Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 09-ний өдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлийн  өвөлжилтийн бэлтгэл, зам засварын ажлын явц болонөнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө
“Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер Г.Алтангэрэл “Зуны засварын батлагдсанхуваарийн дагуу нийслэлийн төв магистраль шугамд нийт 9 зогсолт хийж, төв шугамуудыг дүүргэж, залгасан.
Мөн  2013 онд ТӨХ-оор батлагдсан зардалд багтаан зуны их засварыг 5.0 тэрбум төгрөгөөр 3350.7 м шугам шинэчлэлийн ажлыг 23 цэгт хийхээр төлөвлөж, 100% гүйцэтгэлээ.Харин 6Д, 2ГД магистралийн өргөтгөл шинэчлэлийн ажил96%-тай байгаа. 09 сарын 15 гэхэд нийт айл өрхийг дулаанаар бүрэн хангана” гэлээ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн захирал С.Төмөрхүү “Урсгал засвар, их засвар, компанийн техник, зохион байгуулалтын ажлын явц төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85%-ийн явцтай байна.  Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 10-р сард бүрэн дуусгана” гэж мэдээллээ.
Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Улс, нийслэлийн төсөв, нийслэлийн Замын сан, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 88 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа.
Эдгээрээс хэрэгжиж дууссан 4 зам, зорчих хэсгээ бүрэн нээсэн 15 зам, 1 гүүр, гэрээгээр ажил нь эхэлсэн  2 гүүр, 3 нүхэн гарц, ажил явагдаж байгаа 17 зам (3 ажил он дамжин хэрэгжинэ), тендер 2 удаа зарлаад хүчингүй болсон 1 зам, тендерийн явц  удаашралтай байгаа орон сууцны хороолол доторх 18 байршлын замбайна.
Нийт ажлын явц 75 хувьтай байгаа” гэж мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга дүүргүүд болон Хот тохижилтын газар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад хүндрэлтэй ямар асуудал байгаа талаар тодруулсан юм.
“Налайх дүүрэг өвөлжилтийн бэлтгэл ажил85%-тай байгаа ч Даниулсын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн “Цэвэрлэх байгууламж”-ийн асуудал хүндрэлтэй байгаа”гэж Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар хэллээ.
Харин СБД-ийн 116, 25-р сургуулийн дулааны шугамын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэхээр харъяа яаманд мэдэгдсэн ч одоогоор шийдэгдээгүй байна. Тиймээс нийслэлээс энэ асуудалд анхаарал тавих шаардлагатай байгааг дүүргийн Засаг дарга Д.Бадарсан уламжиллаа.
Нийслэлийн Хот тохижилтын газар энэ өвөл замын цас цэвэрлэх, халтиргаа гулгааг арилгахад зориулж, 120 гаруй хүн, 11 техник хэрэгсэл, 6 портер машин гаргахаар төлөвлөжээ.  Үндсэндээ нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна.
              Бар, цэнгээний газрууд удаа дараа хууль зөрчвөл дулаан, цахилгааныг тасална
Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал, нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Цагдаагийн газарт өнгөрсөн 14 хоногт 695 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 32,8%-иар нэмэгдсэн байна. Нийслэлийн Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэргийн гаралтын тоо буурсан ч зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 38,4%-иар нэмэгджээ.
Нийслэлийн Засаг дарга “Гэмт хэргийн гаралт тодорхой хувиар өссөн шалтгааныг тогтоосон, эсэх, баасан, бямба, ням гарагт шөнийн цэнгээний газруудыг 03 цаг хүртэл ажиллах эрх олгосон нь гэмт хэргийн гаралтад нөлөөлсөн эсэх, ер нь шөнийн цэнгээний газрууд хуулийн дагуу ажиллахад ямар хяналт тавьж байгаа”талаар тодрууллаа.
НЦГ-ын дарга, Цагдаагийн хурандаа Д.Батжаргал “Гэмт хэргийн гаралт өссөн нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж үзэж байгаа. 7 хоногийн 3 гарагт шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийг сунгасан нь гэмт хэргийн гаралтад нөлөөлөөгүй” гэлээ.
Харин Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа “07 сарын 25,26-ны өдөр шөнийн цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийсэн.
Шалгалтаар  00-03 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх журмыг зөрчсөн шөнийн цэнгээний газрыг хаах хүртэл арга хэмжээ авсан ч “Доргио”, “Faсе”барууд хуулийг үл тоон ажилласан тохиолдол гарсан. Энэ талаар Хууль хяналтын байгууллагад хандаад байна” гэсэн юм.
Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл“Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, явган хүний болон  автомашины замын халтиргаагулгааг арилгахад онцгой анхаарч,  хүн хүч, техник хэрэгслээ сайтар бэлдэх шаардлагатай.
Гэмт хэргийн гаралт нэмэгдсэнтэй холбогдуулан шөнийн цэнгээний газрууд хууль дүрмээ баримтлан ажиллах, гэмт хэргийн гаралтын шалтгаан нөхцлийг баримтжуулан тодорхойлох багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо.
Мөн нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр болсон 52 байршилд иргэд дур  мэдэн хашаа хатгасан, байрласан байгаа учир тэдгээр хүмүүсийг албадан нүүлгэхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих