Боловсролын шинэчлэл үү, мухардал уу?

Өмнөх тайлбар

Хэдэн жилийн өмнө нэг америк судлаач монголчууд сургуулиа америк маягаар өөрчилж буйг ажиглаад нэгд, та нар манай тогтолцоог ойлгоогүй юм байна, хоёрт, та бүхэн манай юмыг хуулах хэрэггүй гэж сануулжээ. Энэ нь ердөө л өөрсдөө эхлээд учрыг нь ойлго гэсэн хэрэг байв.

Гэвч “хуулбар шинэчлэлүүд” зогссонгүй. Хэдийгээр янз бүрээр, гоёор, монголоор нэрлэвч чанарын хувьд юуны ялгаа байх билээ дээ. Харин сүүлийн үед тэд нэг зүйлээр өнгө нэмжээ. Энэ нь сайн сайхан болно гэдэгт үнэмшихийг олон түмнээс шаардсан пиар ухуулга байв. Гэвч үнэмшээд сайхан болно гэж үү?  

Бид дээрх байдлаар цааш явах уу, эсвэл зогсож бодох уу? Энэ өгүүлэл “бид яг одоо зогсож, бодъё” гэсэн замыг онцолж байна. Яагаад вэ? Бидэнд ямар тогтолцоо хэрэгтэй вэ? Энэ талаар уншигч та бүхэн тунгаах биз ээ.  
Нэг зун аавынхаа нутагт зочиллоо. Энэ бол сүрлэг Бага Богд уулаас зүүн хойш Өшгөгийн нуруу хэмээх өнөтэй нутаг юм аа. Сүүлийн жилүүдэд ойр орчмын газар шороо нь уурхайн хайгуулд өртөх болсноос энд нутагтай миний хамаатан айл түгшүүрт автах болжээ. Гэтэл энэ удаа тэр айл бас нэг бэрх юмтай тулгарсан байв. Айл долоон настай хүүтэй. Хүү түрүү жил зургаан насанд сумын төвийн сургуульд явах байсан авч эцэг, эх нь түвдээгүй ажээ. Хүү гэрээсээ хол одоход хэтэрхий балчир, дээр нь бусад гэр бүлийн зүдгүүрийг тэд сонсжээ. Гэвч дараа удаа эх нь хүүгээ даган сумын төвд амьдарч, аав нь малаа харж нутагтаа үлдэхээс өөр аргагүй гэнэ. Ам бүлийг хагацуулдаг боловсролын шуурга миний хамаатныг тойроогүй нь энэ байжээ.

Хэрэг дээрээ манай улсын боловсрол нийгэмд тэгш бус боломж, үүнээс үүдсэн хуваагдал, улмаар хавчигдан гадуурхагдсан бүлгүүдийг нэгэнт бий болгожээ. Үүний нэг нь дээрх айлын жишээ бөлгөө. Жишээнд өгүүлсэнчлэн манай орны хүн амын тодорхой хэсгийн хувьд боловсрол амьдралд нь тохиох дарамт, зүдгүүр болж хувирчээ. Боловсрол монгол малчдад уламжлалт мал ахуйдаа түшин амьдрах, эс амьдрах, нутагтаа үлдэх, эс үлдэхийг, ер нь хувь заяаны ямар зам сонгохыг нь тэдний хүүхдүүдээр дамжуулан хүчээр тулгах ажгуу. Боловсролын хор уршиг малчдын хувьд уурхайгаас даван гарч байж ч мэднэ.

Энэ улсын боловсролын бодлого, шийдвэрт олны өмнө тулгарах энэ мэт түмэн бэрхшээлээс хэлтлэх өчүүхэн санаа зовнил үгүй мэт. Засгийн газрууд нь энэ явдлыг үл хайхран зөвхөн хүсэл мөрөөдлийн гэмээр тийм сайхан шинэчлэл явууллаа хэмээн ээлжлэн тунхаглах бөлгөө. Тоолж үзвэл сүүлийн арван хэдэн жилийн дотор тус улсын цэцэрлэг, сургуулийн их, бага шинэчлэл нь аль хэдийн 20 давсан ажээ. Харин тэдгээр нь ихэвчлэн нэг л зорилгыг ахин дахин тунхаглажээ. Тэр нь боловсролоо “дэлхийн жишиг”-т хүргэх болой. Гэвч “бүдүүлэг” ард түмэн нь “дэлхийн” гэгдэх аль нэг гадаад орны жишигт нийцэж өгөхгүй байгаад л бодлогын жолоо атгах эрхэмүүд сэтгэлээ чилээн бухимдсаар.

Үнэн хэрэгтээ, “дэлхийн жишиг” гэх үгсээр халхалсан янз бүрийн даган дуурайлт нь нэгэн улсын ард олны аж амьдралыг муйхараар бусниулахад л хүргэв. Боловсролын хэргийг шинэчлэл нэрийн дор энэ мэт санаан дураар явуулан ард олныг чирэгдүүлэх явдлыг мэргэжлийн судлаачид бодлогын “сохор дайралт” гэж нэрлэж заншсан ба Монгол дахь аз сорьсон дайралтууд ердөө л гудавдахь ертөнцийн гэгдэх буурай орнуудад аль хэдийн тохиосон бүтэлгүй оролдлогуудаас ялгаагүй харагдах ажгуу.

Монгол дахь хэлбэр хөөсөн шинэчлэлүүд ийнхүү уршиг дагуулан явсаар эцэстээ нэг л зүйл дээр дэнжигнэн тогтжээ. Энэ бол тэднийг болж бүтэж байгаа мэтээр үнэмшихийг шаардсан хэвлэлийн пиар болой. Үүнийг шинэчлэлийн бодлогыг олон нийтэд таниулах ажил гэж нэрлэвч, хэрэг дээрээ энэ нь улс орныг хамарсан ухуулгын компанит ажил болж хувирчээ. Их хэмжээний төсвийн хөрөнгө үрсэн ухуулгаар “12 жилийн тогтолцоонд шилжих хөтөлбөр”, “Кэмбрижийн хөтөлбөр”, эсвэл “Зөв монгол хүн”, “Авьяас”, “Ном” хөтөлбөр гэх мэт янз бүрийн гоё, чамин нэртэй шинэчлэлүүд монгол хүүхдийн сургуулийг тун удахгүй боловсролын диваажин болгоно гэх төсөөллийг ард олонд суулгахаар чармайх ажээ.

Эрээ цээргүй ухуулга сүүлийн үед хэрээс хэтрэв. Хөтөлбөрүүдийг нь магтан бичих мөнгөн шагналт уралдаан зохиож, сурталчилгааны том зурагт хуудсууд хэвлэн байгууллагуудад тараана. Улмаар, дарга нар нь дүүрэг, аймгуудаар аялан явж сонгуулийн сурталчилгааг санагдуулам нүсэр уулзалтууд зохион байгуулах төдийгүй хэдэн зуун сурагчийг олон хоног тусгайлан бэлдэж концерт үзүүлэх болов. Энэ бүхний эцэст, Монгол дахь боловсролын шинэчлэл нь судлаач, сурган хүмүүжүүлэгчдийн гэхээс илүү ердөө пиар ухуулгын ажил болж хувирчээ.

Монгол орны боловсролыг өнөөгийн байдлаас чөлөөлөх хэрэгтэй! Үүний тулд шинэчлэл хэрэгтэй. Гэхдээ “шинэчилнэ” гэж юуг хэлэх вэ? Угтаа, “шинэчилнэ” гэдэг үг өөрчилнө, бусниулна гэх бус, харин зөв болгоно, засна, сайн болгоно гэсэн үндсэн утгатай ажээ. Харин, боловсролыг шинэчлэх нь юу, хэрхэн, яагаад буруугаар явсны сурвалжийг урьдаар олж мэдэхэд л буй. Үүнд үндэслэн хөөж үзвээс 1990 оны дунд үед тус орны боловсролын салбарт ийм нэг үйл явдал тохиожээ. Тухайн үед үүнийг “бүтцийн тохируулга” гэж дарууханаар нэрлэж байв. Гэвч, хэрэг дээрээ энэ нь тус орны ерөнхий боловсролын тогтолцоог үндсээр нь өөрчлөн хувиргах эхлэл байжээ.

ЗХУ мөхсний дараа эд материалын хувьд ч, мэргэжил аргазүйн хувьд ч түүний дэмжлэгээс шууд хараат байсан Монгол орны боловсролын салбар тулгуур нь нурсан мэт хүнд хэцүү үед шилжин оров. Тусламжаасаа хагацсан энэ орон эдийн засгийн доройтлоос үүдэн сургуулиудаа санхүүжүүлэхэд бэрх болж, багш нарын цалин саатах нөхцөлтэй болжээ. Чухам энэ үед олон улсын байгууллагын санхүүгийн тусламжаар “бүтцийн тохируулга” нэрэн дор эдийн засгийн неолиберал үзэл Монгол орны боловсролд түрэн орж ирвэй.

Неолиберал санаагаар дунд сургуулийг зах зээлийн өрсөлдөөн дэх хувийн хэвшил, компанитай адилтган үзнэ. Энэ ёсоор боловсролын хэрэглэгч гэгдэх эцэг, эхийг өөрт татаж хүүхдүүдийг нь сургах өрсөлдөөн сургуулиудын хооронд өрнөх бөгөөд хөрөнгийг илүү үр ашигтай зарцуулж, илүү сурлагын амжилт гаргасан сургууль олон сурагчтай болж, тэр хэмжээгээр хөрөнгө хүртэх ёстой. Үүний тулд улсаас үйл ажиллагааны зардлыг сурагчийн тоогоор нь тооцож сургуулиудад олгох ба илүү олон сурагчтай сургууль илүү их урамшуулал авна. Улмаар, үр ашигтай зарцуулалт, чөлөөт сонголт, өрсөлдөөнийг бий болгохын тулд сургуулиудын өөрийн удирдлага, санхүүжилтийн эрхийг ихээр нэмэгдүүлэх ёстой болой.
Үр ашгийн тухай санаагаараа неолиберал үзэл ба америк сургуулийн загвар нь тухайн үед тэвдэж мэгдсэн монголчуудад гарц болж харагдсан байж болох ажээ. Үүний зэрэгцээ, АНУ, Англид магтагдан алдаршсан энэ үзэл олон орон, тэр дундаа Скандинавын хөгжингүй орнуудыг хүртэл тухайн үед эзэмдэж байсан тул сайхан ч сонсогдсон ажээ.

Гэвч өөрчлөлтийн дараа энэ орны боловсрол дараах байдалд хүрсэн ажгуу. Тархан суурьшсан цөөхөн хүн амтай уудам нутагт хот, хөдөөгийн олон тооны сургуулийг тэгш боломжоор ханган санхүүжүүлж байсныг зогсоов. Хөдөө алс хязгаарын малчдын хүүхдийн бага сургуулиудыг үр ашиггүй хэмээн татан буулгаж, зардал хэмнэхийн тулд олон тооны багшийг ажлаас цомхотгожээ. Гэтэл үнэн хэрэгтээ цорын ганц сургууль бүхий хөдөө суманд чөлөөт өрсөлдөөн нь боломжгүй байжээ. Үүний зэрэгцээ, ихэнх техникийн сургуулиуд байхгүй болов. Гэвч хэдэн жилийн хойно ажиллах хүчин хомсдсон тул татан буулгасан техникийн сургуулиудаа цөөн тооны сургалтын төвөөр л орлуулжээ.

Орон нутагт сургуулиуд удирдлага, санхүүжилтийн тодорхой эрхийг өөрт авсан боловч сайхнаар төсөөлж байсан шиг зүйл болсонгүй. Харин сургуулийн захиралууд аж ахуй, хөрөнгийн ажилд илүү сонирхолтой болж, сургууль даяараа захирлын суудлын төлөөх булайтай маргаан, хэрүүлд татагдан орох нь түгээмэл үзэгдэл болжээ. Үүнээс үүдэн тус улсын нийслэл хотод хашаандаа биеийн тамирын талбайтай дунд сургууль ч бараг үлдсэнгүй. Сургуулийн газар хувийн компаниудын мэдэлд шилжжээ.

Хөрөнгийн үр ашиг, хэмнэлт, өөрийн удирдах ёс гэсэн шинэчлэлийн үзэл баримтлалын суурь ойлголтууд хоосон замхрав. Төрийн эрхийн төлөөх сонгуульд улс төрийн хүчнүүд нь ардын сургуулийг халамжийн газар болгон хувиргах амлалтуудыг бие биенээсээ өрсөн өгнө. Үр дүнд нь шинэчлэлд дэвшүүлсэн гол зорилгынхоо эсэргээр суралцагчдад бэлэн мөнгөөр цалин тараах, сургуульд үнэгүй үдийн унд өгөх зэргээр асар их мөнгө үр ашиггүй урсах болов. Өөрөө удирдах ёс гэдэг нь бүр хөгийн зүйл болж хувирчээ. Учир нь, сонгуульд ялсан намын тал дунд сургуулийн удирдлагыг гартаа авдаг жишиг тогтов.

Нэн харамсалтай нь, өөрчлөлтөөс хойш ерөнхий боловсролын боломж, хүртээмж иргэдийн хувьд улам бүр тэгш бус болов. Сургуулиудын хооронд хот ба хөдөөгийн, хотын захын ба төвийн, тусгай ба жирийн, баян ба ядуугийн, хувийн ба улсын, дотоод ба гадаадын гэх мэтээр боловсролын тэгш бус боломж, ялгаварлал гаарчээ. Үүнд хамгийн их өртөн анхаарлын гадуур хаягдаж гадуурхагдагсад нь малчид байсан ажгуу.

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр ихэвчлэн шалгалтанд зориулагдах болов. Ялангуяа, хувийн дунд сургуулиуд нь дотоод, гадаадын их сургуулийн шалгалтанд эрчимтэй бэлддэг төлбөрт сургалтууд болж хувирчээ. Үүнээс үүдэн иргэн хүний эрхэм мөн чанарыг илтгэн хөгжүүлэгч гоо сайхны мэдлэг, бие бялдрын хүмүүжил, ёс суртахууны мэдлэг, эх хэлний мэдлэг, хүмүүнлэг ухааны хичээлүүд дунд сургуулийн хөтөлбөрөөс шахагдан гээгджээ. Сургалтын хөтөлбөрийн энэ гажуудал нь ерөнхий боловсролын утга учрыг үгүй хийж буй хэрэг байв.

Дэлхийн жишигт хүрэх шинэчлэл нэрийн дор өмхөрч ялзарсан өнөөгийн тогтолцоог хэрхэн зөв болгож засахаас Монгол орны сургууль боловсролын ирээдүй  одоо хамаарах болно! Өнөөгийн тогтолцоонд хөл толгой нь үл мэдэгдэх замбараагүйдэл, ташаа ойлголт ноёрхож, харин өөрийн чиг баримжаа, үзэл баримтлал дутжээ. Чухам энэ үед манай орны ерөнхий боловсролыг үзэл баримтлалын хувьд эх газрын уламжлалд түшсэн, ард олонд илүү тэгш хүртээлтэй эгалитар тогтолцоонд шилжүүлэх нь зайлшгүй юм.

Энэ нь өнөө үед эсэргүүцэл ба хүнд хүчир сорилтуудтай тулгарах нь лавтай бөгөөд үүнийг даван туулахын тулд манай орны боловсролын бодлого үл зөвшилцөл, онолгүй, тооцоогүй хоосон амлалтаас ангижирч, харин боловсролын шинжлэх ухаан ба судалгааны туршлагад л баттай суурилж авах хэрэгтэй ажээ.

Судлаач П.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих