Шинэчлэлийн “хуучин” сайд

Шинэчлэлийн Засгийн газар тун удахгүй шинэчлэгдэх нь. Сөрөг хүчнийхэн кабинатын “толгойлогч”-ийг тоогоор зодож унагах төлөвлөгөөг өвөртөлчихсөн ээлжит бус чуулганы хуралдааныг хуруу даран хүлээх болов. Жилийн нүүр үзэж буй шинэчлэлийн багийнханд энэ удаад аврагдах боломж тун хомс.
Хатуухан хэлэхэд, Н.Алтанхуягийг азын тэнгэр хаясан бололтой. Тиймдээ ч дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэх марафон эрх баригч нам дотор өрнөж, кабинатын гишүүдийн нэрс цухалзаж эхэллээ. Гэхдээ энэ багийнхнаас хийсэн ажилтай, хэлэх үгтэй хуруу дарам хэдэн сайд байгааг тодотгох нь зүйтэй биз.
Шинэчлэлийн гэх давалгаанд хөмөрчилгүй аваад үлдчихмээр тэдгээр сайдыг онцлон хүргэе. Харин суудал бөглөж, төрийн ажлыг төрлийн болгож, хувь хувьсгалын ажлаа ялгаж салгалгүй халаасаа түнтийлгэсэн эрхмүүдийг дараа дараагийн дугаартаа цувралаар хүргэх болно.
Зам тээврийн сайд А.Гансүх:
МИАТ-ийг энэ оны сүүлч гэхэд нэг тэрбумын алдагдалтай гаргахаар салбарын яамныхан бодлого боловсруулан ажиллаж буй. Энэ бол том амжилт. Үргэлж алдагдалтай ажиллаж ирсэн эл комлани ирэх жилээс ашигтай ажиллах гэнэ.
МИАТ-ийн хувьд 2010 онд хоёр тэрбум, 2011 онд 5.6 тэрбум, 2012 онд 4.1 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж байжээ. Түүнчлэн МИАТ БНСУ-аас шатахуун импортоор авч эхэлсэн нь салбарын сайдын бодлого байв.
Өмнө нь агаарын хөлгийн шатахуунаа зөвхөн ОХУ-аас импортоор, авдаг байсан хараат байдлыг халахын тулд Зам тээврийн яам онгоцны шатахууны нийлүүлэлтийг олон эх үүсвэртэй болгохоор шийдвэрлэж, улмаар шатахууны хомсдолоос сэргийлэх зарим арга хэмжээ авч эхэлсний үр дүн нь энэ.
Түүнчлэн дэд сайдаар ажиллаж байхдаа дээрх компанийн авлига, албан тушаалын хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, улмаар шаардлагагүй орон тоог цомхотгосноор алдагдлыг чамлахааргүй хэмжээгээр бууруулсан юм.
Мөн Монгол Улс анх удаа өөрийн гэсэн онгоцтой болж, хөл нь газар хүрэхгүй хөөрцөглөж байсан нь саяхан. Өөрийн гэсэн өмчтэй болсон манай улс Эрээн, Берлин, Бангкок руу шууд нислэг үйлдэж эхлээд байна.
Авто замын салбарын тухайд нийслэлтэй зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлсний эхнийх нь Баянхонгор аймаг. Тус аймгийн төвийг нийслэлтэй 108.3 км авто замаар холбосон бол нийслэлийн хэмжээнд олон замыг өргөсгөж, аюулгүйн тойргуудыг дөрвөн замын уулзвар болгон шинэчилсэн.
Түүнчлэн төмөр замын ажил эрчимтэй урагшилж буй. Дэд сайдаар ажиллаж байхаасаа бодлого, хөтөлбөрийг нь гардан боловсруулсан тул ажлаа арван хуруу шиг мэддэг нэгэн гэж дүгнэж болохуйц.
Хашааны гаднаас томилогдсон ганц сайдын хийсэн ажил, байгуулсан гавьяа шинэчлэлийн Засгийн газрыг чимэж байгаа гэхэд хилсдэхгүй биз. Иймээс сөрөг хүчнийхний үлээсэн салхинд хийсгэчилгүй сугалж аваад суудалд нь “хадчихсан”.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
Толгойгүй мэт явж ирсэн салбарыг бодлоготой болгохын төлөө алдаа, оноотой олон ажил санаачилжээ. Монгол Улс моодонд орохын хэрээр тархи гашилгасан олон асуудал ар, араасаа хөврөх болов. Наанадаж, өнөөдрийг хүртэл нүүрсний талаар баримтлах төрийн бодлогогүй байгаа нь ичгэвтэр зүйл.
Гэхдээ салбар хариуцсан сайд өнгөрсөн хугацаанд зүгээр суусангүй. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд газрын тосны бүтээгдэхүүний хувьд нэг орноос хараат байснаас болж үе үе хомсдолд орж “гал алдахад” хүрдгийг арилгаж импортын 70 орчим хувийг гуравдахь зах зээлээс нийлүүлдэг болов.
Мөн өмнөд хөршид экслортолж буй түүхий газрын тосоо боловсруулан сар тутам 10 мянга хүртэл тонн газрын тосны бүтээгдэхүүн (“Монгол-93″)-ийг эргүүлэн авч эхэллээ.
Энэ нь шатахууны хилийн үнийг түүхий тосны биржийн үнээс тооцдог олон улсын худалдааны үнэ тогтоох аргачлалтай уялдуулан хийсэн томоохон ажил гэж мэргэжилтнүүд тодотгох нь бий.
Түүнчлэн Эрдэнэтийн овооны орд орчимд улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, хэтийн төлөв өндөртэй гэж тогтоосон зургаан талбайг улсын нөөцөд авчээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацаа 25-30 жилээр уртассан.
Мөн хууль зөрчиж олгогдсон Багануурын нүүрсний орд орчмын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож төр мэдэлдээ авснаар ордын нийт нөөцийн 65 хувь болох 450 сая тонн нүүрс буюу зах зээлийн ханшаар 9.9 их наяд төгрөгийн нөөц нэмэгдэж уурхайн насжилт 40-45 жилээр уртассан аж.
Уул уурхайн яам олон жил яригдсан “Төрөөс Эрдэс баялгийн талаар 2024 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг” болон “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-аар эхний хэлэлцүүлгийг хийлгэн дэмжүүлж, ажлын хэсгийн ажлыг эхлүүлээд буй.
Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон гэхчлэн бодлогын чанартай олон асуудлыг боловсруулжээ.
Уул уурхайн сайдын тушаалаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, хилийн заагийг шинэчлэх, шинээр хамруулах ордуудын талаар санал бэлтгэх ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.
Эхний ээлжинд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн Хөшөөт, Цайдам нуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын зэрэг газрын ховор элементийн ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах асуудлыг УИХ-д өргөн барив.
Түүнчлэн Засгийн газрын 100 дугаар тогтоолд заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын хувь, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлүүлсэн аж.
Монгол Улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангилал”-ыг олон улсын нөөцийн ангиллын жишиг стандартад ойртуулан боловсронгуй болгож, ашигт малтмалыг эрэх, хайх үйл ажиллагааны журмыг мөн шинэчлэн найруулжээ. Ашигт малтмалын газрын бүтэц, бүрэлдэхүүнд Геологийн албыг байгуулахаар ажиллаж байгаа аж.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж:

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих