Бүрэн шаталттай зуухыг дүүрэг бүрийн 11 гэр цэгээр дамжуулан 45000 өрхөд олгоно
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын иргэдэд бүрэн шаталттай зуухыг хөнгөлттэй үнээр борлуулах ажил удахгүй эхлэх гэж байгаа.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МУЗГ-ын Тусгай сан Цэвэр агаарын сан, Нийслэлийн агаарын чанарын алба болон Улаанбаатар-Цэвэр агаар төсөл хамтран “Хэсгийн ахлагч нарын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөнөөр бүрэн шаталттай зуухыг иргэд хэрхэн, хаанаас, хэзээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Тодруулбал, энэ жил 45 000 өрхөд БГД, БЗД, СБД, ХУД, ЧД-т байрлах 2-3 байнгын цэг, дүүрэг бүрт ажиллах 11 гэр цэгээр дамжуулан бүрэн шаталттай зуухыг борлуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Нийслэлийн Засаг дарга хороодын хэсгийн ахлагч нарт хандаж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж буй бүрэн шаталттай зуухыг иргэдэд хөнгөлттэй үнээр борлуулах ажил удахгүй эхэлнэ. Энэ ажилд та бүхний оролцоо ихээхэн чухал учраас чин сэтгэлээсээ хандаж, идэвхитэй ажиллана гэдэгт найдаж байна” гэв.
Зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчТ.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан, Цэвэр агаарын сангийн захирал Г.Баярсайхан, Улаанбаатар-Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд болон гэр хорооллын айл өрхтэй хамгийн ойр ажилладаг 7 дүүргийн 880 хэсгийн ахлагч нар оролцлоо.
Х.Алтанзагас
URL: