Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 40 хувь нэмэх шаардлага тавилаа
МҮЭХ-ноос өнөөдөр зохион байгуулсан жагсаалд оролцогсод Тусгаар тогтнолын ордноос Сүхбаатарын талбай хүртэл тайван жагсаал хийлээ. Жагсаалд салбар 14 холбооны эмч, эмнэлгийн ажилтан, ТҮК, хувийн хэвшлийнхэн оролцов.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ, “Бид цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэх шаардлагатай байгааг сануулах үүднээс энэ цуглааныг зохион байгуулж байна. Манай үйлдвэрчний эвлэлээс 20 гаруй аймагт цалингийн дундаж хэмжээг түүвэрчилсэн байдлаар судлахад 598 мянган төгрөгөөс хөдлөөгүй. Түүнчлэн өнөөдөр улсын төсвийн бололцоог ярихаасаа илүүтэйгээр ард иргэдийнхээ амьдралын бодит нөхцөл байдлыг ярих цаг нь болсон. Хэлэлцээрийн үр дүнд 40 хувиар цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлага тавьж буй ч энэ тоонд хүргэх гэж бид муйхарлахгүй. Хэлэлцээрийн явцад 40 хувь нэмэгдэх эсвэл буурч болно” гэлээ. Тэд УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагадаа “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд инфляцийн түвшин, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 2014 онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэх, өргөн хэрэглээний барааны үнэ ханшийн өсөлттэй энэ үед цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай” зэрэг асуудлыг тусгасан аж.
Тус холбооноос УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг энэ сарын 20-ны дотор авна хэмээн мэдэгдэж байна.
Б.Заяа
URL: