С.Дэмбэрэл даргын суудалд хэн суух вэ?
Сүүлийн үед мэдээллийн хэрэгслүүдээр УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат Үндсэн хуулийн цэцэд өгсөн талаар шуугиж байна. Учир нь эрхэм гишүүн С.Дэмбэрэлийг УИХ гишүүн мөртөө давхар алба хашиж байгаа.
Хаших хашихдаа бүр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бизнесийн ашиг олдог, бизнесийн бүлэглэлүүдтэй хутгалдан лобби хийдэг, жил бүр шагнал гардуулахаас өөр дорвитой ажил хийдэггүй гэж байнга шүүмжлүүлдэг Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын даргаар өнөөг хүртэл ажиллаж байгаа нь хууль зөрчсөн асуудал, тиймээс энэ ажлаа өгөх ёстой хэмээн үзжээ. Та бидний мэдэж байгаагаар саяхан Үйлдвэрчний Эвлэлийн Ерөнхийлөгч С.Ганбаатар УИХ-ын гишүүн болсныхоо дараа яг энэ шалтгаанаар ажлаасаа бууж, хүндэт ерөнхийлөгч болж байсан.
Хууль бол хууль хойно хэдий гишүүд нь таатай байгаагүй ч нулимстай нүдээр үдсэн.Энэ дүр зураг удахгүй давтагдах болтой. Ер нь УИХ-ын гишүүн хүн бизнесийнхэнтэй холилдож хутгалдаж ойр дотно ажиллах нь хар ухаанаар бодсон ч аюултай. Лоббинд орохгүй, бизнес бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөө хууль журам болон бусад арга хэлбэрээр ажиллахгүй нөлөөлөхгүй байна гэдэгт итгэхэд бэрх. Энэхүү өргөдлийн талаар С.Дэмбэрэл гишүүнээс сэтгүүлчид асуухад хууль зөрчөөгүй, хуулиараа л шийдэгдэнэ дээ гэсэн хариу өгчээ. Тэгэхээр хууль ном журмаараа шийдэгдэх болоод С.Дэмбэрэл гишүүн ажлаа өгч, магадгүй хүндэт ерөнхийлөгч ч юм уу болохоор болчихвол МҮХАҮТанхим хэмээх басч гүй том газрыг хэн удирдаж түүний орыг залгах вэ гэдэг асуудал аль хэдийнэ яригдаад эхэлчихэж.
Олон хүмүүс залуу сийрэг толгойтой, гадаад дотоодод төгссөн, дэлхийн бизнесийн орчин нөхцлөөс авах хаях юмны багцаатай, өөрийн эрхэлж яваа бизнес үйл ажиллагаа нь тогтворжсон тийм орчин цагийн жинхэнэ бизнесмен жентельмэн залуу байгаасай гэж ярих юм. Үнэхээр ч Монголд бизнес эрхлэх боломж нөхцөл ямар билээ, дүрэм журам, татвар төлөөс нь яадаг билээ, шинээр бизнес эхлэхэд ямар хүнд байгааг ганц оймс ч болов зарж үзсэн хүн бүхэн дуу нэгтэй хэлдэг.
Уг нь энэ танхим тэдэнд туслаж дэмжиж, зөв бодлого нөхцлөөр нь хангахын төлөө ажиллах ёстой баймаар. Ямартаа ч МҮХАҮТанхимын даргын суудал ганхаж, дараагийн эзэндээ шилжих үе болсон бололтой. Харин хэн байх вэ гэдэг нь тун удахгүй тодорхой болох бизээ.
URL: