17 тэрбумын тендерийг Н.Алтанхуяг нар хуваах гээд баригдав уу
Үүнээс өмнө манай улс Цанхийн зүүн уурхайн нүүрсийг БНХАУ-ын хилийн наана байрлах Цагаан хад хэмээх газарт буулгаж, тэндээ гаалийн хяналт дүн шинжилгээ хийснээр ахин хятад уруу тээвэрлэдэг байсан юм. Үүнээс үүдэн Цагаан хад орчмын байгаль орчин муудаж, мөн тээврийн зардал их гардаг байжээ. Аргагүй шүү дээ, хилийн наана буулгаад ахин ачина гэдэг ихээхэн зардал гарах нь дамжиггүй. Өнөөх Н.Алтанхуяг сайдын төрсөн дүүгийн охины луйвардаж авдаг 17 тэрбумын тендер чинь энэ Цагаан хадтай холбоотой шүү дээ. Харин өдгөө Цанхийн зүүн уурхайд гүний гааль байгуулснаар автомашинууд нүүрсээ ачаад, битүүмжлэн шууд БНХАУ-ын Ганц модны боомтод хүргэж эхлээд байгаа юм. Энэхүү гэгээлэг мэдээг хаа сайгүй ярьж бичиж байна. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тавантолгой”-н ажлыг гацаанаас гаргахын тулд бондын мөнгөнөөс зарцуулна. Тэгэхдээ “Чалко”-д төлөх өрийг барагдуулна” хэмээн нэлээд эртнээс ярьж байсныг би дээр дурдсан. Түүний дараахан “Тавантолгойн нүүрсийг бид Цагаан хадаар дамжуулахгүй шууд хятад уруу экспортлох арга зам хайж байгаа. Энэ ажил бол үндсэндээ болчихно. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурьт үүрэг өгсөн. Энэ дагуу сайн ажиллаж байгаа” хэмээсэн мэдэгдэл хийж байв. Тавантолгойн гацаа нь зөвхөн “Чалко”-гийн гэрээнээс ч болоогүй нь лавтай. Өөр олон хүчин зүйлс байсан ч “шинэчлэгчид” зөвхөн “Чалко”-гийн гэрээ, өрийн асуудлыг ярьсаар өнөөдөртэй золгож буй.
Н.Алтанхуяг сайд ийнхүү Тавантолгойн асуудлаар Я.Батсуурьт үүрэг өгч, нүүрсийг шууд экспортлох тухай мэдэгдэл хийснээс сар гаруйн дараа Цагаан хадан дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг үзүүлэх тендер зарлуулсан нь цаанаа ихэд учиртайг тэр бүрий хүмүүс мэдэхгүй. Тэгэхдээ өөрийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн охин Г.Уянгад 17 тэрбумын тендерийг хууль бусаар олгож байв. Тодруулбал, Ерөнхий сайдын дүүгийн охины “Говь повер” хэмээх компани нь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг үзүүлэх тендерт оролцсон хэрэг. Энэ тухай цухас дурдвал, Ерөнхий сайдын дүүгийн охин Д.Уянга гэгч “Говь повер” хэмээх компанийг бусдаас худалдан авч, үнэлгээний компаниар нэг өдрийн дотор үнэлгээ хийлгэж, дүрмийн санг нь нэг тэрбум төгрөг болгож өсгөжээ. Гэвч үнэлгээг хийхдээ тухайн газар дээр очиж бодит үнэлгээ хийгээгүй байдаг. Нэг өдрийн дотор тус компанийг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэх үнэлгээ гаргуулснаар тендерт шалгарах нөхцөлийг хангасан байна. Учир нь тендерт оролцох компани тэрбумаас доошгүй төгрөгтэй байх гэсэн шаардлага байдаг аж. Тэгэхээр тендерт шалгарах нэг үзүүлэлтийг зориудаар бий болгосон нь тогтоогдсон. Үүнээс гадна “Говь повер” компани нь сүүлийн таван жилийн хугацаанд нэг тэрбум 800 мянган төгрөгөөс доошгүй хэмжээний ажил үйлчилгээг гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй. Харин ч үйл ажиллагааны орлого нь эсрэгээрээ алдагдалтай байхаар тайланг татварын байгууллагад гаргаж өгсөн байдаг. Үүнээс гадна гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг үзүүлэхийн тулд зайлшгүй гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн газрыг эзэмшиж байх ёстой ажээ. Үүнд ихээхэн учир бий.
Ерөнхий сайд нь, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал нь, ерөөсөө Засгийн газар нь тэр чигээрээ Тавантолгойн орд газрын нүүрсийг шууд хятад уруу экспортлоно гэсэн төлөвлөгөө гаргаж, бусад гэрээ хэлэлцээр нь явагдчихсан байхад яагаад Цагаан хаданд гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тухай тендер зарладаг билээ. Ийм л том луйвар хийж байсныг сөрөг хүчнийхэн илрүүлж тавьсан. Хэрвээ энэ тендерийн будилаан илрээгүй бол 17 тэрбум төгрөг Н.Алтанхуяг нарынх болох байлаа. Учир нь Н.Алтанхуяг сайд Тавантолгойн орд газрын нүүрсийг хятад уруу шууд экспортлоно хэмээн мэдэгдэж байсан ч нэг сар гаруйн дараа 17 тэрбум төгрөгийн тендерт дүүгийнхээ охиныг сойсон. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага ч мэдэж байсан. Гэтэл яагаад Цагаан хаданд дамжин өнгөрүүлэх гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг үзүүлэх тендер зарлав гэдэг өөрөө том асуудал. Магадгүй энэ нь эрх баригчдын ээлжит луйвар байсан гэхэд буруудахгүй л болов уу. Эсвэл Н.Алтанхуяг ах дүү амраг садантайгаа хувааж идэхээр төлөвлөсөн ч байхыг үгйүсгэхгүй. Түүнээс биш гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрөө нэг сар гаруйн өмнө хятад уруу шууд экспорт хийх боллоо хэмээн ярьж байснаа гэнэт Цагаан хадан дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг үзүүлэх тендер зарладаг билээ. Түүнчлэн энэхүү хууль бус тендер зарлаж авахдаа, өөрийн төрсөн дүүгийн охинд авч өгдөг билээ гээд олон асуудал бий.
URL: