“Эмэгтэй хүн нөхөртөө соронз мэт татагддаг байх ёстой”
Хийл хөгжмийн тансаг аялгууг үзэгчдийн сэтгэлд хүртэл гайхамшигтайгаар амилуулж чаддаг уран бүтээлч бол хийлч Ч.Дэлгэрцэцэг юм.
Тэрээр өдгөө бүсгүйчүүдийнхээ гоо сайханд цучил нэмэх зорилгоор “W” клуб байгуулан ажиллаж байна. Бидний яриа амьдралын үнэ цэнэ, аз жаргал, үзэл бодол, клубын үйл ажиллагаа гээд олон сэдвээр өрнөсөн юм.
-Та бүсгүйчүүдийг хошууруулсан клуб ажиллуулж байгаа. Нээрээ л манай бүсгүйчүүдэд хамтдаа цаг мөчийг өнгөрөөж амьдралд хэрэгтэй мэдээлэл солилцох сайн дурын ажил дутмаг байдаг шүү дээ?
- “W” нэртэй клубээ 2012 оны гуравдугаар сарын 08-нд нээж байлаа. Эмэгтэй хүн болгонд өөрийн гэсэн сайхан шигтгээнүүд байдаг. Тэрхүү шигтгээнүүдээ уулзаж бие биедээ шигтгэж солилцдог. Нөгөө талаар эмэгтэй хүн амьдралын нугачаанд асар их туршлага хуримтлуулсан байдаг. Энэхүү туршлагаасаа нэгдүгээрт хуваалцдаг.
Хоёрт, өнөөгийн цаг үе зайлшгүй бий болгохыг шаардаж байна. Яагаад гэвэл нийгэм өөрөө хувьсан өөрчлөгдөж тэр хэмжээгээр олон төрлийн клубын хүмүүстэй найз нөхөд болж эндээсээ тухайн нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай байна гэдгийг бодолцсон.
Энэ утгаар бүсгүйчүүдээ дэмжих зорилгоор клуб байгуулсан юм. Клуб маань өөрөө сонирхолтой учраас бүсгүйчүүд таатай хүлээж авдаг. Яагаад гэвэл тэд бие биесээсээ суралцана, бас хамтраад хүмүүст туслана гээд янз бүрийн чиглэлээр ажилладаг болохоор цэвэр сонирхлын түвшинд нээгдсэн гэсэн үг. Зорьж ирсэн бүсгүйчүүдийн маань өөрчлөгдсөн үр дүн нь аяндаа л гарна.
-Танай клубыг зорьё гэвэл хаана очих вэ?
-Бид нэг ажлын байртай. Гэхдээ одоогоор тэндээ 24 цаг байрлаад ажиллаад байгаа юм алга. Энэ сард ийм ажил хийе гэж төлөвлөөд аль нэг ресторан юм уу эсвэл нэгнийхээ ажил дээр уулзалдаад ажлаа явуулчихдаг.
Тухайлбал, энэ cap шопингийн cap, дараагийн cap хоол хийдэг cap, бусдад туслах cap, гоёл чимэглэл, нүүр будалтын cap гээд ээлжлээд явчихдаг юм. Миний хувьд аливаа зүйлийг хүндрүүлэх биш хөнгөхөн ажиллуулах дуртай. Байнгын ажиллагаатай байна гэвэл хүн ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр түүнийг санхүүжүүлэх хэрэгтэй болно.
Цэвэр сайн дурын байгууллага учраас бүсгүйчүүд л нэгдэж байвал юу ч хийж болно. Би ганцаараа суръя, мэдье гэж байснаас клубээрээ байвал далайцтай олонд хүрэх ажил болно шүү дээ. Тиймээс бид нэг удаа Ануужин багшийг авчирч усны тухай лекц уншуулахад хүүхнүүдэд маш их хүрсэн. Аль болох бүсгүйчүүддээ өгөөжтэй тус дэм болох ажил хийхийг л зорьдог доо.
-Мэдээж тодорхой зорилготой өөрсдийгөө өөрчилье гэсэн бүсгүйчүүд л ханддаг байх?
-Тэгэлгүй яахав. Ялангуяа гэртээ суудаг, жирэмсэн болж байгаа өөртөө цаг гаргая гэсэн бүсгүйчүүд их ирдэг. Гэхдээ нэг талаар янз бүрийн насны хүмүүс ирдэг нь төвөгтэй. Ойролцоо насны хүмүүс ирж байвал зүгээр юм билээ. Учир нь залуу охидууд өөр зүйл хүсдэг. Мэдээж 40 настай бүсгүйн амьдралыг үзэх үзэл 20 настай бүсгүйгээс өөр байгаа.
Тиймээс 20-30,30-40 насных байвал тохиромжтой байгаа юм. Долоо хоног бүр биш юм гэхэд сардаа нэг удаа эмэгтэйчүүд цуглардаг газар очоод өөрийгөө ямар зиндаанд явж байна, би цаг үеэсээ хоцроод байгаа юм уу, эсвэл харин ч гайгүй ээ цаг үетэйгээ нийлж яваа юм байна гэдгээ мэдрэх боломжтой. Эмэгтэй хүн сэтгэл хангалуун болохоор гэрэл цацраад ирдэг. Гэрэл цацарч байгааг харах дургүй эр хүн гэж байхгүй. Ийм дүр зургийг манай клубээс харж болно.
-Тэгвэл таны хамгийн аз жаргалтай мөч гэвэл?
-Тухайн цаг үед амьд байна гэдэг хамгийн том аз завшаан. Одоо ч гэсэн би аз жаргалтай л байна гэж бодох ёстой. Тэрхүү цаг мөчийг аз жаргалтай өнгөрүүлбэл амьдрал тэр чигээрээ аз жаргалтай байна. Түүнээс нэг өдөр аз жаргалтай мөч ирнэ гэж хүлээх хэрэггүй.
Ерөөсөө л хүн өнөөдрийнхөө нийгэм, цаг үетэй хөл нийлүүлэн алхаж чадсанд л амьдралынх нь утга учир оршиж байгаа юм. Тухайн цаг үе яаж өөрчлөгдөж байна түүнийг дагаад хувьсч өөрчлөгдөж байх ёстой.
-Та бид хоёр одоогоос таван жилийн өмнө уулзаж байсан санагдана. Тэр цагаас хойш ихэд өөрчлөгджээ?
-Урлагийн хүмүүс гэдэг үргэлж олны нүдэн дээр байдаг. Энэ бол миний мэргэжлийн онцлог. Урлаг надад бурхнаас өгсөн бэлэг. Хүмүүсийн нүдэн дээр байдаг болохоор хувийн амьдралыг маань сонирхдог юм шиг санагддаг. Бас чанартай уран бүтээл, амьдралын сайн сайхныг харж хүлээж л байдаг л байх.
Энэ сайхан нэрийг авч явахын тулд үүрэг хариуцлага гэж байх ёстой. Зөвхөн урлагийн хүн гэлтгүй бүсгүй хүний нэн түрүүний үүрэг мөнгө олохдоо биш. Бүсгүй хүн ертөнцийг баясгах гэж төрсөн учраас өөрийгөө маш сайхан авч явдаг байх хэрэгтэй. Ер нь дэлхий дээр гоо сайхны туйл бол эмэгтэй хүн шүү дээ.
Тэр утгаараа эмэгтэй хүн цэцэг шиг байж дотоод болон гадаад төрхөндөө илүүд цаг зарцуулж байх ёстой. Түүнээс хувь хүний амжилт, аз жаргал их шалтгаална. Хүн өөрөө аз жаргалтай байх юм бол нөхөр нь соронз мэт татагдана. Тийм учраас эмэгтэй хүн өөрөө соронз шиг л байх хэрэгтэй.
-Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй харилцаагаа хэр зөв тодорхойлно тэндээр хүндлэл хайр энэрэл үүсдэг. Түүгээр ч үл барам эрхэмсэг байх эмэгтэй хүнийг чимдэг гэдэг шүү дээ?
-Эмэгтэй хүн болгон эхнэр, ээж болдог. Энэ бол амьдралын хууль юм. Энэ дүр зурагт өөрийн тоглох ёстой роль, эрх үүргээ сайн мэдсэн байх ёстой. Эхнэр “Happy” бол гэр бүл “Happy” гэж гоё үг байдаг. Түүн шиг гэр бүлийн аз жаргалтай уур амьсгалыг эхнэр хүн бүрдүүлдэг. Тэгэхээр эмэгтэй хүнээс ухаан, мэдрэмж шаарддаг.
Түүнийг нь бурхан өгчихсөн байдаг учраас дотоод мэдрэмжээ маш их сонсдог байх ёстой. Эрэгтэй хүнийг хайрлахаас илүү хүндлэнэ гэдэг үгийг дотроо бодож хууль болгох ёстой гэж би боддог. Эрэгтэй хүнийг хүндэлсэн шигээ өөрийгөө маш ихээр хайрлуулах ёстой. Энэ бол миний амьдралын зарчим.
-Та урлагийн сайхан бүсгүйчүүлийн нэг. Тэр хэрээр байсхийгээд л хөрөнгө чинээлэг гадны эрчүүдтэй холбодог нь нууц биш?
-Манай монголчууд өглөө болгон хоёр өндөг шараад идчихвэл баян гээд бодчихдог. Энэ бол биш. Хүмүүс бие биенээ л олохдоо л утга учир нь оршдог байхгүй юу.
-Амьдрал дандаа сайхан байдаггүй. Хааяахан маргаан үүсэх үед хэн нь эхэлж уучлал хүсдэг вэ?
-Хүн хүнтэй суулаа гээд хэтэрхий их хамааралтай байж боломгүй юм Шиг. Гэхдээ энэ нь хүйтэн бай гэж хэлж байгаа юм биш л дээ. Аливаад хүндлэл хайр гэж байвал бусад бүх асуудал маргаангүй шийдэгдэнэ. Хүндлэл байгаа цагт хэрүүл яаж гарах юм. хайр байгаа цагт яаж муухай харах юм. Энэ гол хоёр тулах багана байгаа цагт амьдралд тэр болгон маргаан үүсээд байхгүй болов уу.
- Клубынхаа хажуугаар уран бүтээлээ хийгээд яваа биз дээ?
-Уран бүтээлч хүн байнга уран бүтээлээ бодож явахгүй бол зэвэрнэ. Тийм учраас би дандаа уран бүтээлээ бодож явдаг. Шинэ санаа урган гарч байдаг. Цомог цомгоор нь биш юмаа гэхэд нэг, нэгээр нь дуун дээрээ ажиллаж байна. Чанартай уран бүтээл хийе гэвэл ард нь дандаа л зарлага дагаж байдаг.
Зарим хүмүүс намайг унтаж босч ирээд л хийл тоглоод сурчихсан гэж боддог байх. Би долоон настайгаасаа л хийлтэй нөхөрлөж өдөрт дөрвөн цаг давтдаг байлаа. Гадаа гарч тоглож үзээгүй хүүхэд насыг өнгөрсөн. Жил жилийн тоглолт нүсэр хэмжээнд болдог билээ. Тиймээс зарим хүмүүс ирээд нэг тоглочихооч гэх нь өрөөсгөл санагддаг юм. Урлагийн буян их гэж би дандаа хэлэх дуртай. Миний амьдралын хамгийн сайхан мөч, учирлууд бүгд урлагаар дамжиж ирсэн.
-Таны гангараа юу вэ?
-Би ноолууран хувцсаар гоёх дуртай. Гэхдээ нэг хэв маяг загварт баригдахыг хүсдэггүй, өөрчилж байхыг хүсдэг. Сонгодог болоод орчин үеийн стилиэр хөгжмөө тоглодог учраас тэр бүхнийг хувцас маань надаас түрүүлж илэрхийлдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл хувцсаараа маш ихийг өгүүлдэг.
-Нөхрөөсөө авч байсан хамгийн үнэт бэлэг?
-Өглөө болгон гарахдаа миний хажууд зөгийн балтай ус тавьдаг нь миний нөхрөөсөө авдаг хамгийн үнэт бэлэг. Ямар ч яаруу ажилтай байсан хэрнээ миний орны хажууд зөгийн балтай ус тавьж заншсан.
-Таны гэр бүлийн хүнийг гадаад хүн гээд л ярьдаг. Гэтэл гэр бүлээ нууцалж ил гаргахгүй байсаар ирсэн?
-Би гэр бүлийнхээ тухай ярих дургүй. Би хувь хүний өмнөөс ярих шаардлагагүй гэж үздэг. Шаардлагатай бол өөрөөс нь ярилцлага авч болно. Гуравдагч хүний тухай битгий ярь гэдэг зарчмыг би баримталдаг.
-Амьдралын үнэ цэнэ юунд оршдог гэж та боддог вэ?
-Хүний алтан амь л хамгийн үнэ цэнэтэй зүйл.
-Уран бүтээл, клуб гэж яваад хүүдээ цаг зарцуулж чадаж байна уу?
-Тэгэлгүй яахав. Ээж хүний үүрэг хариуцлага гэж байх ёстой. Байхгүй ч гэсэн байлгах ёстой цаг хугацаа гэж би ойлгодог. Одоо гэхэд л цэцэрлэгээс нь авах гэж байна.
-Ойрын хугацаанд хүүхэд төрүүлэхээр төлөвлөсөн үү?
-Эмэгтэй хүний хүсч мөрөөддөг зүйл бүхэн надад байдаг. Түүн шиг хүүдээ хань гаргаж өгнө дөө.
Д.Нэргүй /Нийслэл таймс/
URL: