Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Холбооны Бүгд найрамдах Бразил улс, Бүгд найрамдах Колумб улсаас Монгол Улсад суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичиг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Холбооны Бүгд найрамдах Бразил улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдВалдемар Карнейро Леао Нето, Бүгд найрамдах Колумбулсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаймэ Альберто Кабал Санклементэ нар Итгэмжлэх жуух бичиг өргөн барив.
Тэднийг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тохоон томилсон Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсандаа баяртай байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлээд Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Холбооны Бүгд найрамдах Бразил улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Валдемар Карнейро Леао Нетотой уулзахдаа тус улсын тусгаар тогтносон өдрийг тохиолдуулан Элчин сайдад баяр хүргэв. Холбооны Бүгд найрамдах Бразил улс нь 1822 оны есдүгээр сарын 7-нд Португаль улсаас тусгаар тогтносноо зарлажээ.
Монгол Улс Латин Америкийн болон Карибын тэнгисийн орнуудтай харилцаагаа өргөтгөх, Бразил улстай найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэхийн тулд ойрын хугацаанд Бразилиа хотноо ЭСЯ нээх чиглэлээр ажиллаж байгаагаа мөн дуулгалаа. Бразилиа хотод Монгол Улсын ЭСЯ-ыг нээх тухай тогтоолыг энэ 2013 оны зургадугаар сарын 7-нд УИХ баталсан юм.
Хоёр улсын хооронд өндөр хэмжээний төлөөлөгч солилцох, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар уулзалтын үеэр дурдав.
2014 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны Зуны олимпийг Бразил улсад зохион байгуулахтай холбогдуулан хоёр улсын хоорондын аялал жуулчлал нэмэгдэнэ гэдгийг мөн онцолж байлаа. Элчин сайдтай хамтран ажиллахдаа таатай байх болно гээд түүнд ажлын амжилт хүсэн ерөөв.
Бүгд найрамдах Колумб улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаймэ Альберто Кабал Санклементэг хүлээн авч уулзах үеэрээ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэлээ.
Монгол Улс нь Бүгд найрамдах Колумб улстай 1988 оны наймдугаар сарын 10-нд дипломат харилцаа тогтоожээ. Уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр болон олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллах талаар уулзалтын үеэр тэмдэглэв.
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос Калдероны зүгээс авлига, хээл хахуулийн эсрэг хийж буй тууштай алхмууд, иргэдэд үйлчлэх, эдийн засгийн чиглэлд явуулж байгаа шинэчлэлийг дэмжиж байдгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийллээ.
Колумб улстай хамтран хил дамнасан гэмт хэргүүд, мансууруулах бодис, хүний наймааны эсрэг тэмцэнэ гэдгийг мөн тэмдэглэв. Эдгээр гэмт хэргүүд нь эдийн засаг, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй бүс нутаг, дэлхий нийтийн аюулгүй байдалд ч хор хөнөөлтэй гэдгийг дурдаад Элчин сайд Хаймэ Альберто Кабал Санклементэтэй хамтран ажиллахад баяртай байх болно гэдгээ илэрхийлж түүнд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.
URL: