Хангуг ноёны өмч “Улаанбаатар” дээд сургуулийн булхай-2

32_7db608a5f6a26b12e325d26bb9acce8e52f22a60XIII хороолол  солонгосчуудын эзэмшлийнх

   Баянзүрх дүүргийн V хороо, XIII хороолол, Намьянжугийн гудамж, олны мэдэхээр бол “Нарантуул” ОУХТ-ийн ар тал бүхэлдээ “Улаанбаатар” дээд сургуулийн мэдэлд очжээ. XIII хорооллоос “Нарантуул” руу урууддаг замын хоёр талыг тус сургуулийн эзэд эзэмшилдээ авсан бөгөөд замын баруун талд “Улаанбаатар” дээд сургууль, “Улаанбаатар ” бүрэн дунд сургууль болон оюутны байраа төвхнүүлсэн. Харин зүүн талд нь тус сургуулийн хичээлийн шинэ байр нь сүндэрлэж байгаа юм. Харин түүний ард тус сургуулийн захирал болон солонгос багш нар нь цуглардаг гэх “Гэгээрэл” христийн сүм үйл ажиллагаа явуулдаг юм байна.

   Гэвч хотын төв буюу A зэрэглэлд зүй ёсоор тооцогдох энэ газрыг тус сургуулийн удирдлагууд хэдэн онд, хэн гэгч албан тушлаалтнаас авсан нь тодорхойгүй байгаа юм. Уг нь бид энэ талаар тодруулахаар тус сургуулийн ерөнхий захиралтай уулзах гэсэн ч тийм боломж олдоогүй. Харин тус сургуулийн дэд захирал Ж.Болдбаатартай уулзах үеэр сургуулийн шинэ байрны асуудлыг хөндсөн. Тэрбээр “82 настай Монголд элэгтэй солонгос хүн энэ сургуулийг байгуулсан. Та нар юм бүхэнд ийм сөрөг байдлаар хандаж болохгүй. Тэр байрыг улсын комисс хүлээж аваагүй. Ирээд шалгаад явсан. Уг нь сургуулийнхаа үүдэн дээр хаягийг нь бичсэн байсан ч улсын комисс хүлээж аваагүй тохиолдолд хаягхадаж болохгүй бид авсан” хэмээн ярьж байсан.

   Энд бяцхан тооцоо хийж үзэхэд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ард байх “Улаанбаатар” дээд сургуулийн гэсэн тодотголтой газрыг бүхэлд нь нийлүүлбэл нэг байтугай орон сууцны хороолол босчих хэмжээний том талбайг манай эрх мэдэлтнүүд солонгосчуудад өгсөн байгаа юм. Мөн энэ газарт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барьчихвал дээд боловсрол олгох нэрээр монголчуудын халаасыг суйлж буй хангүг ноёдоос илүү олон хүнд буян болно гэдгийг жирийн иргэд ярьж байгаа.

    Зөвхөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа л гэхэд дүүргийнхээ хэмжээнд 5-6 цэцэрлэг барихаар хөрөнгө мөнгийг нь шийдчихээд байхад газар олдохгүй байгаагаа учирласан байсан. Иймээс их хотын минь нэрийг зээлдэж, бизнес хийсэн хангүг ноёдын авсан газрын зөвшөөрлийг хотын удирдлагууд дахин нэг эргэн харж, шалгаад хэрэв хууль эрх зүйн үндэслэл нь байгаа бол Улаанбаатарынхаа газрыг солонгосчуудаас эргүүлэн авч улаанбаатарчууддаа ашиглуулмaap, цэцэрлэг сургуулийн барилга барьж ашиглалтад оруулмаар санагдсан. Хэрэв тэгвэл энэ жил цэцэрлэгт орж чадаагүй үлдсэн гэх 80 мянган хүүхдийн цөөн хэд нь ч болтугай гэртээ цоожлуулахгүй, аав, ээж нь арагшаа зовохгүй ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээх боломжтой болох юм.

Улаанбаатар дээд сургууль оюутнуудаа христийн шашинд уруу татдагуу

  Бид энэ сурвалжлагыг бэлтгэх явцдаа тус сургуулийн дэд захирлаас мөн л энэ тухай тодруулсан. Учир нь хичээлийнхээ шинэ жилийн нээлтийг христийн сүмд хийдэг, багш нарынх нь тодорхой хэсэг нь БНСУ-аас ирсэн, энэ шашны хүмүүс болохоор монгол залуусыг элсүүлж байж магадгүй гэх хардлага төрсөн. Хэдийгээр манай улс Үндсэн хуульдаа хэн ямар шашин шүтэх эсэх нь нэг үе найрсагаар угтан авдаг байсан. Гэтэл амьдрал дээр нөгөө хөрөнгө оруулагчид нь яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нутагтаа ямар алба хашдаг байсан хэн гэдэг хүн бидний дунд ирчихээд багш, сэхээтэн, хөрөнгө оруулагч гээд сууж байгааг сайн мэдэхгүй нь эмзэглэл төрүүлсэн юм. Зарим оюутны өгүүлснээр хөдөө орон нутгаас ирсэн, сургуулийнхаа байранд амьдардаг оюутнууд солонгос багш нарынхаа үгэнд автах, христийн сүмд элсэх тохиолдол цөөнгүй байдаг гэсэн. Мөн тус сургуулийн гайгүй гэсэн сурлагатай оюутнууд нь БНСУ-аас шашны шугамаар ирсэн жуулчид, албан ажлаар ирсэн гэх солонгосчуудад хэлмэрчлэхээр явдаг гэж байсан юм. Энэ дашрамд мэдээлэхэд бид энэ сурвалжлагынхаа эхний цувралыг өмнөх дугаартаа нийтэлсэн бөгөөд уншигчид ч шашны холбогдолтой асуудалд маш олон санал хэлж байсан. Тэдний олонх нь ийм зүйл байхыг үгүйсгээгүй бол тус сургуулийн зарим оюутан, багш нар хэмээн сэтгэгдлээ үлдээсэн уншигчид “Христ танай хүүхдүүдэд ХАЙР гэж юу байдгийг зааж өгдөг” гэх мэтээр эгдүүцлээ илэрхийлсэн байв.

Нийслэлийнхээ нэрийг харийнханд өмчлүүлдэг улс манайхаас өөр байхгүй

   Гаднын хөрөнгө оруулагчид хэмээн өөрсдийгөө дөвийлгөсөн тухайн хүний эрх хэмээн заасан ч улс үндэстнийхээ аюулгүй байдал тусгаар тогтнолд нөлөөлж болохуйц хэд хэдэн хүчин зүйл бий. Түүний  нэгд шашин зүй ёсоор ордог гэдгийг эрдэмтэд хэлдэг юм. Иймээс бид энэ асуудлыг зориуд хөндсөн. Ж.Болдбаатар дэд захирлын тухайд энэ асуултад “Би багш нарыг шашны суртал явуулахыг хориглодог. Солонгос багш нар оюутнуудыг шашиндаа оруулах талаар ямар нэг оролдлого хийдэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хичээлийн цагаар тийм асуудал гардаггүй. Би ч үүнийг захиж хэлж та нар хичээлийн цагаар шашин ярьж болохгүй гэдэг. Харин хичээлийн бус цагаар юу хийдгийг би мэдэхгүй” гэсэн юм. Мөн түүнээс Солонгосоос ирж байгаа багш нарт ямар шалгуур тавьдаг, өмнө нь хаана ажиллаж байсан ямар боловсролтой хүмүүс монгол залууст хичээл заадаг талаар тодруулахад Түүнийг энэ сургуулийн эзэд нь мэднэ” гэсэн товчхон тайлбарыг өгсөн.

  Эндээс нэг зүйл анзаарагдсан нь бид гаднын хөрөнгө оруулагч нэртэй болгоны л юу ч хийхээс сийхгүй нөхөд нэг үе манай улсад олноор орж ирсэн. Энэ тухай ганцхан жишээ өгүүлэхэд одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн агентлагийн дарга асан танил маань “Манай улсад орж ирж буй хөрөнгө оруулалтууд арай биш ээ” хэмээн дуу алдаж байсан юм. Учир нь, нэг солонгос эр түүвд “Би танай улсад хөрөнгө оруулагч” хэмээн томорчээ. Түүнээс яг ямар салбарт хөрөнгө оруулаад байгаа талаар тодруулахад “Би барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулах гэж байгаа. Юунд хөрөнгө оруулдаг юм билээ гэж байгаад ийм газар ажиллуулахаар болсон” хэмээсэн гэнэ. Энэ тухай тэрбээр ярьж Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг даруйхан өөрчлөхгүй бол болохгүй тухай хөндөж байсан. Тэгвэл яг иймэрхүү байдлаар манай улсад орж ирсэн хөрөнгө оруулагчдын нэг нь “Улаанбаатар,дээд сургуулийн солонгос эзэд байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл энэ сургуулийн эзэд Монголын хөрсөн дээр буусан ямар хөрөнгө оруулалт хийснийг улаанбаатарчууд мэдэхгүй. Гэсэн ч тэд өөрсдийгөө чанартай боловсон хүчин бэлтгэдэг хэмээн ярьдаг юм билээ.

  Гэхдээ аливаа асуудал хоёр талтай болохоор тус сургуулиас сайн боловсон хүчин төрж гарч байгааг үгүйсгэхгүй. Бас түүнийг дагасан сөрөг зүйл энэ мэт ар араасаа гарч ирээд буй нь эмзэглэл төрүүлж, солонгосчууд бидний сул талыг ашиглан хөгжиж, хөрөнгөжөөд байгаа юм уу даа гэх хардлагыг төрүүлдэг юм. Зөвхөн энэ сургууль дээр жишээ авахад 30 орчим мэргэжлээр 3700 гаруй оюутан төгсгөдөг гэсэн. Гэтэл аав ээжийнхээ халааснаас өчнөөн төгрөг аваад сурч буй залуус толгойдоо ямар мэдлэг хуримтлуулаад гарч буй нь үнэндээ бүрхэг. Бэлтгэж буй боловсон хүчнүүдийн хэд нь ажлын байртай болдог эсэх нь тодорхойгүй. Тус сургуулийн танилцуулгаас харж байхад хуульч, эдийн засагч, эмч гээд салбар салбарын боловсон хүчнүүдийг бэлтгэдэг юм гэсэн. Эндээс анзаарагдсан нэг зүйл нь манай боловсролын системд маш том доголдол байгаа нь харагдаж буй юм. Тодруулбал, манай улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд хөрвөх чадвар сайтай. Хэлний чиглэлийн сургууль нь эдийн засагч бэлтгэж л байдаг, шинжлэх ухааны чиглэлтэй сургууль хэлний мэргэжилтэн бэлтгэж л байдаг. Гэтэл үүнтэй адил тус сургууль анагаах, эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуй гээд бүх салбарт мэргэжилтэн төрүүлж байгаа нь хэр чадвартай болж төгсдөг бол гэж хардахад хүргэсэн. Бид тус сургуулийн энэ мэт үйл ажиллагаа болон газрын зөвшөөрлийн талаар үргэлжлүүлэн бичих болно.

Л.Оюунгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих