Цас ихтэй өвөл болох нь

Цас ихтэй  өвөл болох нь

Ус цаг уур орчны хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ц.Цогт “2013-2014 оны хүйтний улирлын цаг агаарын төлвийг харахад олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна” гэж “Шинэчилж шийдье-222” уулзалтын үеэр мэдээллээ.

Есдүгээр сар гарсаар хоёр удаагийн цочир хүйтрэл болж, уулархаг нутгаараа цас орсон бөгөөд энэ сарын 11-нд хур тунадастай, харин 13-14-ний өдрүүдэд шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар дахин хөрсөн дээр цочир хүйтрэх гэнэ. Хэсэг хугацаанд буюу энэ сарын 15-17-нд хур тунадасгүй, цаг агаар нэлээд дулаарах төлөвтэй байна гэж тэрбээр ойрын хугацаанд цаг агаар ямар талаар ийн мэдээлсэн юм.

Харин ирэх өвлийн тухайд “Энэ жилийн хувьд  агаарын температур X-XI, II-III сард баруун зүгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. XII сард төв, зүүн зүгийн ихэнх нутгаар, I сард төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн хойд, баруун зүгийн нутгийн өмнөд болон зүүн хэгээр олон жилийн дунджаас 1.0-2.0 градусаар хүйтэн байх дүн мэдээ гарсан. X сард баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, XI-I, III сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно.
Энэ зун ихэнх нутгаар хур бороо их орсноос ихэнх нутгаар зуншлага сайн байсан бөгөөд бэлчээрийн даац нийт нутгийн 70 гаруй хувьд хэвийн байгаа. Харин үлдэж буй газар нутагт бэлчээрийн даац хангалтгүй тул  хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах, отор нүүдэл хийх ажлыг цас орж, цасан бүрхүүл тогтох, уул даваа хаагдах, эрс хүйтрэхээс өмнө оновчтой зохион байгуулах шаардлагатай.

Хүйтний улирлын цаг агаарын төлөвөөр өвлийн дунд саруудад нутгийн төв болон зүүн хагаст цас ахиу орж, хүйтний эрч чангарч, мал өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байна” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих