А.Гансүх: Очирхүү гуайн хувьд үнэхээр гэнэтийн томилгоо байсан

Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүх “Ярилцах танхим”-ын зочноор уригдлаа. “Улаанбаатар төмөр зам”шинэхэн даргатай болсон төдийгүй төмөр замын зарим нэгжийг хувьчлах асуудлыг хөндсөн “хэргээр”ойрын өдрүүдэд тэрбээр хэвлэлийнхэнд хамгийн эрэлт хэрэгцээтэй хүн болчихоод байгаа билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа толилуулъя.

-Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайдтай уулзсаных ярилцлагаа нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлаас эхлэх ёстой. Мэдээж энэ бол Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн шинэхэн даргын  томилгоо. Т.Очирхүү гуайн нэр огт дуулдахгүй байснаа гэнэт л дарга болчихсон. Хэрвээ нууц биш бол ямар процедураар тэр дарга болчихов оо?

-Нуух юм байхгүй ээ. Улаанбаатар төмөр замын  ерөнхий хороо болон хувь нийлүүлэгчдийн  хурал гурав хоногийн турш болж өнгөрлөө. Ерөнхий хороо хоёр хоног, дунд нь нэг хоног хувь нийлүүлэгчдийн хурал болсон. Ялгаа нь гэвэл  хувь нийлүүлэгч гэхээрээ Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж  манай яамны сайд Х.Баттулга, Оросын талаас “Оросын төмөр замууд” компанийн ерөнхийлөгч Якунин нар оролцдог юм. Тэрний дор ерөнхий хороо байдаг. Хоёр талаасаа гурав гурван гишүүнтэй. Өөрөөр хэлбэл, хувь нийлүүлэгч нар илүү их том асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Саяны хурал бол үнэхээр онцлогтой хурал болж өнгөрсөн. Нийгмийн анхаарлыг ч зүй ёсоор татсан байх. Үнэхээр чухал чухал асуудлуудыг шийдвэрлэсэн. Тэрний нэг нь Улаанбаатар төмөр замын даргыг томилосон явдал байлаа.

-Нийгмийн анхаарлыг татахаас ч аргагүй. Наймдугаар сараас хойш хүлээлгэсэн хурал шүү дээ?

-Тиймээ. Наймдугаар сараас хойш хүлээгдсэн нь үнэн. Тэр утгаараа улстөрчид, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж  олон талаас нь ярьж олон кандитат дэвшүүлж нийгэмд нэг ёсны хэлэлцүүлэг маягийн юм өрнүүллээ шүү дээ. Очирхүү гуайн хувьд үнэхээр гэнэт гарч ирсэн. Бид аравдугаар сарын  28-ны өглөө  Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 20/11 гэсэн дугаартай албан бичгээр Т.Очирхүү гуайн нэрийг хүлээж авсан. Ингээд хуралдаж Т.Очирхүү гуайг  даргаар томилсон шийдвэрийг гаргалаа. Мэдээж нийгмийн зүгээс энэ томилгоог тойрсон янз бүрийн санаа оноо гарах нь зайлшгүй.

-Энэ бол эрүүл үзэгдэл тийм үү?
-Тиймээ, байх ёстой л үзэгдэл. Яагаад гэвэл Улаанбаатар төмөр зам бол  Монгол улсын  ирээдүйн  хөгжлийг тодорхойлох компани болчихоод байгаа юм чинь аргагүй. Уул уурхайн томоохон төслүүдийн тоног төхөөрөмж, ачаа барааг төмөр замаар тээвэрлэнэ. Шинээр төмөр зам барих гээд асар их хөрөнгө оруулалт ч гаднаас орж ирэх тул нийгмийн анхаарлын гадна яагаад ч үлдэж  чадахгүй л дээ.

-Зөвхөн Монголын төдийгүй дэлхийн анхаарлыг татаж байсан. Манай орд газруудад, мөн төмөр замд  хөрөнгө оруулалт оруулах сонирхолтой гадны хөрөнгө оруулагчид энэ нийгэмлэгийн дарга хэн болохыг их л анхааралтай ажиглаж байсан байх шүү?
-Тиймээ, анхаарлаа хандуулж байсан байх. Энэ бол мэдээжийн хэрэг. Харин энэ томилгоог бид ямар өнцгөөс харах вэ гэдэг л чухал. Очирхүү гуайг Улаанбаатар төмөр замын дарга болсоныг дараах байдлаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт, эдийн засгийн боловсролтой хүн байх ёстой. Очирхүү гуай бол  ОХУ-д эдийн засгийн боловсрол эзэмшсэн хүн. Орос хэлээр чөлөөтэй ярина. УИХ-ын Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ч ажиллаж байсан болохоор улс орны хэмжээнд эдийн засгийг өргөн хүрээгээр харж мэдэрч ажиллаж байсан гэсэн үг. Тиймээс  төмөр замын компанийг удирдаад явахад түүний эдийн засгийн мэдлэг дутна гэж байхгүй.  Хоёрдугаарт, энэ хүн бол 1990 оноос хойш улс төрд явсан туршлагатай парламентч.  УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Түлш эрчим хүчний сайд,  Сангийн дэд сайд гээд улс төрийн  капиталтай хүн. Улаанбаатар төмөр зам бол компани гэхээсээ илүүтэй улс төрөөс хамааралтай байгууллага. Улс төрийн шийдэл яаж гарах вэ гэхээс энэ компанийн  үйл ажиллагаа ихээхэн шалтгаалдаг. Төмөр замын бодлогыг батлуулах үеийн улс төрийг та бүхэн санаж байгаа бол надтай санал нэг байх болно. Тийм учраас  улс төрийн шийдвэр гаргуулахад асуудлаа зөв  танилцуулж, дэмжүүлж чаддаг байх ёстой. Энэ талаасаа бол улс төрийн туршлага нь маш чухал.

-Тэр үнэхээр тийм хүн мөн үү?

-Мөн гэж бодож байна.

-Та нэгэнт томилгоо болоод өнгөрчихсөн учраас л ингэж яриад байна уу?
-Үгүй, үгүй. Энэ томилгоог бид хоорондоо яриад шийдчихсэн асуудал биш. Засгийн газар бодлогоор энэ хүнийг санал болгон томилуулж байгаа хэрэг шүү дээ. Санал болгохдоо ч зүгээр нэг санал болгоогүй. Саяын миний хэлсэн давуу талуудыг  олж харсаны учир шийдвэр гаргасан хэрэг. Өөрөөр хэлбэл энэ Монгол улсын Засгийн газрын бодлого.

-Засгийн газрын бодлого уу эсвэл МАХН-ын бодлого уу гэдэг л эргэлзээтэй асуулт араасаа дагуулаад байх шиг байгаа юм.
-Энэ бол Засгийн газрын бодлого гэж би ойлгож байгаа.

-Очирхүүг томилъё гэж Засгийн газар кабинетаараа хэлэлцсэн гэж үү?
-Засгийн газар дээр болсон процедурыг би мэдэхгүй байна. Би юу мэдэх вэ гэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан тоотод Т.Очирхүүг санал болгосон байгааг л мэднэ. Тэгээд л Ерөнхий хороон дээр яриад дэмжлэг авсан.

-Би Улаанбаатар төмөр замыг төрийн өмчит компани гэж ойлгодог байлаа. Гэтэл энэ чинь улс төрийн байгууллага юм байна, тийм үү?
-Үгүй ээ яалаа гэж. Аж ахуйн нэгж шүү дээ. Тэгээд ч энэ байгууллагын даргаар хэн тавигдахыг Ерөнхий хорооны гишүүд санал болгохгүй. Зөвхөн Засгийн газар шийдэж хүнээ санал болгодог. Улаанбаатар төмөр замын 50 хувь нь манай Засгийн газрын өмч шүү дээ.  Харин улс төрийн байгууллага гэж дүгнэж байгаа чинь өрөөсгөл ойлголт байна. Улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд ажиллахад улс төрийн капиталтай, тэр талын туршлагатай хүн ажиллахаар болсон нь давуу тал гэж би хэлсэн юм.

-Ардчилсан намын сайд ингэж ингэж яриад байгаа нь хүмүүсийн анхаарлыг татаж магадгүй л юм даа?

-Би аль намынх байх нь өнөөдрийн  Засгийн газрын үйл ажиллагаанд хамаагүй. Намынхаа эрх ашгийг  өмнөө тавьж ажиллах юм бол хамтарсан Засгийн газрын бодлого хэрэгжихгүй шүү дээ. Тэгээд ч манай нам Төмөр замын даргын асуудлаар ямар нэгэн байдлаар байр суурь илэрхийлээгүй шүү дээ.

-Оросууд манай Засгийн газрын  санал болгосон хүнийг хүндэтгэлтэй хүлээж авсан уу?
-Тэгсэн, хүндэтгэлтэйгээр хүлээж авсан шүү. Ерөнхий хорооны оросын талын гурван гишүүн гурвуулаа татгалзаагүй.

-Даргын асуудлыг  хэлэлцэхээсээ өмнө урьдчилан тохирох байдлаар ямар нэгэн уулзалт зохион байгуулсан уу?
-Өмнө нь Оросын төмөр замууд компанийн Ерөнхийлөгч Якунин манай Засгийн газрын уридлагуудтай уулзаж нэлээн өргөн хүрээнд ярилцсан. Би тэр уулзалтад ороогүй. Тиймээс  тэр уулзалтын үеэр даргын асуудлыг хөндөж ярилцсан эсэхийг би мэдэхгүй байна.  Уулзалт болох нь болсон. Юу ярьсаныг нь мэдэхгүй.

-Якунин өмнө нь Жигжиднямааг илэрхий дэмжиж байсан гэсэн ойлголт нийгэмд байгааг юу гэх вэ?

-Якунин Жигжиднямааг дэмжээгүй шүү дээ. Тийм  юм болоогүй. Ташаа ойлголт байна.  Монголын талаас санал болгох кандитатыг Якунин яагаад мэдэх гэж. Тийм зүйл байхгүй.

-Бараг 20-иод хоногийн өмнө манай сонинд Пүрэвбаатар ярилцлага  өгсөн юм. Тэгэхдээ нэгэнт Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамыг Ардчилсан намын хүн толгойлж байгаа болохоор Улаанбаатар төмөр замын даргад энэ намын хүн байвал зүгээр гэсэн утгаар ярьсан.  Үнэхээр тийм юм болох нь гэж нэг хэсэг хүн бодох байх ?
-Энэ бол зүгээр л хүмүүсийн бодол. Пүрэвбаатар гэдэг хувь хүний өөрийнх нь үзэл бодол.

-Та кабинетийн гишүүн учраас кабинет нэг үзэл бодолтой байх ёстой гэсэн байр суурьнаас асуудалд хандаад байна уу эсвэл улстөрчийн байр сууриар яриад байна уу?
-Би дэд сайдын байр суурийг баримталж байна.

-Тэгвэл Засгийн газрын байр суурийг хамгаалж байгаа юм байна, тийм үү?
-Засгийн газраас ирсэн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой,  Тэгээд ч биелүүлсэн учраас ингэж ярьж байна. Засгийн газрыг төлөөлж  Улаанбаатар төмөр замын  Ерөнхий хороонд сууж байгаагийнхаа хувьд  Засгийн газраас ирсэн удирдамжийн дагуу л ажиллах ёстой. Тэр үүргээ биелүүлсэн.

-Таныг тэр хурал дээр гэв гэнэт төмөр замын цэцэрлэг, дэлгүүр, эмнэлгийг хувьчлах асуудал хөндөж  оросуудыг айлгаад тэд цочирдсондоо хурлаа хаяад гарсан гэж нэг сонинд бичсэн байсан. Тийм сонин содон зүйл  болсон юм уу?

-Болсон явдал огт өөр. Зөвхөн энэ хурал дээр ч биш Ерөнхий хорооны бүх хурал дээр бид хоорондоо маргадаг. Асуудлаа  шийдэхэд санал зөрдөг.  Байдаг л процедур. Тийм сонин содон юм биш. Өмнө нь би хоёр,  гурван ч удаа санал зөрснөөс болж хурал хаяж гарч байсан юм шүү.  Тэр сонинд маш буруу гурван  мэдээлэл гарсан байна билээ.  Тэд огт мэдээлэлгүй байна. Бас надаас тайлбар авсангүй. Нэгдүгээрт, Ариунболд гэдэг хүний тархийг би хагалаад одоо цагдаад шалгагдаж байгаа гэж бичсэн байсан.

-Тэр нээрээ юу болсон юм бэ. Одоо хүртэл та огт тайлбар өгөөгүй байгаа шүү дээ?
-Би биш харин Ариунболд гэдэг хүн миний эхнэрийн тархийг пивоны грушикээр цохиод хагалсан. Эрүүгийн хэрэг надад дээр биш Ариунболдод үүссэн байгаа. Хан-Уул дүүргийн цагдаагаас очоод лавлаж болно.

-Тэр хүн согтуу байсан юм уу?
-Согтуу байсан.

-Харин та?
-Эрүүл байсан. Би машин барьж явсан учраас огт амсаагүй. Цагдаа энэ асуудлыг тогтоочихсон шүү дээ.

-Ариунболд гэдэг чинь “Монгол бальзат”-ийн Ариунболд мөн үү?
-Мөн. За нэгдүгээрт энэ асуудал бол иймэрхүү. Ариунболдоос сэтгүүлчид юу болсоныг асууж болно биз дээ. Гэтэл  огт асуухгүй намайг буруутан болгоод бичээд байх юм. Хоёрдугаарт, тэр хурлаар 17 асуудал  хэлэлцсэн гэжээ. Тийм биш, бид найман асуудал хэлэлцсэн.  Гуравдугаарт, цэцэрлэг, эмнэлэг, дэлгүүрийг хувьчлах асуудал ерөөсөө яригдаагүй. Би хэлэлцсэн асуудлын жагсаалтыг үзүүлж болно.

-Та тийм асуудлыг  огт тавиагүй юм уу?
-Үгүй. Харин хэлэлцсэн асуудлын гуравдугаарт, Улаанбатаар төмөр замын нийгмийн обьектуудыг төрийн өмчид шилжүүлэх ажлын тухай  гэж бий. Том ялгаа байгаа биз. Хувьчлах биш харин төрийн өмчид шилжүүлэх тухай асуудлыг ярилцсан. Улаанбаатар төмөр замд нийгмийн обьектууд байдаг. Сургууль, эмнэлэг, дэлгүүр, уурын зуух ч бий.  Жишээ нь Замын-Үүдийг дулаан хангамжийг Улаанбаатар төмөр зам хариуцдаг.  Түүнийг орон нутагт нь шилжүүлье. Энэ асуудлаар сайдын тушаалаар Төмөр замын газраас ажлын хэсэг гараад бүтэн жил ажиллаж байгаа.  Ажлын хэсгийн  ажлын явцыг бид саяны хурлаар сонссон юм. Тэгэхээр бид Улаанбаатар төмөр замын мэдэлд байгаа нийгмийн обьектуудыг төрийн өмчид шилжүүлэх тухай л ярилцсан.  Хувьд шилжүүлэх тухай огт яриагүй.

-Тэгвэл оросуудтай маргасан асуудал гарсан уу?
-Гарсан. Энэ бол тавдугаар асуудал.

-Тэр нь юун тухай байсан юм бэ?
-“Рэйлком” төвийн үйл ажиллагааны тухай асуудал байсан. Энэ ямар учиртай юм бэ гэхээр “Рэйлком” төв  гэж  Улаанбаатар төмөр  замын  төмөр замын шугамыг дагасан шилэн кабелыг  1990 онд  манай  Засгийн газар Японы Засгийн газрын зээлийн санхүүжилтээр  татсан юм.  Өөр олон зүйл  төмөр замд хэрэгжсэнээс илүү гарсан мөнгөөр нь  тэр кабелийн суурилуулсан. Энэ шилэн кабел өнөөдөр манай улсын интернэтийн хэрэгцээг хангадаг юм шүү дээ. Энэ шилэн кабелиас хувийн компаниуд  бөөний үнээр интернет урсгал авч  цааш нь хэрэглэгчдэд зарж байгаа. Тэгэхээр уг шилэн кабелийг өмчилж үйлчилгээ үзүүлдэг  “Рэйлком төв”УБТЗ ХНН-ийн харьяанд байдаг. Нэг үгээр хэлбэл “Рэйлком “төв  гаднаас бөөний урсгал авч  бусад оператор компаниуд цааш нь жижиглэнгээр зарж байна гэсэн үг.  Ингээд  жилдээ 900 сая, цаашлаад миллиард төгрөгийн ашиг оруулдаг байсан юм. Энэ  орлогоор Японы  Засгийн газрын зээлийг төлөх ёстой. Гэтэл 2009  оны арваннэгдүгээр сард “Жемнэт” гэдэг компанитай Улаанбаатар төмөр зам гэрээ хийсэн байсан. “Жемнэт” гэдэг компани “Рэйлком”-ын шилэн кабелтэй зэрэгцүүлэн  шилэн кабел татсан.  Энэ гэрээний хамгийн сонирхолтой нь “Рэйлком”-ын гадагшаа гардаг тоног төхөөрөмжийг ашиглаж гадаад холболтоо тэр компани  хийсэн.

-Түрээсэлж байна гэсэн үг үү?

-Түрээсийн төлбөр ч төлдөггүй юм. Тэгээд энэ компанийн тоног төхөөрөмжийг ашиглаад гадагшаа интернэтийн эрх аваад ажиллаад эхэлсэн.  Гэтэл нөгөө хувийн компани чинь хямд үнэ хэлээд “Рэйлком”-ын бүх хэрэглэгчдийг өөртөө татаад авчихсан.  27 хэрэглэгчээс 5 нь л үлдэж бусад нь “Жемнэт”-д очсон. Одоо “Рэйлком” бүх орлогоо алдаад дампуурах гэж байна. Энэ гэрээг төмөр замд ашиггүй  гэрээ байна гэж үзээд цуцлах саналыг өнгөрсөн тавдугаар сард тавьсан. Яагаад гэвэл тухайн үед энэ гэрээнээс болоод төмөр зам  600 сая төгрөгийн алдагдал хүлээчихээд байсан.  Тэгсэн  чинь оросууд зөвшөөрөөгүй. Тэр үед би оросуудтай маргасан. “Улаанбаатар төмөр замд ашиггүй гэрээ байна. Яаралтай  арга хэмжээ авахгүй бол төмөр зам цаашдаа асар их мөнгөний алдагдалд орно” гэсэн  боловч тухайн үедээ оросуудтай тохирч чадаагүй.   Гэтэл  аравдугаар сар гэхэд алдагдал нь тэрбум 400 мянга даваад явчихсан.

-Тэгвэл анх гэрээг байгуулахад нь яагаад зөвшөөрчихсөн юм бэ?

-Гэрээг байгуулахдаа  Улаанбаатар төмөр замын Ерөнхий хороогоор хэлэлцүүлэлгүй 10 жилийн хугацаатайгаар  хийчихсэн байсан. Хэн ч мэдээгүй. Инженер техникийн ажилчид хориглож болзошгүй алдагдлыг сануулсаар байхад гэрээг байгуулсан байдаг юм. Энэ тухай би оросуудтай  маш их маргалдаж бүр хурал хаяж ч гарсан. Тэгж байж оросууд ойлгож, “Гэрээг  14 хоногийн дотор өөрчил. Өөрчилж чадахгүй бол хүчингүй болго” гэсэн шийдвэрийг Ерөнхий хорооноос гаргасан. Тиймээс би төмөр замын эрх ашгийн  үүднээс л асуудалд хандсан. Гэтэл үүнийг мушгиж хэвлэлд худал мэдээлэл гаргах эрх ашиг хэнд байгаа нь ойлгомжтой биш үү.

-Тэр гэрээг анх хэн байгуулсан юм бэ.
-Улаанбаатар төмөр замын дарга албан тушаалаа ашиглан гэрээг байгуулсан байсан.

-Отгондэмбэрэл дарга уу?
-Тиймээ, Отгондэмбэрэл  даргын үед гэрээ байгуулагдсан.

-Харин “Жемнэт”компанийн захирал нь хэн бэ?
-Бат-Эрдэнэ гэж хүн бий.

-Тэр ямар эрх мэдэлтэй, танил талтай хүн болохоороо  Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр тийм гэрээ байгуулж чаддаг байна вэ?

-Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны дарга байсан  Бат-Эрдэнэ гэдэг хүн  өөрөө энэ албан тушаалд байхдаа гэрээг байгуулчихаад ажлаасаа  гараад “Жемнэт”-ийн захирал нь болчихсон байсан.

-Ямар сонин юм бэ. Одоо тэгээд төмөр замд учруулсан тэрбум гаруй төгрөгийг хэн төлөх вэ?

-Төр засаг гэж байдаг л  юм бол тийм алдагдалтай гэрээг байгуулсан хүмүүсээр төлүүлж л таарна даа.

-Өнгөрсөн хугацаанд  “Жемнэт” тэгээд ямархуу ашигтай ажилласан бол?

-Мэдээж төмөр замд учирсан алдагдал тэр чигээрээ ашиг болоод нөгөө компани руу орчихсон байж таарна.

-Одоо хоёулаа сэдвээ өөрчилье. Тавантолгой руу татах төмөр замын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Сайн хангагдаж байгаа.  Есдүгээр сарын 11-нд олон  улсын тендерийн  өмнөх зөвлөлдөх уулзалт хийсэн.  Сонирхож  байгаа талууд ирээд санал бодлоо солилцоод боловсруулаад Засгийн газарт өгчихсөн байгаа.  Тэргүүн шадар сайд Алтанхуягийн ахлаж байгаа ажлын хэсэг манай саналыг авч  судалж  Засгийн газрын бодлогод нийцүүлээд асуудлаа оруулна. Ер нь миний баримжаагаар энэ сардаа багтаад тодорхой шийдвэр гаргана.  Гол зарчим нь шийдэгдэх байх.  Хөрөнгө оруулагчтайгаа ямархуу байдлаар хэрхэн хамтран ажиллах вэ зэрэг нь тодорхой болно.

-Одоогоор ямар компаниуд тендерт оролцохоо илэрхийлээд байгаа вэ?
-Солонгосын төмөр замын  консерциум, энэ нь дотроо 24 компанитай. Дандаа дэлхийд алдартай компаниуд нь багтсан байна билээ.  За, Оросын “РЖД”. Японы  Сумимото.  Гэхдээ япончууд бид оролцож болох юм гэхдээ танай төр засгаас асуудлаа тодорхой болгосны дараа илэрхийлнэ гэсэн утгаар хандаж байсан.  Хятадын хоёр компани бас саналаа ирүүлчихээд байгаа.

-АНУ-аас ямар нэгэн компани саналаа ирүүлээгүй юм уу?
-Үгүй.

-Одоо дахиад Оросын талыг дэмжсэн бодлого баримтлахгүй юм байгаа биз дээ?
-Яагаад Оросын талыг баримталсан бодлого гэж. Сэтгүүлчид ингээд буруу анализ хийгээд байх юм. Хаана хэзээ Оросын талын бодлого баримталсан гэж…

-Алс Дорнодын төмөр зам дээр Оросын талыг баримтлаа биз дээ?
-Үгүй дээ, Алс дорнодын хувьд тэр бодлого чинь Оросын талынх биш манай талын бодлого байхгүй юу. Тэр  бол Монгол улсын баримталсан бодлого. Яагаад гэвэл  манай төмөр зам  Алс Дорнодоор Оросын гурван боомт руу очиж байгаа биз. Цаашаа Япон, Солонгос, Энэтхэг, Тайвань гээд дэлхийн зах зээл рүү гарч байгаа юм. Өөрөөр  хэлбэл,   бид өөрийнхөө түүхий эдийг, эсвэл боловсруулсан бүтээгдэхүүнээ хамгийн их хэрэглэгчидтэй гуравдагч зах зээл рүү гаргахаар болсон гэсэн үг. Оросын гурван боомтыг ашиглаад   шүү дээ. Тэгэхээр энэ бол манай бодлого.  Оросын бодлого биш. Өндөр үнэтэй хэрэглээ ихтэй зах зээл рүү бид чадлаа гэсэн үг. Би энэ гурван боомтыг нэр зааж тохирсон юм шүү.  Боомт боомт гээд л яриад байсан болохоос биш яг ямар боомтоор дамжуулах нь бүрхэг байсан.  Тэгээд оросуудаас за яг ямар боомт санал болгож байгаа юм бэ нэрсийг нь өгчих гэж байгаад энэ гурвыг сонгосон юм. Батлуулж чадсан.

-Оросууд тэр гурван боомтыг ашиглуулах болсоныхоо төлөө манайд тарифаа 65 хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэсэн үнэн үү?

-Хөнгөлөлтөө өгчихсөн байгаа. Одоо мөрдөгдөж байгаа.

-Хэдэн жилийн хугацаатай хөнгөлөлт вэ?

-Яг одоо яригдаж байна. Гэрээг боловсруулахаар ажиллаж уулзалт хийж байгаа. Ерөнхий сайдын захирамжаар дэргэд ажлын хэсэг байгуулсан.

-Ахлагч нь та байх аа?
-Тиймээ, би ахлаж байгаа. Сая есдүгээр сард Эрхүүгийн  эдийн засгийн форумд очихдоо оросын талтай урьдчилсан протоколд гарын үсэг зурсан.  Хөнгөлттэй тарифыг мөрдөх хугацааг тохирох талаар.   Одоо энэ протоколынхоо  дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах   ажлын хэсэг ажиллаад явж байна.

-Хөнгөлөлтийн хувьд 65 хувиа баталгаажуулаад авчихсан юм байна. Одоо тэгэхээр зөвхөн хугацаан дээр ярилцаж байгаа юм байна. Засгийн газар хоорондын хэлэлцээр хэзээ байгуулагдах вэ?
-65 хувийн хөнгөлөлт одоо мөрдөгдөөд явж байгаа. Одоо зөвхөн хугацаан дээр л ярьж байна.  Хэлэлцээр байгуулах талаар хоёр талын ажлын хэсэг ажиллаж байгаа. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг гаргачихсан. Энэ сарын дундуур Москва руу явуулчих байх. Тэгээд Ерөнхий сайдыг Москвад айлчилахад нь байгуулах санаатай л ажиллаж байна.

-Ажил урагштай л байгаа юм байна, тийм үү?

-Тиймээ, гайгүй л явж байна.

-Чойбалсангийн чиглэлд тавих төмөр замын төсөл дээр Өмнөд солонгосчууд хамтарч байгаа юм уу?
-Тиймээ, Сая л гэхэд Солонгосын консерциум 20 хоног ажиллаж байгаад явлаа. Газар дээр  нь очоод хөрсийг нь үзээд  судалгаа хийсэн.  Солонгосчууд юу гэсэн гэхээр  “Манай технологиор танай нөхцөлд төмөр зам тавьж болох юм байна” гэсэн.  Өртөг зардлаа ч тооцоод 1км замыг 2.5 сая ам.доллараар барих боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргачихсан.  Зөвхөн энэ чиглэлийн замыг ч биш Монголын нийт төмөр замын мастер төлөвлөгөөг хийе гээд ажил нь  ерөнхийдөө хийгээд явж байгаа.

-Дэд сайд Ганхсүхтэй нэлээд ярьчихлаа. Харин одоо Ардчилсан намаас хамтарсан Засгийн газарт ажиллаж буй улстөрч Гансүхийн үзэл бодлыг сонсмоор байна?

-Хийж буй ажлаа л ярих нь илүү хүмүүст хэрэгтэй байх. Би улс төрийн ямар нэгэн үзэл бодол илэрхийлмээргүй байна.

-Яагаад?
-Би одоо болж байгаа улс төрийн үйл явдалд дүгнэлт өгч чадахгүй байна.

-Та энэ яамны сайдаар томилогдохдоо улс төрийн албан тушаалд улс төрийн томилгоогоор ирсэн биз дээ?
-Тэгсэн. Намын шийдвэрээр томилогдож ирсэн. Гэхдээ мэдээлэлгүй байна. Албан ёсны ямар ч мэдээлэлгүй, хэвлэлээс л уншиж байна.

-Хуульч мэргэжилтэй таныг  Барилга хот байгууллатын яаманд дэд сайдаар очиход хүмүүс нэлээд гайхсан шүү?

-Намын томилгоо л байсан. Би биелүүлэх ёстой. Тэгээд л ажиллаж байна.

-Улсын Ерөнхий прокурорыг томилохын өмнөхөн тэр албан тушаалд таны нэр сонсогдоод байсан. Танд өөрт чинь албан ёсоор хэлсэн ярьсан юм байсан уу?

-Үгүй. Яагаад ч юм бэ миний нэр зарим нэг сонин дээр гараад л байсан. Би ч гайхсан.

-Би лав таныг тэр хавьд очсон бол гайхахгүй байлаа?
-Яагаад…

-Нэгдүгээрт та хуульч хүн. Хоёрдугаарт та З.Энхболдтой олон жил гар нийлж ажилласан. Тэр  Ц.Элбэгдоржтой  ойр дотно байсан.  Тэгэхээр Ерөнхийлөгчийн зүгээс хийгдэх томилгоонд З.Энхболдын санаа бодол нөлөөлдөг байж болох юм?
-Хэн хэндээ хэрхэн  нөлөөлдгийг мэдэхгүй юм. З.Энхболд даргатай бол би олон жил хамт ажилласан. Гэхдээ ямар нэгэн томилгоон дээр тэгж оролцох шаардлага байхгүй шүү дээ. Намайг хуульч мэргэжилтэй  болохоор сэтгүүлчид жаахан “хардсан” байх. Би тэгж л бодож байна.

-Тэгвэл Ардчилсан намын даргыг солих эсэх талаар танай намын гишүүд санал бодлоо илэрхийлж эхэллээ. Таныхаар бол яасан нь дээр вэ?
-Би улс төр ярьмааргүй байна гэж танд хэлсэн шүү дээ.

-З.Энхболд гишүүн намын даргад өрсөлдөж намаа хамтарсан засгийн газраас гаргана гэдгээ ил тод амаллаа. Та тэр талаар ямар бодолтой байна вэ?

-Намын гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороо асуудлыг шийднэ. Би энэ хоёр байгууллагын гишүүний хувьд тухайн хурал дээр өөрийн бодлыг илэрхийлнэ.  Нам дотроо яриагүй байж, хэвлэлээр үзэл бодлоо илэрхийлэхгүй.

-Тэгвэл хамтарсан  Засгийн газар хэр ажиллаж байгаа вэ?
-Засгийн газарт үнэлэлт дүгнэлт өгөх байгууллага нь УИХ. Бас ард түмэн. Түүнээс бид өөрсдийгөө дүгнэх эрхгүй.

-Таниар яагаад ч улс төр яриулж дөнгөхгүй юм байна. Эцсийн асуулт. Хуульч мэргэжилтэй та Зам тээвэр барилга хот байгуулалтын дэд сайдын албыг сайтар хашиж чадаж байгаа юу?
-Ямар ч байсан хийх ёстой ажлаа хийгээд л явж байна.  Хүн юм асуухад хийсэн ажлаа ярьчихаж байна. Хийх ажлаа ч тайлбарлаад хэлчихнэ. Тэгэхээр ямар ч байсан зүгээр суугаагүй. Мэдээж сайн муу ажилласан эсэх дүнг бид өөрсдөө тавихгүй шүү дээ. Төмөр замын тээврийн бодлого боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллаа, ОХУ-тай хийж байгаа боомт ашиглах, төмөр замын тариф, урт хугацааны гэрээ байгуулах ажлыг  хариуцаад явж байна. Одоо агаарын тээврийн бодлогын ажлын хэсгийг ахлаад  явж байна. Энэ хоёрыг хийсэн байхад ажил хийгээгүй гэж хэлэхгүй байлгүй дээ.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Л.Мөнхбаясгалан


URL: