Хөөгдмөл

996ba1dc228daee7greatГ.ЖАМЪЯН

(Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн)

Улаанбаатар хотын дүүргүүдэд байрлалтай хэдэн зах л эрхэм дээдсийн нүдийг хорсгоод байна гэнэ. Тун яаралтай хотоос гаргах юм байх. Захуудыг нүүлгэх судалгаа хийгээд дуусч байгаа гэнэ. Энэ хэдэн захыг л зайлуулвал нийслэл хот жигтэйхэн сайхан хөгжиж, талбай зам нь түгжрэлгүй таатай орчин бүрдэх юм гэнэ.

Хөөрхийдөө, зах гэдэг маань ядуусын хэл хөдөлгөж хөл хүрдэг ганцхан гарц нь. Зах дээр юм зардаг сайд дарга нар, баячууд байхгүй. Захаас юм авдаг эрхэм дээдэс нэг ч үгүй. Зах дээр очиж үзсэн мяндаг тушаалтан ер нь байдаг ч юм уу, бараг үгүйдээ. Харин сонгуулийн өмнө л инээдэггүй нэг нь инээдэг болоод, их зантай нэг нь ивээгчийн баг өмсчихсөн захын барлагуудтай уулзаж явах юм  билээ.

Зах бол нийслэлийн, дундаас доош орлоготой сая шахам хүний хоолоо олж иддэг, хувцасаа олж өмсдөг, эвдэрсэн тэрэг чарганыхаа эрэг боолтыг олж авдаг газар л даа.

Ихэнх нь унаа малгүй, улдаж ядарсан, хөөрхийлөлтэй амьтад зах бараадан амьдардаг нь нууц биш. Зах нүүлгэнэ гэдэг чинь устгана гэсэн үг. Хаа байгаа Хонхор, Эмээлт, Хорин хоёрын товчоо, Өлзийт, Сонгино- хайрханы тийшээ ч нүүлгэх бололтой сураг гарч байна. Хорин жил, гучин жил, зарим нь түүнээс ч олон жил хотынхоо дүүргүүдэд төвхөнөчихсөн, ажилчид нь аль хэдийнээ нүүж ирээд суурьшчихсан, хэдэн зуу мянгаар тоологдох байнгын үйлчлүүлэгчидтэй болчихсон захуудыг хэн нэг дарга “Өнөөдөр нүү!”гээд газар зааж өгч болдог юмуу?! Нэг кг махны төлөө Хонхор орох болж байна уу? гэрлийн шил шатчихлаа гээд Эмээлт хүртэл явах уу? Өрөөсөн толио солино гээд Өлзийт, Сонгино руу хүрч очих уу?

Насны ихэнхийг хотод өнгөрүүлсэн болохоор, би энэ захуудын үүсэл гарлаас нь эхлээд сайн мэднэ. Жишээ болгож Да–хүрээ захыг авъя. Ах минь, Монголын анхны хуучин машины худалдаанаас, нэг “Комбе Шкода”-ны сэг авч билээ. 12 мянган төгрөгөөр шүүдээ. Түүний сэлбэгийг эрэхдээ намайг хань татдаг байлаа. Олддог юм байхгүй. Одоогийн Да-хүрээ зах байгаа оросын ангийн актлагдсан хэдэн байшингийн наран талд хэсэг хүн том жижиг машины сэлбэг, эрэг боолт, халзан дугуй хүртэл тавьчихсан наймаа хийдэг байж билээ.Монголын техникийн зах үүсч байгаа нь энэ. 1991 оны дөрөвдүгээр сарын 25–нд Ж.Даш гэр бүлээрээ улсаас 1,5 сая төгрөгийн зээл аван, Оросын хаягдал дан барилгуудыг тордож Да-хүрээ захын суурийг тавьсан. Ёстой л “Туулын мөсийг долоох” шахам явж байж өдий хүргээд байгаа билээ. Одоо энэ зах 5000 орчим хүнийг ажлын байртай болгож дундажаар 25000 хүнийг хооллож ундалж байгаа нь буян биш үү. Хотын захын гэр хорооллуудаас олон зуун айл нүүж ирэн суурьшиж энэ захтай амь амьдралаа холбосон. Бурханд мөргөхөөсөө Да–хүрээ захын туг сүлдтэй байшин руу мөргөх хүн олон. Ингэж “Дашийн зах” хэмээн нэрлэгдэх болсон энэ газар, төрөлх нийслэлийнхээ 6,5-хан га талбай эзэмшин, бүх дүүргүүдийн төв цэг дээр ажил үйлчилгээ явуулж байгаа нь хэнд саад болоод байгаа юм бэ?! Өнөөдөр Монгол улсын сайд дарга нар, тэрбумтан баячууд болчихоод байгаа эрхэм дээдэс энэ хашаанаас “гахай” чирч ганзагын наймаанаас хөлжсөн олон баримт бий. Эндэхийн нэг ахмад ажилчинтай уулзаж ярилцаж байхад: “Харж л байя. Нохой ч гэсэн идүүр рүүгээ шээдэггүй юм даа” гэж байна билээ. Зөвхөн энэ зах л гэхэд улсад хоёр тэрбум гаруй  төгрөгийн татвар төлөөд сүүлийн үед жил бүр 330 сая төгрөгийн татвар төлдөг болоод байна. Өөрийнхөө хөрөнгөөр ойр орчмын бүх зам талбайгаа засч асфальтлан тохижуулсан байна. Бараг км шахам хатуу хучилттай  зам өөрийн хөрөнгөөр барьж хотын төв замтай холбосон байгууллагыг би л хувьд дуулаагүй юм байна. Үүнээс гадна үерийн шуудуу, гэрэлтүүлэг зэрэг нийт 200 сая төгрөгийн ажлыг хотын тохижилтонд зориулан хийж өгсөн байдаг. Да–хүрээ трейд ХХК–ны авто худалдаа үйлчилгээний цогцолбор нь Баянзүрх дүүргийн төвийн хэдэн хорооны иргэдийн ажил амьдралын төв болж байгаа гэхэд хилсдэхгүй болуу.

Хот, дүүргүүдийн удирдлага, захуудыг нүүлгэх, хотоос гаргах шаардлагыг хэдэн үндэслэлээр тавьдаг гэнэ. Нэгдүгээрт автозамыг чөлөөлж, машин тавих талбай гаргах, хэт төвлөрлийг сааруулж газар чөлөөлөх зорилготой гэдэг байна. Бас, ариун цэвэр, дэг журамыг сахиулах талаас ч анхаарах зүйл бий гэнэ. Гэтэл, жинхэнэ амьдрал дээрээ бол өөр юмаа. Энд, төр захиргааны зүгээс зохион байгуулалт, журамлалт л дутаад байдаг юм байна. Би бас Да-хүрээ захаас жишээ авъя. Хүн харахад бол энэ захын үүдний засмал зам битүү машин байдаг. Замын хоёр талаар эгнүүлээд машин тавьчихсан байгаа. Тэр нь татвар төлөхгүйгээр зарах гэсэн машин гэнэ. Тэр машинууд өдөржин зогсож худалдагдвал худалдагдана. Үгүй бол шөнө нь дэргэдэх айлын хашаанд 1000 төгрөгөөр тавина. Өглөө гаргаад зам дээр зогсоочихно. Захын хоёр талын хашаатай айлууд бараг бүгдээрээ хөлсний хувийн гарааш болсон байх юм. Үүнийг чинь төр зохицуулах хэрэгтэй юм байгаа биздээ. Хот, дүүрэг, хорооны удирдлага, цагдаа, замын цагдаа үүнийг зохицуулахгүй “Да-хүрээ захаас болж байна нүүлгэнэ”гэж дарамтлаад байж болмооргүй юм.

Нэг муухай зүйл байна. Том захуудыг түшиглүүлээд хот дүүргийн удирдлагууд алга дарамхан газрыг ч гэсэн ах дүү төрөл садан танил талдаа өгчихсөн байдаг юм байна. Зөвхөн Да-хүрээ захыг тойроод л автомашин наймаалдаг хориод газар байна. Муу нэр нь Да-хүрээ зах. Нидэр дээрээ “захиргаагүй” зах дэлгүүрүүд ажиллаж байх юм. Энэ чинь мөн л төр захиргааны зохицуулалтын ажил биз дээ.

Жинхэнэ захууд бол олон арван жил өөрсдийгөө засч тордоод, тохижуулаад сайхан болгочихсон байх юм. Их ч хөрөнгө зарсан, олон тэрбумын барилга байгууламж барьсан, нүүнэ гэхэд л хэдэн жилийн ажил болмоор болж. Ийм нөхцөлд захуудыг заавал нүүлгэнэ гэж дарамтлаад байдгийн учрыг олохгүй байна.

Суурьшсан захуудыг хотоос гаргана, холдуулна, хүнээр бол “цөлнө” гэх атлаа “Дүнжингарав” мэтийн том худалдааны төвийг хотын төвд, хамгийн том “Нарантуул” захын хаяа хатгаад барьчихдаг нь хэр зохимжтой байна, харцгаа даа. Сая Нарантуул зах шатахад хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мөнч их ярилаа даа. “Дүнжингарав” худалдааны төв нь эрх баригчдын ивээлийн газар. Хотын удирдлагууд тэр худалдааны  төв рүү засмал зам тавих гэж газар чөлөөлөн, олныг бухимдуулж тэмцэл хөдөлгөөн өрнөх олон зүйл шалтгаалсан гээд ярьж л байна билээ. Гэм буруутнууд тогтоогдохоор их зүйл ухаж гаргаж ирэх юм билээ. Хэрэв үнэн бол Нарантуул зах шатсаны гол буруутан нь өнөөх “дархлагдсан” Ш.Сайхансамбуу биш юм уу. “Мэргэжлийн хяналтын газрын олон удаагийн шаардлага биелүүлээгүй” л гэнэ. Олон зүйл ярьж байна билээ. Ер нь тэр эрхэм “Нарантуул” захаа шатаж байхад яагаад үзэгддэггүй, яагаад ирдэггүй билээ. Авчиръя гэсэн бодол санаа ч энэ төр засагт байдаггүй  бололтой юм. Баян хүнийг ч хэрэглэх биш дээ. Энд би эрхэм дээдсээс хүсмээр хэдэн зүйл байна.

Нэгдүгээрт: Дүүрэг хорооддоо төвлөрч суурьшаад ядуурсын амь амьдралыг нь залгуулж байгаа энэ хэдэн захыг “холдуулж” байгаа нь энэ гэж битгий устгаач. Айл нүүхэд хүртэл ямар их хугацаа авдаг билээ. Зах нүүнэ гэхэд тав арван жил хэрэгтэй. Тэр олон үйлчилгээний газрууд дагаад нүүж очих уу? Үгүй шүүдээ. Да –хүрээ захад л гэхэд 600 орчим түрээслэгч байгаагийн дотор банкны гурван том салбар, даатгалын газар, бүх төрлийн үйлчилгээ байна. Тэр бүхэн дагаад нүүхгүй нь мэдээж

Хоёрдугаарт: Захуудыг түшиглэж олон жил, зарим нь насаараа амьдарсаар ирсэн мянга мянган хувиараа аж ахуй эрхлэгчид айл, өрхүүд байгаа. Тэд дагаад нүүхгүй нь мэдээж. Ядуусын бүхэл бүтэн “арми” хохирно. Тэгээд ч хотын хязгаар нутагт зах руу явж байдаг хэн байгаа юм. Баячууд, эрхэм дээдэс, унаатай хүмүүс тийшээ очихгүй. Энэ хэдэн зах нүүдлийн хөлд үрэгдэнэ гэсэн үг.

Гуравдугаарт: Монголд улстөржилт арай дэндлээ.Хүмүүсийн яриагаар бол төвлөрсөн хэдэн том захын эзэд нь МАН, МАХН бусад намын харъяаллын хүмүүс, дэмжигчид байдаг гэнэ. Эрх баригчид тэднийг “буулгаж авах”-ын тулд захуудыг хотоос гаргах их аянд гарцгааж байгаа гэх юм. Захыг нүүлгэснээр ядуус бид л хохирно. Өөр хэн ч хохирохгүй. Улаанбаатарт ядуусын эгнээ хэдэн зуу мянгаараа нэмэгдэнэ.

Дөрөвдүгээрт: Захуудыг хөөж дарамтлах биш, хот дүүргийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд хамтарч ажиллан, дэмжих талын өргөн хүрээтэй ажил зохион байгуулмаар байна. Да -хүрээ зах л гэхэд өөрөөсөө 60 сая төгрөгийн зардал гаргаад автын цагдаа, хэв журам сахиулагчид ажиллуулж байсан юм. Хөрөнгө мөнгийг нь зах гаргаад, төр захиргааны байгууллага ямарч ажил зохион байгуулж болноо доо. Одоо “өргөдөг машин” олныг оруулаад ирсэн. Татвараас зугтаалган замын хоёр талаар тавьчихаад байгаа тэр олон машиныг, ёстой өргөж баймаар шүүдээ. Тэгвэл Шар хадны зам ямар сайхан чөлөөтэй уужуу болох бол.

Тавдугаарт: Захуудыг нүүлгэнэ гэж ярихын өмнө түшиглүүлээд хөл гишгэх нүхгүй болтол нь газар олгосон эзэдтэй хариуцлага тооцмоор байна. Тэр бүх аж ахуйн газар, хувь хүмүүсийн орлогыг зөв тогтоож, татвар хураамжаа төлж үү, үгүй юу гэдгийг шалгаж, зөвшөөрөлгүй юмуу, бичиг баримтын зөрчилтэй заримыг нүүлгэж шилжүүлэхэд болохгүй гэх талгүй. Энд л нутаг дэвсгэрийн төр захиргааны байгууллага их зүйл хиймээр санагддаг.

Зургадугаарт: Аль ч зах хууль дүрмийг ягштал баримталж ажиллах ёстой. Зөрчлийг таамгаар биш, хөдлөшгүй баримтаар нотлож, арга хэмжээ авахад буруудах зүйлгүй бол уу.

Эцэст нь над нэг санал байна.Ядуусынхаа амьжиргааны гол үндэс болсон захуудыг нүүлгэж бужигнуулахын оронд хотоос гаргамаар зүйл их байна даа. Туулын эрэг даган байрлачихаад хортой усаа гол руу урсгаж байдаг, арьс шир ноосны олон үйлдвэрийг хотоос гаргана гэсэн яасан бэ? Түүхий эдээ бараадвал Эмээлт, Налайх, Сонгины цаад руу нүүлгэмээр санагддаг. Даанч  ард нь сайд дарга нар УИХ –ын гишүүд байдаг юм гэнэлэй. Энэ олон дээд сургуулийг хотоос гаргаж “оюутны хотхоноо”яаравчлая л даа. Тэгсэн чинь 1000 оюутны дотуур байраа хот дотор бариад, нүүлгэх царай алгаа. Уул нь Хүй- долоон худагт 50 тэрбумын наадмын цогцолбор, Баянхонгор аймагт 20 тэрбумын модон байшин, олон тэрбумын өртөгтэй төвлөрсөн шорон гэхчлэн Монголын хэдэн төгрөгийг салааныхаа завсраар савируулж байхын оронд багш оюутнуудын тохилог байртай “Оюутны хотхон” барьчихвал хаа хаанаа хэрэгтэй л баймаар юм. Энэ мэтчилэн, хотоос гаргамаар газар их байна аа. Эрх баригчид, тэдний танил тал, нөлөө бүхий хүмүүс татгалзаад, эцсийн эцэст муусайн ядуусынхаа амьжиргааны үндэс болсон хэдэн зах руу довтолдог юм гэсэн. Болимоор юм даа. Саяхан “Нарантуул” захыг ганц хоёрхон хоног хаахад ямар их бухимдал үүсэв?! Захуудыг хотоос нүүлгэхэд хүрвэл Улаанбаатарт юу болохыг төсөөлөхөд бэрх байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих