Малын эмч гэдэг мэргэжил тасарч үгүй болох ирмэгт хүрлээ

df1f4e93cccce93dbigСэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Сүргийн-Ундраа” Мал эмнэлэг үржлийн нэгж дээр малын эмч нарын үйл ажиллагаа хэрхэн яаж явагддагийг харуулсан үзүүлэх сургууль боллоо.

Үзүүлэх сургуульд аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн ХХААЖДҮГ-ын дарга Х.Даваахүү, Орхонтуул сумын Засаг дарга Г.Эрдэнэбаяр нар оролцож төрөөс үзүүлж буй дэмжлэг хэрхэн хүрч буй талаар танилцуулсан.

Үзүүлэх сургуульд 17 сумын МЭҮН-ийн захирал, малын эмч нар оролцож туршлага харилцан солилцсон юм.

Үйл ажиллагаа нэг өдөр үргэлжилсэн бөгөөд үдээс өмнө Орхонтуул сумын Г.Эрдэнээ захиралтай “Сүргийн-Ундраа” МЭҮН-ийн бүтээн байгуулсан мал эмнэлгийн үйлчилгээний нэгдсэн цэг дээр 75 үхэр, 300 хонь, ямаанд вакцин хийж, угаах үйл ажиллагааг явууллаа.

Тус нэгдсэн цэг нь бусад сумдад байхгүй шинэ юм. Уг үйлчилгээний цэг нь мал хаших том хашааны хэсэг, голдоо бог, бод малд зориулсан тарих, угаах гэсэн гурван тасалгаа бүхий хоолой, төгсгөлд нь угааж, тарьсан малыг гаргах хашааны хэсгээс бүрддэг юм байна.

Энэ нь малыг эрүүлжүүлэх ажил явагдахад цаг хугацаа хэмнэхээс гадна хүн хүч бага шаардаж, малын тарилга хэмнэгддэг ач холбогдолтой ажээ.

Мал эмнэлэгт эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай зүйл бол ажлын байр. Энд хийсэн чулуун хашаа нь малын эмч нарын ажлын байр. Өнөөгийн нөхцөлд үүнээс илүү шалгарсан арга байхгүй аж. Тэгээд ч зах зээлийн нөхцөлд том хашаа саравч бариад малаа эрүүлжүүлнэ гэдэг санхүүгийн хувьд хүндрэлтэйгээс гадна эзэнгүй үед модон хашааг хулгайд алдах магадлал өндөр байдаг гэнэ. Тиймээс чулуун хашаа найдвартай, бөх бат байдаг аж.

Малын эмч нарын гардан хийж буй үйл ажиллагааг хөндл өнгөөс харахад үнэхээр халширмаар, хүнд хөдөлмөр болох нь илт байлаа. Малыг нэг бүрчлэн барьж авч тарих үед гар хазах, мөргөх, дайрах их элбэг тохиолддог гэнэ. Ингэснээр малын эмч гэмтэж, бэртэхээс гадна бүтэн эрүүл хуруутай хүн тун ховор шүү гэж тэд ярьцгааж байна. Малчдаараа явж малыг эрүүлжүүлэх ажил хийгдэх үед тухайн малчныд хүн бүл байхгүй, жирэмсэн, хөгшин настай хүмүүс байх нь энүүхэнд гэнэ. Зарим үед мал нь бэлчээрт гарсан байдгаас дахин эргэж ирэх ажил ч гардаг байна. Иймээс малын эмчийн ажлыг хүндрүүлж, шатахуун тосны алдагдалд ороход хүргэдэг гэсэн.

Тэдний гол хүсэж байгаа зүйл нь малчид малаа эрүүлжүүлэх ажилд идэвхи санаачилгатай оролцож, хөлс мөнгөө ухаалгаар шийдэж өгдөг бол баярлахсан. Яагаад гэвэл тэд малын эмч манай малыг зүгээр тарих ёстой гэсэн ойлголттой учраас малын эмч, малчдын хооронд үл ойлголцол гарч, малын эмч хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүйд хүрдэг байна. Иймээс эрүүл малтай байж, эрүүл цэвэр экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдгээ малчид зүй ёсоор ухамсарлах шаардлагатайг тэд хэлж буй.

Нөгөө талаар удмын малын эмч бэлтгэх. Үүнд ажилд төр хариуцлагатай хандаж, ухаалгаар шийдэж өгөхгүй бол малын эмч гэдэг мэргэжил тасарч үгүй болох ирмэгт хүрлээ гэдгийг санууллаа. Учир нь сэтгэлээ өгсөн хүн л малын эмч болж чадна.

Өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа малын эмч нарын 99 хувь нь өндөр насны тэтгэвэрт гарах наснаасаа хэтэрсэн хүмүүс байна. Тиймээс тэд өөрсдийг өө дагалдуулж өвлүүлэх хүсэл сонирхол ихтэй байдаг байна. Гэвч хүсэхэд хясал гэгч болж буй. Мэргэжил бүхэн онцлогтой. Гэтэл малын эмчийн ажил бусдаас илүү өвөрмөц, тун ч онцлогтой аж.

Иймээс малын зах мэдэхгүй төв газрын хүүхэд малын эмчийн мэргэжил эзэмшинэ гэвэл ёстой нөгөө үлгэрийн далай болох болов уу. Яагаад гэвэл аав ээжийгээ дагаж ямар байдгийг яс махандаа шингэтэл ойлгосон хүүхэд л ойлгож зүтгэхээс биш, зовлонг нь мэдрээгүй, ажлын амтыг нь ойлгоогүй хүмүүс ажиллахад тун бүрхэг байх болов уу.

ХААИС-ийг малын эмч мэргэжлээр төгсөөд ирсэн хүүхдүүд төв газар ширээний ард суух сонирхол өндөр байна. Ийм шалтгаанаар мэргэжилтэй малын эмч ажлаа хийхгүй, мэргэжилгүй туслахууд практикаас олж авсан мэдлэгээрээ ажиллаж цааш ахихгүй байна. Үүнийг зөв шийдвэрлэх гарцыг малын эмч нар хүлээж сууна.

Сэлэнгэ аймаг сүүлийн таван жилд яам, Монгол мал хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төр засгаас өгсөн хөрөнгө оруулалтын үр дүнд аймгийн мал эмнэлгийн мал эрүүлжүүлэх ажил сайжирч, малын халдвартай болон халдваргүй өвчний гаралт 100-200 хувиар буурчээ. Одоогоос таван жилийн өмнө тусдаа ажлын байртай мал эмнэлэг гурав байсан бол өнөөдөр 35, жилд 160 сая төгрөгийн санхүүжилт авдаг байсан бол өнөөдөр 540 сая төгрөгийн санхүүжилт авдаг болжээ.

Ч.Отгонцэцэг (Сэлэнгэ)


URL:

Сэтгэгдэл бичих