврийн хэрэгслүүд ихэвчлэн ямар шалтгаанаар тэнцдэггүй вэ?
-Ер нь үзлэгт тэнцэхгүй байгаа тээврийн хэрэгслүүдийн ихэнх нь өнгө үзэмж хангалтгүйгээс гадна тормоз, гэрэл, жолооны механизмын бүрэн бүтэн байдал зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү утаатай зэрэг үзүүлэлтээр тэнцдэггүй.
-Тэнцээгүй тээврийн хэрэгслүүдэд ямар хариуцлага тооцдог юм бэ?
-Үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслүүдийг засвар үйлчилгээ хийж дахин оношлуулах үүрэг өгдөг. Харин үзлэг оношилгоонд 2-3 дахь удаагаа давтан ороод тэнцээгүй бол тухайн тээврийн хэрэгслийг нийтэд үйлчлэхийг хориглож, Нийтийн тээврийн газрын бүртгэлийн сангаас хасна.
Хэрэв үзлэг оношилгоонд тэнцээгүй тээврийн хэрэгслийг нийтийн үйлчилгээнд гаргасан бол тухайн аж ахуйн нэгж болон жолоочид хариуцлага тооцох болно.
-Нийтийн тээврийн хэрэгслүүд үзлэгт хамрагдахдаа хуваарийн дагуу орох уу?
-Аж ахуйн нэгжүүдэд хэзээ техникийн оношилгоонд орох эсэхийг “Нийтийн тээврийн газар”-аас батлан гаргасан хуваарийн дагуу оруулна. Үзлэгт орох хуваарийг аж ахуйн нэгжүүдэд албан ёсоор мэдэгдээд байгаа. Ер нь өдөрт нийтдээ 40 тээврийн хэрэгсэл оношлогоонд орох болно.
Ж.Отгонмягмар
URL: