Банкирууд хямралын үеийг даван туулсан туршлагаа хуваалцаж байна

bce20626ead216a8a165cc9a93cf38b3_LАзийн банкуудын холбооны 30 дахь удаагийн чуулган  “Blue sky” зочид буудлын хурлын танхимд “Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” уриан дор хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Манай улсад анх удаа болж буй тус чуулганыг бүс нутгийн банкуудын харилцааг тэлэх, гишүүнчлэлийн хамрах хүрээг өргөжүүлж, туршлага солилцох зорилгоор Азийн банкуудын холбооноос зохион байгуулж буй юм. Чуулганд Азийн банкны холбооны гишүүн банкуудын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулганаар дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг цаашид хэрхэн өөрчлөгдөх, Азийн бүс нутгийн банкны салбар дэлхийн эдийн засгийн хөгжилд ямар байдлаар нөлөөлөх вэ гэдэгт хариулт авахаар банкирууд чуулж буй юм.

Өнөөдрийн хуралдаанаар дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, шинээр үйлдвэржин тэлж буй улс орнуудад хөрөнгө орулах боломж ба тулгарч буй бэрхшээл, электрон сувгууд санхүүгийн салбарыг өөрчлөн хувьсгах нь сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна. Монгол Улсын хувьд хямралаас хамгийн их сургамж авч чаддаг салбар бол банк, санхүүгийн салбар хэмээн оролцогсод  дүгнэлээ. Өнгөрсөн хугацаанд дөрвөн  удаагийн томоохон хүндрэл банкны салбарт нүүрлэсэн ч бүхэлдээ унаагүй, даван туулж чадсаныг шинжээчид онцлов. Мөн эрсдэлийн удирдлага, хяналтын тогтолцоо, мэргэжлийн холбоодыг дэмжиж, туршлага судлах байдлаар бүс нутагтаа дээгүүрт тооцогдоно хэмээн хурлын төлөөлөгчид дүгнэлээ.

Ази тив бол байгалийн баялгаар арвин болон шинээр аж үйлдвэржиж, өргөжин тэлж буй зах зээл бүхий улс орнуудыг өнгө бүрээр нь багтаасан баялаг бүс нутаг бөгөөд хөрөнгө оруулалт, өсөлт хөгжлийн асар ирээдүйтэй юм. Гэвч үүнд улс төрийн тогтворгүй байдал, дэд бүтцийн сул хөгжил, орлогын жигд бус хуваарилалт зэрэг сорилтууд байсаар байгааг чуулганы төлөөлөгчид онцолж байна. Азийн банкуудын холбооны хувьд мэргэжлийн холбоо бөгөөд  гишүүн элсүүлдэгээрээ онцлогтой юм. Тус холбооноос банкуудыг харилцан туршлага солилцох, хямралын үед даван туулсан сургамжаасаа хуваалцах боломж олгох үүднээс дээрх чуулганыг жил бүр зохион байгуулж иржээ. Энэ удаагийн чуулганы хүрээнд ямар нэгэн шийдвэр гаргахгүй гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Б.Заяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих