Д.Зоригт сайдыг огцруулах бичгийг өнөөдөр дахин өргөн барина
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах бичгийг өргөн барих гэж байгаагаа УИХ-ын хэсэг гишүүн өнгөрсөн баасан гаригт Тамгын газартаа урьдчилсан байдлаар мэдэгджээ. УИХ-ын гишүүдийн зүгээс түүнийг огцруулах асуудлыг хоёр дахь удаагаа хөндөж байгаа нь энэ юм.
Өмнө нь Ц.Батбаяр, С.Эрдэнэ тэргүүтэй 15 гишүүн урт нэртэй хуулийн хэрэгжилтэд салбарын сайд санаа тавиагүй, стратегийн томоохон ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Д.Зоригтыг огцруулах хүсэлтээ УИХ-ын дарга Д. Дэмбэрэлд тавьсан.
Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт байдал сайжирсангүй. Урт нэртэй хуулийг нэг мөр болгох асуудал эцэслэгдээгүй, шинээр лиценз олгохыг түдгэлзүүлчихээд байхад салбарын сайд 600 гаруй зөвшөөрөл олгосон нь шүүмжлэл дагуулж байна.
Тиймээс өмнө нь огцруулах асуудал сөхөгдөхөд түүнд итгэл үзүүлж, залуу хүнд ажиллах боломж олгоё гэсэн байр, суурьнаас хандсан хүмүүс ч өнөөдөр түүний эсрэг кноп дарахад бэлэн болжээ.
Тэдний дотор МАН-ынхан зонхилж байгаа бол парламентад удсан буурьтай хашрууд ч эгнээнд нь нэгджээ. Зарим гишүүд энэ сарын эхээр гадаад, дотоодод хийх томилолтоо хойшлуулснаас үзэхэд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах асуудалд гишүүд идэвхтэй оролцохоор анхаарал хандуулж байна.
Ч.Үл-Олдох
URL: