Парламентын танхимыг их цэвэрлэгээнд хамруулъя
Саарал ордныг цэвэрлэх шаардлага яах аргагүй ажиглагдаад байх юм. Дугуй танхимд дуу нь гардаггүй төрийн түшээ түмнийхээ төлөө юу хийж чадна гэж. Цаашлаад авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон эрхэм түшээд итгэх итгэл ч алга.
Магадгүй тэд сонгогчид сохор юм чинь гэж даажигнаж суудаг биз, биднээр. Иймээс л парламентын танхимаас шүүрдээд гаргачихмаар цөөнгүй хүн нүдэнд тороод болдоггүй. Биеэ засаагүй тэднийг торгонд боож, тосоор “угжих” хэрэг юусан.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Ам нээх бүртээ алдаа гаргаж байдаг энэ эрийг АН-ын дарга гээд өршөөж хайрлах шаардлагатай гэж үү. Ууланд гарна аа төөрчихнө. Улс орны амьдрал ярихаараа мунгиначихна.
Аливаа дуулианы гол дүрийг бүтээж явдаг мань эрд Засгийн газрын тэргүүний сэнтий хэтэрхий хурцдаж байна гэх нэгэн байхад харин ч суудал нь эзэндээ жулдаж байгаагийн илрэл гэх явган яриа ч улс төрийн хүрээнийхний цайны хачир болжээ.
Замаар занималдах болсон энэ нөхрийг намрын чуулганаар сөрөг хүчнийхэн лав зүгээр өнгөрөөхгүй. Түүнээс урьтаж өөрийн гараар өргөдлөө бичих хэв маягт нэгдвэл хойшдын зам мөр нь тэгшрэх нигууртайг лам хуваргууд зөвлөдөг гэх юм билээ.
Даанч мань эр би бурхан шүтэж, буг чөтгөрт итгэдэг нь биш гэж зандардаг гэдэг шүү. Ай даа, Н.Алтанхуягийг зам мөр нь тэгширч, төөрж, мунгинахаа боливол “ногоон чөтгөр” галзуурахаа больж, улс төрөөс хамааралтай уул уурхай уурлахаа болих дог оо, хөөрхий.
УИХ-ын гишүүн С.Баярцогт Тэрбээр дэндүү мартамхай нэгэн. Оффшор компани байгуулж, Швейцарийн банкинд данс нээгээд таван жилийн нүүр үзсэн хэрнээ энэ хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөхдөө нэг сая ам.долларын дансаа дандаа мартчихаад байсан гэнэ.
Ямар их мөнгийг мартаж бөглөнө вэ. Ийм мартамхай хүн чинь улс орныг удирдаж байгаа парламентад тэнцэх үү. Энэ бол яах аргагүй хариуцлага тооцох асуудал. Гэтэл түүнийг УИХын дэд даргын албанаас нь өөрийн хүсэлтээр нь буулгаснаас өөр ямар ч хариуцлага тооцсонгүй.
Зарим гишүүд бүр С.Баярцогтод хариуцлага тооцсон уу, үгүй юу гэдгийг ч мэддэггүй юм. Үнэндээ Авлигын эсрэг хуулийн 13.5-д зааснаар “хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно” гэжээ.
Энэ хуулийн заалтаас харахад яах аргагүй парламентын гишүүнээс татгалзах ёстой. Тэрбээр уг нь ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэж байсан. Харин өнөөдөр энэ үгнээсээ буцаад байгаа юм. Аргагүй юм, юу гэж хэлж ярьж байснаа мартаа байлгүй.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Мань хүн албан тушаалаа ашиглан мөнгө завшсан хэрэгт унаад байгаа юм. Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон.
Мөрдөн шалгах явцад түүнтэй холбоотой байж болох Багшийн хөгжлийн ордонг улсын төсвийн 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бариулах үедээ хууль зөрчсөнөөс гадна 2.7 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан байж болзошгүйг цагдаагийнхан илрүүлсэн гэх.
Мөн 30 гаруй данс нуусан, бусдаас авилга өгөхийг шаардсан, дарамталсан зэрэг түүнтэй холбоотой хэргүүд нэмэгдсээр байгаа юм. Бас ч болоогүй атаман гэж байгаа. Нэг иргэнийг айлгаж дарамталсан нь баримттайгаар илэрсэн.
Энэ талаар УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, “УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хууль бус үйлдлүүд шалгалтын явцад илэрсэн. Шалгалтын явцад иргэн Ч-г Энхтайвны гүүрэн дээр бүлэг этгээдээр зодуулаад машиныг нь авсан гэх баримт илэрсэн.
Хамгийн ноцтой нь Ё.Отгонбаярыг бусдаас авлига авсныг гэрчлэх хэд хэдэн ноцтой баримт гарч ирсэн байна. Тиймээс дээрх баримтуудыг үндэслэн түүнийг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авах гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь бидэнд саад болж байна.
Мөн шалгалтын явцад эхнэр О.Эрдэнэсолонго нь 21 биш 26 данстай байсан нь тогтоогдсон” гэсэн. Тиймээс аргаа тасарсан парламентын дарга З.Энхболд түүнтэй ганцаарчлан уулзаж “Гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн саналаараа татгалз” гэх санал тавьсан гэх яриа ч байдаг.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хуульч мэргэжилтэй энэ гишүүнийг танихгүй хүн бараг байхгүй. Этгээд үг хэллэг, элдэв маягийн үйлдлээрээ олны танил болсон. Хэлье гэснээ ёжтойхон хэлдэг гээд зарим нэг нь дуртай байхад зарим нь энэ ч арай дэндэнээ гэх нь ч бий. Тэрбээр “Би Монгол Улсын хуулийг гарын таван хуруу шигээ мэднэ.
Над шиг хуулийг мэдэх хүн байхгүй” хэмээдэг. Хэдийгээр хууль сайн мэддэг ч ёс зүйг баримталдаггүй нэгэн бололтой. Парламентын танхимд нэг анги болж суугаа нэгийгээ худал гүтгэчихээд бүх шатны шүүхээр ялагдчихаад байгаа хэрнээ бууж өгөхгүй байгаа шазууртай эр.
Хуулийг гарын хуруу шигээ мэддэг хэрнээ хуулиндаа ялагдсан тэр. Хууль шүүхийнхнийхээ гаргасан шийдвэрийг эсэргүүцэж дээд шүүхэд хандсан. Хуульчдынхаа гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй, нэгнээсээ уучлалт гуйж мэддэггүй энэ гишүүн парламентын танхимд байх ёстой гэж үү.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Увсын мөнгөний түрийвч гэгдэх энэ эрхмийг УИХ-ын сонгуулийн үеэр иргэдэд мөнгө тарааж, саналыг луйвардаж авсан хэмээдэг. Уг нь мань хүн туслахдаа ял эдлүүлээд өөрөө уснаас хуурай гарчихна гэж бодож явсан ч нөхцөл байдал өөрөөр эргэлээ.
Өмнөх парламентад “хэлгүй Короля” гэдэг хоч зүүгээд амжсан мань эрхэм УИХ-д байснаараа намдаа л хэрэгтэй. Учир нь МАН-д түүний долоовор хуруу үнэтэй. Түүнээс биш Увс нутгийн ард түмний төлөө, улс орны төлөө дорвитой ажил юу ч хийгээгүй. Мөн тэрбээр тун ч харамч нэгэн гэнэ.
Увс аймгаас гаралтай хүүхэд өвдөж, эмчилгээний зардал олох гэж хандивийн аян зарлаад нутгаас сонгогдсон төрийн түшээ Б.Чойжилсүрэнд хэд хэдэн удаа ханджээ. Гэвч тэрбээр энэ бүхэнд татгалзсан хариу өгсөн аж.
Эмчилгээний зардалд хандив тусламж гуйсан хүмүүсийн хүсэлтээс зугтаасан Б.Чойжилсүрэн сэтгүүлчид хийсэн тайлбартаа “Байнга шахам л хүмүүс тусламж дэмжлэг хүсч байдаг, би ямар буяны байгууллага биш дээ” хэмээн хариулжээ. Ийм хүний үнэргүй эрхэм парламентад байх хэрэг байна уу.
Г.Хишигсүрэн
Эх сурвалж:
URL: