Уул уурхай салбарт дэвшил авчрах хуулиудын төслийг өргөн барилаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр УИХ-ын даргад “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөл, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн төсөл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Энэхүү хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх ажээ.
Монгол Улс жилд 38 тн алт олборлодог болно
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” хэрэгжиж эхэлснээр алтны худалдаа далд хэлбэрт орж, МонголБанкинд тушаах алтны хэмжээ эрс багасаж буй байдал төгсгөл болно гэж хууль санаачлагчид үзэж байна. Албан ёсны статистик мэдээллээр манай улс 2005 онд 24 тонн алт олборлож байсан нь жил дараалан буурсаар 2012 онд 6 тн болжээ.
Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамтаас болж Монголбанк болон арилжааны бусад банкинд тушааж буй алтны хэмжээгээ багасгасан нь, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлсээр байна. “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль батлагдахаас өмнөх 4 жилд 77 тн алт олборлосон бол хууль хэрэгжсэн 4 жилд 48 тн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан, сүүлийн жилүүдэд валютын ханш тасралтгүй өсч буй нь үүнийг баталж байна.
Алтны дэлхийн зах зээлийн үнэ 2000 оноос хойш тасралтгүй өсч, 2000 онд 1 унц алтны үнэ Лондонгийн металлын бирж дээр 300 ам.доллар хүрэхгүй байсан бол 2012 онд 1800 ам доллар болж 6 дахин өсчээ. Зах зээл дээрх алтны үнэ өсөөд байхад манай улсад олборлосон алтны хэмжээ буурч байгаа гол шалтгаан нь “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” батлагдсанаар татвараас зугтааж хууль бус алтны олборлолт нэмэгдсэн, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хийх, ашиглахыг хориглох тухай” хуулиар зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, татварын хэмжээ нэмэгдсэнээр зарим ордын эдийн засгийн үр ашиг багассан, татвараас зайлсхийж арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах болсонтой холбоотой аж.
Хууль батлагдан гарахтай холбогдуулан алтны нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг “0” хувьтай байхаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийг хамтад нь боловсруулжээ. Мөн хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, олборлосон алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулснаар нэгдсэн хяналтыг тогтоож, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, бичил уурхайчдын олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжих юм. Энэ нь алт дамлагчдын үйл ажиллагааг хязгаарлах зорилготой юм.
Хуулийн төсөлд алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх талаарх Улсын Их хурал, Засгийн газар, Монголбанк, Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, алт олборлогчдын эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна.
Алт олборлогчид олборлосон алтыг Монголбанкинд тушаахаар хуулийн төсөлд тусгаж, хууль зөрчсөн компани, аж ахуйн нэгжид зөрчлийн шинж байдлыг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцлах, хууль бусаар олборлосон, худалдсан алтыг улсын орлого болгох, 20 хүртэл сая төгрөгөөр торгох, бичил уурхайчдын олборлосон, худалдсан, хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан алтыг улсын орлого болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэж, зөрчил нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол холбогдох зүйл, заалтаар хариуцлага тооцохоор тусгажээ.
Урт нэртэй хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ
Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”, мөн түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан.
Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар уг хуулиар хориглосон талбайд хамаарах ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг 5 сарын хугацаанд багтаан цуцлах байсан боловч хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох ажил удааширснаас энэ заалт хэрэгжилгүй өнөөдрийг хүрсэн байна.
Засгийн газраас 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт хамаарах алтны шороон ордуудын ашиглалтын лицензийг цуцлах шийдвэр гарсан боловч нөхөх олговор олгох санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, экологийн хохирлыг дүйцүүлэн тооцох хуулийн зохицуулалтгүй зэрэг олон шалтгаанаас хуулийн хэрэгжилт биелээгүй байна.
Үүний дараа 2012 оны 6 дугаар сарын 5-ны /УИХ-ын сонгуулийн үеэр/ Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас /хуучин нэрээр/ тогтоосноор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд баталсан. Эдгээр талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 1336 тусгай зөвшөөрөл байгаа аж. Одоогоор хүчинтэй байгаа хайгуулын 909, ашиглалтын 427 тусгай зөвшөөрлийг 827 аж ахуйн нэгж эзэмшиж байна.
Гэвч энэхүү тогтоосон хилийн заагийн цэг солбицол алдаа мадаг ихтэй, зарим гол ороогүй, зарим цэг солбицол улсын хилийн гадна гарсан зэрэг асуудлууд үүсчээ. Алдааны дийлэнх хэсэг нь сумдын Засаг даргаас ирүүлсэн саналаар тогтоосон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагт хамаарч байна. Учир нь орон нутгаас хилийн зааг тогтоохдоо шинжлэх ухааны үндэслэлгүйгээр, зэргэлдээх аймаг сумдтай уялдаа холбоогүйгээр тогтоосон нь тодорхой болжээ.
Монгол Улсын төсөвт уул уурхайн салбараас оруулах орлого буурсан нь урт нэртэй хуультай холбоотой байна гэж яамныхан үзжээ. Тухайлбал уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт 33 хувиар буурсны 6.6 орчим хувь нь энэ хуультай холбоотой гэсэн судалгаа гарсан байна. Мөн хуулиар хориглосон талбайд хамаарах алтны шороон ордуудын үйл ажиллагааг зогсоосноор алтны салбараас улсын төсөвт оруулдаг орлого 20 хувиар буурсан аж. Үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий алтны шороон ордын нөөцийн үлдэгдэл 27.4 тонн, үндсэн ордын нөөц 96.4 тонн, нийт 123.8 тонн байгаагаас хууль бусаар алт олборлогчид үйл ажиллагаа явуулах магадлал бий ажээ.
Энэ бүх нөхцөл байдлыг дүгнэж үзээд хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга нь хууль батлагдан гарч дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн ордыг ашиглаад нөхөн сэргээх баталгааг гаргах ба тодорхой шалгуурт тэнцэж байвал орон нутагтай хамтран гурвалсан гэрээ байгуулан, мэргэжлийнхний болон олон нийтийн хяналтын дор ажиллаж улмаар байгаль орчныг унаган төрхөнд нь оруулж хүлээлгэж өгөхөд оршиж буй ажээ.
Я.Баяр
МОНЦАМЭ
URL: