“Лхүмбийн хэрэг”-ээр 126 хүн ЗХУ-д цөллөгдсөн

newsss1937 оны наймдугаар сард Дотоодыг хамгаалах ардын комиссарат /ДХАК/- ын орлогч М.Фриновский тэргүүтэй Зөвлөлтийн төлөөлөгчид /их хядлага хийх ажлыг зохион байгуулахаар/ ирэхдээ өөрсдөө бэлтгэсэн бэлэн нэрстэй, бас баривчлах залхаан цээрлүүлэх /БНМАУ-д суух бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Мироновын ажиллаж байсан Баруун Сибирийн ДХАК-ын удирдах газрын ажилтнууд, мөрдөгчдийн хамт/ бригадтай, өөрсдийн сүр хүчийг баталгаажуулсан улаан армийн анги нэгтгэлүүдийг хилээр оруулсан зэргээр бүхий л бэлтгэлээ хангасан байсан.

   Монгол руу ирэх замдаа жанжин Г.Дэмидийг Эрхүүгийн ойролцоох Тайга өртөөн дээр тосч уулзан хордуулан амь насыг нь егүүтгэх арга ажиллагаагаа ч бас нарийн зохион байгуулсан гэдгийг ОХУ-ын судлаачид баримтаар нотолжээ. БНМАУ-ын иргэдийг ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй ордероор баривчлах, Монголын нутагт байрлаж байсан улаан армийн анги нэгтгэлүүдийн дэргэдэх тусгай тагнуул ангийнхнаар баривчлуулах, Баруун Сибирийн болон Зүүн Сибирийн ДХАК- ын удирдах газраас ажилтнуудаа илгээж дайчилгаа явуулах гээд олон арга замаар баривчилж, хойш нь хүргэж байжээ.

   Тухайлбал, БНМАУ-ын Ерөнхий сайд А.Амарыг ДЯЯ-ны сайд Х.Чойбалсангийн гарынүсэгтэй 10 тоот ордероор, мөн БНМАУ-ын Бага хурлын дарга Дансранбилэгийн Догсомыг 1939 оны долдугаар сарын 9-ний БНМАУ-ын Ерөнхий сайд, Дотоод явдлын яамны сайд Х.Чойбалсангийн тушаалаар баривчилжээ. Д.Догсомыг баривчлахад Чойбалсангийн өрөөнд ЗХУ-ын бүрэн эрхт элчин төлөөлөгч Иванов, ДЯЯ-ны орлогч сайд Жамбалдорж нар байсан гэдэг. Мөн БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Лосол, Худалдааны сайд Д.Чагдаржав нарыг томилолтоор явуулах нэрийн дор хуурч мэхлэн Зөвлөлтийн цэргийн ачааны онгоцонд суулган хойш нь илгээсэн, Лхүмбийн хэрэгт шийтгэгдсэн 120 гаруй хүнийг ДХГ-ынхан баривчлан Эрхүүгийн чекистүүдийн гарт хүлээлгэн / Эрхүүгээс чекистүүд ирж ажилласныг  ОХУ- ын судлаачид бичсэн/ өгч ачааны машинд суулган хил давуулах зэрэг арга замаар ЗСБНХУ-д явуулж тэндхийн хуулиар шийтгэн шорон гяндан, лагерьт хорьж байжээ…

   …БНМАУ-ын нутаг дэвсгэрээс баривчлагдагсдыг ачааны машин, болон цэргийн онгоцоор Алтанбулаг, Эрээнцавын боомтоор гарган Улаан-Үд, Эрхүү, Чита, Омск хот, ХБНУ, муж хязгаарт байршиж байсан шорон гяндан, лагерь колониудад хорьж шийтгэсэн баримт олдсоор байгаа билээ. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна Зөвлөлтөд ажиллаж, суралцаж байсан болон цөлөгдсөн Монголын иргэдийг оршин сууж байсан газар, хотод нь ДХАК-ын эрх баригчдын заавраар тухайн орон нутгийн ДХАК-ын удирдах газрын даргын гарын үсэгтэй ордероор баривчлан шийтгэж байжээ. Тухайлбал, БНМАУ-ын Ерөнхий сайд байсан П.Гэндэнг Сочид гэрийн хорионд”Кавказская” зочид буудлын 14,15,16 дугаар өрөөнд байрлаж байхад нь 1937 оны долдугаар сарын 17- нд ЗХУ-ын ДХАК-ын Азов-Хар тэнгисийн хязгаарын удирдах газрын ажилтан Кабаев 502 тоот ордероор, Ленинград хотын ДЦСХ-нд аспирантаар суралцаж байсан М.Гомбожавыг 1937 оны наймдугаар сарын 10-нд 4739 тоот ордероор Ленинград хотын Васильеостровск, 12 дугаар гудамжны 33 дугаар байрны 17 тоотод амьдарч байхад нь баривчилжээ. Монголын иргэдийг баривчлаад дээрх тушаалд заасан ёсоор хэрэг бүрдүүлж, анкет бүртгэл хийж, нэгжлэг хийж эд зүйлс, бичиг баримтыг нь хураан авч эмчийн үзлэгт оруулж байжээ.

   Лхүмбийн хэрэгт шийтгэгдэн ЗХУ- д цөлөгдсөн 126 хүнээс хувь заяаны тохиолоор амьд үлдэн дэлхийн хоёрдугаар дайнд оролцон гавьяа байгуулж одон медалаар шагнуулж явсан БНМАУ-ын иргэн Ж.Дашдорж 1954 онд Читад ирж монгол паспортоо аван эх орондоо эргэж ирсэн байдаг. Эндээс үзэхэд монголчуудыг хойш нь гаргах дамжлага болж байсан Чита хотын холбогдох байгууллагуудын архиваас иргэдийнхээ баримт бичгийг эрж хайх ажил яаралтай хийх хэрэгтэй байгаа нь тодорхой болж байна. 1930-1940-өөд онд Монголын хэд хэчнээн иргэн баривчлагдан харь гүрэнд хүргэгдэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн амь насаа алдсаныг өнөө хүртэл нарийвчлан гаргаж чадаагүй байна. Too гаргах гэдэг бэрхшээлтэй ажил ажээ. Учир нь Зөвлөлтийн хорих лагерь, колониудад ял эдэлж буй иргэдийн тоо болон бусад мэдээллийг нууц байлгах, ямар нэг өөрчлөлт гарвал түүнийг ар гэрт нь амаар мэдэгдэх, суллагдагсдыг нутаг орон руу нь бус дээрээс тогтоосон газарт хуваарилах, цөлөх арга хэмжээ тэр үед хэрэгжиж байсан. Монголчуудын дунд ч “хойшоо” аваад явсан гэхээс өөр мэдээлэл байхгүй байсаар 1960 аад онтой золгосон гэхэд хилсдэхгүй…

   …1937 оны аравдугаар сарын 23-нд И.В.Сталинаас Фриновскийд бичсэн нэгэн зурваст -..лөхөр Фриновскннд. Корпусын дээд удирдлага түүний дотор Таиров, Вайнер нарын асуудлыг шийдэх явдлыг цаашид сунжруулах боломжгүй, тэгэх ч хэрэггүй гэж үзэж байна. Гэхдээ монголчуудад мэдэгдэхүй байх нь зөв.” гэж бичсэнээс үзэхэд Монголтой холбоотой ямар ч мэдээллийг монголчуудаас нууцлаж байсан нь харагдаж байна. XX зууны сүүл үеэс улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүний тоог гаргах ажил хүчтэй өрнөж Зөвлөлтийн хорих лагерь, шорон гяндангийн төв рүүгээ илгээж байсан баримтад түшиглэн гаргасан ОХУ-ын эрдэмтэд судлаачдын бүтээлүүд нэлээдгүй гарчээ. Үүнээс ОХУ-ын судлаач эрдэмтэн В.Земсков судалгаанд түшиглэн үнэнд ойр хамгийн бодитой тоо гаргасан хэмээн судлаачид үздэг юм байна. Уг судалгаанд 1939-1951 онд Зөвлөлтийн нутагт ажиллаж байсан засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерь, колонид хоригдож байсан орос, украин, белорусь, буриад-монгол, армян зэрэг ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс үндэстнүүдийн болон немц, польш, румын, хятад, солонгос, япон, монгол зэрэг гадаад улс орны хоригдлуудын тоог гаргажээ. Энэ судалгаанаас үзэхэд Зөвлөлтийн хорих лагерь, колонид хоригдож байсан монгол иргэдийн тоо /тухайн оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар/ 1939 онд 35,1940 онд 70, 1941 онд 58, 1942 онд 64, 1943 онд 37, 1944 онд 22,1945 онд 49,1946 онд 20,1947 онд 49, 1951 онд 83.

   Энэ бол тухайн онд Зөвлөлтийн шорон гяндан, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерь, колонид хоригдож байсан Монгол Улсын харьяат иргэдийн тоо. 1939 оны дундуур БНМАУ-ын нам төрийн удирдах ажилтан, ДЯЯ-ны ажилтнууд болох 40-өөд хүнийг дайчлан баривчилж Эрээнцаваар дамжуулан Чита хотод хүргэсэн. Тэгэхээр эдгээр иргэдийн тоо 1939 оны тоонд ороогүй байж таарна гээд бодохоор 1938 онд 35 монгол хоригдол байсан нь 1934 онд Алтанбулаг Хиагтаар дамжуулан гаргасан 200 шахам монголчуудаас үлдсэн болж таарч байна. Таван жилээр яллагдсан зарим нь суллагдаад нутагтаа харих эрхгүй өөр хот тосгодод суурин амьдрахаар үлдсэн бол зарим нь хорих газрын хатуу хөтүүг даалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч байж болох юм. Юутай ч хойшоо цөлөгдөөд чухам хэн хэн нь ямар хувь заяатай учирсныг тодорхойлоход бэрхшээлтэй байна. Бидний судалгаагаар монгол иргэдийг цэргийн олзлогдогсдын лагерьт олноор нь хорьж байсан нь бас тодорхой болж байна. Хатуу чанга дэглэмтэй шорон гянданд хоригдож байсан хүмүүсийн тоо бас дээрх мэдээнд ороогүй.

   ЦАУЗБУК-ын ажлын албанаас гаргасан мэдээгээр бол БНМАУ-аас тухайн үеийн ЗСБНХУ-д улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 250-иад хүний нэр тодроод байгаа. Үүн дээр нь 17 дугаар армийн шугамаар тагнуулын албанд дайчлагдан ажиллаж байгаад сураггүй болсон 400 гаад хүнийг нийлүүлвэл 600-гаад хүн хэлмэгдсэн болж таарах нь. Энэ тоог нарийн нягтлан гаргах шаардлага тулгарч байна.

 Эх сурвалж: Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих