Валютыг хамраа сөхөхөд хэн туслав
УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу Засгийн газар үйл ажиллагаа явуулдаг.
Засгийн газар шийдвэрийг нь хэрхэн биелүүлж байгааг ард түмний амьдралаас тольдож болохоор.
Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлаас гарахын тулд хугацаа зайлшгүй шаардлагатай.
Жишээ дурдахад өчигдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг ээлжит бус чуулганаар ногоон гэрлээ оруулах хуулийн төсөл өргөн барилаа.
Өнөөх алдарт эх оронч хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг гишүүдийн амны зугаа болсон урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ.
МАН-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын батлуулсан урт нэртэй хууль буюу Гол мөрний сав дагуу алт олборлож байгаа компаниудад хориглох тухай хуулийн үр дагавар алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоосон.
Тухайн үед дээр дооргүй алгаа ташиж цээжээ дэлдэж байсан л байх.
Үүний ачаар уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт 33 хувиар буурсны 6.6 орчим хувь нь энэ хуультай холбоотой гэсэн судалгаа гарч ирэхийг хэн ч тааварлаагүй нь ойлгомжтой.
Хуулиар хориглосон талбайд хамаарах алтны шороон ордуудын үйл ажиллагааг зогсоосноор алтны салбараас улсын төсөвт оруулдаг орлого 20 хувиар буурсан.
2005 онд 24 тонн алт олборлож байсан бол энэ тоо жил дараалан уруудсан. Зогсолтгүй уруудсаар 2012 онд зургаан тн болж дөрөв дахин буурсан.
Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж Монголбанк болон арилжааны бусад банкинд тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн байна.
Ингээд Монгол банкинд ам.доллараар өөрийгөө үнэлүүлдэг алтны хэмжээ эрс багассан учраас “ногоон” ч хомсдов.
Өнөөдөр гэнэтхэн өндөр хамартай, шар толгойтнууд нүүрээ буруулчихсан юм биш.
МАН-ын гишүүн асан Г.Занданшатар тэргүүтэй өргөн барьж батлуулсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай тухай хууль гарснаас хойш л монхор хамартнууд хоёр нүүр гаргаж эхэлсэн.
Гадаадын хөрөнгө оруулалт шууд 33 хувиар буурч Монголд орж ирдэг байсан ам.долларын яг гуравны нэг нь сох дутсан.
2008-2012 оны УИХ-аас баталсан хуулиудын горыг бид өнөөдөр нийтээрээ үзлээ, харлаа, амслаа.
Одоо дээрх хуулиудын алдааг нь засахын тулд УИХ-ын хурлын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж нэмэлт өөрчлөлтийг нэн даруй оруулахаар хэлэлцэх гэж байна.
Я.Хүрэлхүү /gogo.mn/
URL: